Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АНУ руу ажиллах хүч илгээх зам нээгдлээ

Д.Трампын засаг захиргаа монголчуудад ажиллах хүчний виз олгох шийдвэр гаргасан байна. АНУ-ын Дотоод хэргийн департмент энэхүү “H-2A”, “H-2B” ангиллын визээр нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтыг шинэчлэхдээ Монгол Улсыг багтаажээ. Ингэснээр манай иргэд АНУ-д хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт богино хугацаатай ажиллах боломж нээгдэж байгаа юм. Тухайлбал, “H-2A” виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүч авах зориулалттай. “H-2B” виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлуудыг санал болгодог байна. Өөрөөр хэлбэл, виз мэдүүлэгчээс нарийн мэргэжил шаардахгүй гэсэн үг. Манай улсын хувьдАНУ-ын Засгийн газарт энэхүү визний ангилалдаа багтаах хүсэлтийг хэдэн жилийн өмнөөс тавиад байсан билээ. Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд ийнхүү бидний асуудал нааштайгаар шийдэгдэж байна.

АНУ энэ удаад “H-2A” виз авах эрхтэй 82 орныг зарласан бол “H-2B” визнийхээ ангилалд 81 орныг нэрлэжээ. Уг жагсаалт 2018 оны нэгдүгээр сарын 18-наас эхлэн бүтэн жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Тэгэхээр энэ хугацаанд монголчууд АНУ-д түр хугацаагаар улирлын чанартай ажлуудыг хийх боломжтой. “H-2А”, “H-2B” ангиллын визний онцлог нь тус улсад дээд тал нь нэг жилийн хугацаанд ажиллахыг зөвшөөрдөг гэнэ. Тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг америкийн компаниуд гаднаас ажиллах хүч авах шаардлагатай болбол Засгийн газартаа ханддаг байна. Ингэхдээ ямар ажлын байран дээр хэдий насны хичнээн хүн авах сонирхолтой байгаагаа санал болгодог аж. Мэдээж хөдөлмөрийн насны залуучууд руу чиглэх нь ойлгомжтой. Харин нас, хүйсний хувьд ажлын байрны онцлогоос хамаарсан шалгуур тавигддаг байна. Өнгөрсөн онд гэхэд АНУ “H-2B” ангиллын виз буюу хөдөө аж ахуйн бус салбарт 65 мянга орчим гадаадын иргэнийг авч ажиллуулжээ.

Манай улсын хувьд АНУ-д хичнээн хүн ажиллуулах нь одоогоор албан ёсны болоогүй байгаа. Тиймээс энэ төрлийн виз хүсэгчдийн материалыг хүлээж авч эхлээгүй. Юун түрүүнд хоёр улсын Гадаад харилцааны яам бодлогын асуудлуудаа тогтох ёстой. Харин хэрэгжилтийг нь чиг үүргийнхээ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллах учиртай. Тиймээс АНУ руу богино хугацаатайгаар ажиллана гэдэг бол хоёр улсын засгийн газар хоорондын хөдөлмөрийн гэрээгээр явахыг хэлнэ. Америкийн компани тухайн улсын иргэнийг АНУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна, ийм, ийм нөхцөлөөр хангана гэсэн баталгаагаа Хөдөлмөрийн яамандаа гаргаснаар ерөнхийдөө зөвшөөрөл нь олгогддог байна. Үндсэндээ хөдөлмөрийн мөлжлөгөөс зайлсхийж байгаа асуудал юм. Тодруулбал, гадаадын ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч америкийн компани нь Хөдөлмөрийн яамандаа баталгаа гаргаж байгаа хэрэг.

Сонирхуулахад, АНУ “H-2A”, “H-2B” ангиллын визийг хоёуланг нь хүсэх эрхтэй орны тоонд анх удаа Монгол Улсыг багтаажээ. Харин иргэд нь зөрчил их гаргаж, гэмт хэрэг үйлддэг Хайти, Белиз, Самоа улсуудыг жагсаалтаас хассан аж. Өмнө Монгол Улс “risk of non-compliance” буюу бодлогын хувьд нийцэмжгүй орнуудын ангилалд ордог байсан юм. Дотоод хэргийн департментын мэдээлэлд “Монгол Улсын Засгийн газар визний зөрчилтэй иргэдээ хүлээж авахад АНУ-тай хамтран ажилласан нь үр дүн сайтай байгаа” гэж тодотгожээ. АНУ-д аялж байгаа болон оршиж сууж буй монгол иргэдийн визний зөрчил гаргах явдал харьцангуй багассан нь тус улсыг зорих дараа, дараагийнхаа хүмүүст том боломжийг ийнхүү авчирч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *