Categories
мэдээ цаг-үе

Чой Ин Сон: Ханиад томууг дутуу эмчлүүлбэл хожим нь үе мөчний өвчтэй болно

Үе мөчний өвчнөөр сүүлийн жилүүдэд өвдсөн хүний тоо эрс олширчээ. Энэ өвчний талаар “Миракл” эмнэлгийн эмч, доктор Чой Ин Сонтой ярилцлаа.


-Сүүлийн үед үе мөчний өвчлөл элбэг болсон байна. Үүний шалтгаан юу вэ?

-Үе мөч муудахад олон шалтгаан нөлөөлж байна. Хамгийн ихээр нөлөөлж байгаа зүйл нь хэт хүйтэн болон хуурайшилттай холбоотой юм. Агаар хуурай бол үе мөчний шингэн хатаж, хүйтэн агаар үе мөчид нөлөөлж өвдөлт өгдөг.

Тэд эрт үедээ эмчлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой. Харамсалтай нь зарим нь дандаа залуу явах юм шиг санаж өвчнөө тоохгүй явсаар хүндэрсэн үед нь эмнэлэгт ханддаг. Энэ үед эмчлэхэд цаг, болоод хөрөнгө мөнгө илүү шаардлагатай болно. Дэлхийн эмчилгээний жишигт ийм тохиолдлыг таван жилийн хугацаанд системтэйгээр эмчилдэг. Монголд үе мөчний өвчний үүсэх гол шалтгаан нь хоолойны өвчин болоод байна. Залуучууд хоолой өвдөхөд зөвхөн эм уух юм уу, шээсээрээ зайлаад өвчин нь намдахаар орхичихдог. Энэ хайнга үйлдэл нь хүнийг үе мөчний архаг өвчтэй болгох эрсдэлтэй.

-Үе мөчний өвчинг хэрхэн эмчлэх вэ?

Эхлээд өвчтөний үе мөчний үрэвслийн гол шалтгааныг олоод , зүү болон тан физик эмчилгээг зохих ёсоор хийнэ. Үе мөчний үрэвсэл нь халуунаас болж үрэвссэн бол халууныг буулгаж дарна. Харин хүйтнээс болсон бол зүү болон алтан гулдмайн эмчилгээгээр яс хоорондыг дулаацуулж цусны эргэлтийг сайжруулах эмчилгээг хийнэ. Хуурайшилтаас болсон тохиолдолдолд зүү болон тангийн тусламжтайгаар үений шингэнг хурдан нөхөн төлжүүлэх аргаар эмчилнэ. Нуруу сууж, хазайлт өгч суудлын мэдрэл дарагдаж хөл нь урт богино болсон тохиолдолд нуруу болон аарцгийг тэгшилж өгөхөд тусална.

-Гэрийн нөхцөлд үе мөчний өвчинг намдаах ямар боломж байдаг вэ?

-Өвдөж буй үе мөчиндөө мөсөөр жин тавих нь өвдөлт ,үрэвслийг намдаах сайн талтай. Мөн үе мөчийг тойрсон булчин татвал халуун жин тавьж зогсоох боломжтой. Гэхдээ үе мөчийг хэт удаан хөдөлгөөнгүй байлгах нь хөшөөж хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэж болох тул болгоомжтой хандах хэрэгтэй байдаг. Мөн үе мөчиндөө бага ачаалалтай дасгал хийх хэрэгтэй. Гэхдээ үе мөчөө хамгаалахын тулд хүч бага шаардсан алхах, дугуй унах гэх мэт энгийн дасгалууд сайн. Учир нь өндөр ачаалалтай доргилт , цохилттой дасгалууд таны үе мөчөө гэмтээх эрсдлийг нэмэгдүүлж аажимдаа үе мөчний мөгөөрсийг гэмтээх аюултай.

-Хүндэрсэн үе мөчний өвчнийг бүрэн эмчлэх боломжтой юу?

-Эхлээд тухайн хүний биеийн байдал, насны онцлог их нөлөөлнө. Дараа нь үйлчлүүлж буй эмнэлгийнхээ эмчилгээг таслалгүй явсан эсэх нь чухал байдаг. Мэдээж эмчлүүлсний дараа тодорхой хугацаанд эмчийн заавраар гам барих шаардлагатай л даа. Зөв системийн дагуу эмчлүүлээгүй, гам алдагдснаас шалтгаалж өвчин тодорхой хугацааны дараа дахих магадлал өндөртэй. Гэхдээ дахиад эмчилгээ шинээр эхлүүлсэн ч богино хугацаанд засарна.

-Уламжлалаар эмчлэхийн давуу тал онцлог юу вэ?

-Уламжлалт эмчилгээ нь эрчим хүч ашигладаг учраас үе мөчний үрэвслийг харьцангүй амархан эмчилдэг. Уламжлалт эмчилгээний хамгийн чухал зарчмын нэг нь эрчим хүч сайн нэвтэрвэл өвдөхгүй байх боломжтой. Зүү эмчилгээгээр үе мөчүүдэд эрчим хүч өгч, эрчим хүч сайн нэвтэрбэл өвдөлт багасч уламжлалтын тангаар яс хоорондын шингэнг хурдан нөхөн төлжүүлж физик эмчилгээгээр үе болон булчинг зөөллөж, биеийг хурдан тэгшилж өгснөөр үе мөчний архаг үрэвсэлтэй хүнийг ч эмчилдэг.

-Яаж урьдчилан сэргийлэх вэ?

– Санасныг бодвол олон хүмүүс энгийн дасгалыг ч хийдэггүй. Ялангуяа нас ахих тусам хөдөлгөөн багасч байдаг Хамгийн сайн арга бол өдөрт 10 минутын турш хөнгөн дасгал хийж үе мөчөө зөөлнөөр суллаж өгөх юм. Мөн эрт оношлуулах нь чухал бөгөөд хувь хүн биедээ гарч буй өөрчлөлтийг гярхай анзаарч тухай бүрт нь эмнэлэгт хандах нь чухал. Үе мөчний өвчний эхлэл нь ханиад томуу, хоолойны өвчин болдог. Хүйтэн ус, ундаа тогтмол ууж, доороосоо даарснаас болж үүсдэг өвчин. Энэ нь яваандаа үе мөч, зүрхэнд нөлөөлдөг сөрөг үр дагавартай. Иймээс доороосоо дулаан хувцаслаж, ханиад томууг гүйцэд эмчилж байх нь чухал.

-Хүүхдийн хөлд оруулагч үе мөчний өвчлөлтэй болоход нөлөөлдөг гэсэн яриа байдаг. энэ үнэн үү ?

-Хүүхэд анх зогсох үед яс нь эмзэг байдаг учир шууд босож алхах дадлага хийвэл бага зэрэг яс нь хазайлт өгж майжиг хөлтэй болох магадлал өндөр. Энэ нь үе мөчний ачааллыг нэмдэг . Харин хөлд оруулагчыг ашиглаж алхах болон зогсох дадлыг хэвшүүлснээр яс нь бат бэх болсны дараагаар өөрөө алхаж явбал илүү сайн. Өөрөөр хэлбэл хүүхдэд хөлд оруулагч хэрэглэх нь зүйтэй.

О.ДАШНЯМ

Гэрэл зугийг Г.БАЗАРРАГЧАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *