Categories
мэдээ улс-төр

П.Баярхүү: Гэр хорооллыг орчин цагийн хотын соёл, хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчин болгон хөгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгийн илтгэл:

Эрхэм хүндэт ноёд, хатагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Нийслэл хот өнөөдөр Монгол Улсын хүн ам, эдийн засгийн дийлэнх хэсгийг нуруун дээрээ үүрч яваагийн хувьд дэлхийн бусад хотуудад тулгардаг бэрхшээлүүдтэй ч мөн бид тулгарч байна. Эдгээр бэрхшээл бүрийг улс орон бүр өөрийн онцлог, давуу тал, ололт амжилтаа ашиглан хамтдаа эв нэгдэлтэй байж хөдөлмөрлөсний дүнд асуудлаа шийдвэрлэсэн олон жишээг бид мэдэх билээ.

Өнөөдрийн хөрөнгө оруулалтын форум ч мөн адил хамтдаа шийдэл дэвшил хайсан, ажил хэрэгч, бүтээлч, шинийг эрэлхийлсэн байна гэдэгт эргэлзэхгүй байна. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг дунд болон урт хугацаанд бууруулах үндсэн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцээр хангах явдал юм.

”ДЭД БҮТЦИЙН ТӨВ”

Бид гэр хорооллын бүсийг төвийн, дундын, захын гэсэн 3 бүсэд хувааж хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Төвийн бүсийн гэр хороолол нь 2501.3 га буюу нийт гэр хорооллын газар нутгийн 23.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өндөр болон дунд давхрын орон сууц, бизнес үйлчилгээний төв байхаар төлөвлөгдсөн. Гэр хорооллын төвийн бүсийг төвийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөсөн.

Дундын бүсийн гэр хороолол нь 2720 га буюу нийт гэр хорооллын газар нутгийн 28.8 хувийг эзэлж байгаа бөгөөд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн шугам сүлжээнд холбоно.

Дундын бүсийн нэг онцлог бол хүн амын болон газар нутгийн нягтаршил өндөр, агаарын бохирдлын 60 хүртэл хувийг үүсгэж байгаа онцгой бүс юм.

Бид “Гэр хорооллын иргэдийн хүсэлт, санаачлаганд тулгуурлан амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийг холбон ашиглалтын зөв дадлыг төлөвшүүлэх замаар гэр хорооллын нутаг дэвсгэрийг орчин цагийн хотын соёл, хэрэгцээ шаардлагад нийцсэн уламжлалт өнгө төрхийг хадгалсан, эрүүл аюулгүй, тохилог орчин болгон хөгжүүлэх”-ийг төслийн зорилгоо болгож байна.

Судалгаагаар гэр хорооллын иргэдийн 80 гаруй хувь нь амьдрах орчин нөхцлөө сайжруулж, тухайн газар нутагтаа үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Дэд бүтцийн төвийн төслийг та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулъя.

“Дэд бүтцийн төв” нь хүчин чадлын хувьд 200-300 өрхийг хангах боломжтой ба зоорийн давхартайгаа нийлээд 3 давхар байхаар төлөвлөөд байна. Зоорины давхарт усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, цахилгаан, холбоо дохиолол хангамжийн тоног төхөөрөмжүүдээ байрлуулах ба 1 дүгээр давхарт дэд бүтцийн төвийн ашиглалтын захиргаа байрлаж иргэдийн инженерийн шугам сүлжээний тооцоо хураамж, засвар үйлчилгээг хариуцан ажиллана. 1-2 дугаар давхарт жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр 15-20 ажлын байр бий болгон орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчин бий болгон хөгжүүлэх юм.

Гэр хорооллын иргэдийн хэрэглээний нэг жилийн зардал 1,210,000 төгрөг зарцуулж байгаа нь сард 60-130,000 төгрөг зарцуулж байна гэсэн тооцоо гарч байгаа бол орон сууцны иргэдийн нэг жилийн хэрэглээний зардал 910,050 орчим төгрөг болж байгаа нь сард 85-95,000 төгрөг зарцуулж байна. Амьдрах нөхцөл хэдийгээр доор боловч орон сууцанд амьдардаг иргэдээс илүү зардалтай байгааг харуулж байна.

Энэ ялгааг арилгах, гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг хамгийн оновчтой хүртээх, өнөөдрийн гэр хорооллыг ирээдүйд амины орон сууцны хороолол болгох, эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх эхлэл нь “Дэд бүтцийн төв” байх болно.

“Дэд бүтцийн төв”-д холбогдсоноор иргэд ойролцоогоор 1 157 562 төгрөгийг инженерийн шугам сүлжээ ашигласныхаа нэг жилийн хэрэглээнд зарцуулахаар байгаа нь өнөөдөр төлж байгаагаасаа буурч төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон төвийн бүсийн үнэ тарифтай ойролцоо байгаа нь гэр хорооллын иргэдэд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр инженерийн дэд бүтцийн хангамжтай болох таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм.

“Дэд бүтцийн төв”-ийн дулаан хангамжийн эх үүсвэр нь төвийн шугам сүлжээнд холбох, хатуу түлшний зуух, цахилгаан зуух, хийн түлшний зуух, газрын гүний дулаан,

Цахилгаан хангамжийн эх үүсвэр нь төвийн шугам сүлжээнд холбох, бие даасан /сэргээгдэх эрчим хүч бүхий/,

Цэвэр усан хангамжийн эх үүсвэр нь төвийн шугам сүлжээнд холбох

Ариутгах татуургын хангамжийн эх үүсвэр нь төвийн шугамд холбогдох, бие даасан тус тус байж болох ба сонгож буй технологиосоо хамаарч дотроо дахин 3-аас 30 хүртэл дэд хувилбаруудтай байна.

Дээрх технологийн сонголтыг тухайн газар нутгийн байршил, газар зүйн онцлогоос хамаарч аль нэг хувилбарыг сонгож хэрэгжүүлнэ.

Мөн энэхүү төслийн нэг онцлог нь иргэд “Газар дахин зохион байгуулах” үйл ажиллагаанд хамрагдана. Энэ нь иргэд өөрийн өмчлөлийн газраас автозам, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргана.

Төслийн хүрээнд гарах зардлыг иргэд болон улс, нийслэл гэж хувааж үзвэл улс, нийслэл зөвхөн дэд бүтцийн төв, түүний гол болон салбар шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлыг хариуцах бол иргэд амины орон сууцаа дулаалах, сантехникийн тоноглол суулгах, амины орон сууцаа шинэчлэн барих, хашаа болон түүн доторх тохижилтын ажлуудаа тус тус өөрсдөө хариуцах юм.

Уг төслийг бид 2018 онд 3 байршилд цаашлаад 2019 онд 47 байршилд, 2020 онд 50 байршилд нийт 100 байршилд барьж байгуулснаар 20 000-30 000 өрхийн амьдрах нөхцөл сайжирч агаарын бохирдол 20 хүртэл хувиар буурна.

Эхний 3 байршлын дэд бүтцийн төвийн барилга угсралтын ажлыг 4 дүгээр сараас эхлүүлж 11 сард дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл үе шатны ажлууд хийгдэж байна.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолоор “Дэд бүтцийн төв”-ийн эхний 50 байршлыг баталж, БНХАУ-ын 2 тэрбум юаний буцалтгүй тусламжаар хэрэгжих төсөл арга хэмжээний жагсаалтад оруулсан.

Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн хамгийн их агаар, хөрсний бохирдолтой хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрийн 232 нэгж талбарыг хамарсан 12,12 га газарт барьж байгуулах “Дэд бүтцийн төв” төсөл нь хамгийн эхний загвар төслүүдийн нэг болох юм.

Мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд 181 нэгж талбарыг хамарсан 15,8 га-д “Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулахаар ажлын зураг төслийг хийж бэлэн болгоод байна.

200-300 айл өрхийг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах ажлыг хийж гүйцэтгэхэд төр, хувийн хэвшил, иргэд нягт хамтран ажиллах шаардлагатай. Иргэд дараах оролцоотой байна.

  • Гэр хорооллын нутаг дэвсгэрт амьдарч буй 200-300 иргэд нэгдэн нийлж иргэдийн бүлэг үүсгэх
  • Өөрсдийн өмчлөлийн газар, нутаг дэвсгэрийг хэрхэн хөгжүүлэх, зохион байгуулах, төлөвлөх, төслийг боловсруулахад идэвхтэй оролцох
  • Иргэд газраараа дахин зохион байгуулалтад орох, худалдах, нийтийн эзэмшилд хэсэгчлэн хандивлах болон төлбөрийн чадваргүй иргэдийн газрыг зохион байгуулах, төлөвлөхөд төр, аж ахуй нэгжтэй хамтран ажиллах
  • Амины орон сууцаа дулаалах, сайжруулах, шинээр барьж байгуулах
  • Нийслэлтэй хамтран дэд бүтцийн төвийн ашиглалт хариуцах зэрэг болно

Төр дараах оролцоотой байна.

  • “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын болон зохицуулалтын баримт бичиг, дүрэм журмуудыг боловсруулан төслийн тогтвортой хөгжлийг хангах
  • Төслийн хүрээнд тухайн бүс нутаг, амины орон сууцанд тавигдах стандарт, шаардлага, норм дүрмийг боловсруулан батлах
  • Төсөлд оролцох хүсэлтэй иргэд, иргэдийн бүлгүүдийг төсөлд хамрагдах боломж нөхцөлөөр хангах, тэдэнтэй нягт уялдаа холбоотой ажиллах
  • Дэд бүтцийн төвийг гол шугам сүлжээ, авто зам, тохижилтын хамт барьж байгуулна.
  • Амины орон сууцны болон нийтийн байрны 7 хувийн хүүтэй 25 хувийн урьдчилгаа төлбөр бүхий ипотекийн зээлэнд хамруулна.

Аж ахуй нэгж байгууллагууд дараах оролцоотой байна.

  • Иргэдийн байрыг дулаалах, салбар шугам сүлжээ татах, амины орон сууцыг шинээр барих, хашааны тохижилт, иргэд нийлж нийтийн орон сууц барих бол тэдгээрийг гүйцэтгэх ажлыг иргэдийн бүлэг болон банк санхүүгийн байгууллагатай хамтран гэрээний үндсэн дээр гүйцэтгэх
  • Иргэдийн дулаалга болон салбар шугам сүлжээ татах, сантехникийн тоноглолын ажилд зориулж “Ногоон зээл” олгох, санхүүжүүлэх

“Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлснээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдэж, агаарын бохирдол 20 хүртэл хувиар бууруулах, 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 439,200 м3 хөрсийг нөхөн сэргээх, Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулж, гэмт хэргийн гаралт 20-30 хувиар буурч, гэр хорооллын айл өрхүүдийн өмчлөлийн газрын үнэлгээ өсөж эдийн засгийн эргэлтэд орж гэр хорооллын иргэдийн бизнес эрхлэх хөрөнгийн эх үүсвэр болох, иргэдийн амьдрах орчин сайжрах зэрэг олон талт үр дүнд хүргэх юм.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *