Categories
мэдээ цаг-үе

Төр бий болж байна уу гэж харахаар…

1000 машины зогсоолыг албадан нүүлгэж байгаа нь

Монголын төр их сул дорой явж ирлээ. Заримдаа ч бүр яана аа гэмээр. Захын нэг согтуу авгай төрийн цагдааг заамдаад зогсохыг харах, эрүүл ухаантай нь мэдэгдэхгүй нэгэн төрөө тэр олон хүмүүс өлсөөгүй, өвдөөгүй, үймээн самууны хөлд нэрвэгдээгүй, ажилтай, орлоготой байгаа. Ийм хүмүүс онцгойлон нийгмийн сүлжээнд төрөө дээд зэргээр зүхэн амьдарч байна. Үнэхээр ард дорой харагдуулж байгаа юм.

Гэхдээ Монголын төр уурлаж, хүчээ харуулдаггүй тийм газар ч бас биш. Өмнө нь нэг сүртэй уурласан. Тэгж уурлахдаа жигтэйхэн хүмүүн ард нь ямар хүчин байгааг ойлгох аргагүй байдал дунд Монголын төрийг тарамдуулж байна. Эдгээр бүлэглэлүүд төр засгийн толгойд юу дуртайгаа хийдэг. Төсвийн хөрөнгийг өөр өөрсдийн нөлөөний газрууд руу хувааж авдаг. Тэгэхгүй бол тээг тавьсан хэнийг ч байсан юу ч биш болгодог. Ийм нэг ханлигуудад хуваагдах шахсан Монголын төрд нийгэм нь өөрөө дургүйцэж эхэлдэг юм байна. Тэгээд юу хүсдэг вэ гэхээр төрийг хүчтэй байхыг хүсдэг. Ийм цаг үед төрийн хийх ажлын дээд, доод хязгаарыг тогтоож дархлааг нь бий болгох ёстой юм. Сул дорой төрөөсөө ард түмэн залхаад хүчтэй удирдагч нэрийн дор дарангуйлагчийг хүсч эхлэх боллоо. Манайд диктатур, чанга дуутай нэгэн хэрэгтэй байна хэмээн ярих хэсэг бий. Сул төртэй байх нийгмийн бүх харилцаа хуулиар зохицуулагдах тухай л яриа байх ёстой. Энэ нь түрүүнд хэлсэн төрийн ажлын дээд доод хязгаарын хооронд явагдаж байх ёстой. Энэ бол зарчим.
Саяхнаас харин энэ улсад чинь төр ажиллаж байна уу гэж харагдахаар үйл явдал нийгэмд өрнөлөө. Жишээ нь, Төмөр замын вокзалын баруун талын 1000 машины зогсоолыг төр албадан нүүлгэн шилжүүллээ. Тэнд үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг хөөж тараасангүй. Зүгээр л 22-ын товчооны тэнд бэлэн болгож үйл ажиллагааг нь эхлүүлсэн авто цогцолбор руу шилжүүлсэн хэрэг. Уг нь бол төрөөс цагдаа хөдөлгөх шаардлагагүй тийм л процесс байсан. Гэвч төмөр замын мэдлийн тэр газарт хэн гээч том нөхөр ард нь байдаг юм мэдэхгүй, нэг компани эзэн сууж, мөнгө хурааж, хөдөлгөж нүүлгэх гэхээр төр захиргааны байгууллагын юм уу, шүүхийн аль нэг шатны жижиг эрх ашиг үйлчлэн, гурван жилийн нүүр үзчихээд байсан юм. Шулуухан хэлэхэд Монголын төр тэр жаахан газрын, тэр жаахан эзний өмнө хүчгүйдэж, өөрсдийгөө доош нь хийн, ард түмэнд муухай харагдаад, элэг доог болоод байсан юм. Гэтэл харин сая төр хүчтэйгээ харуулж, төрийн хуулийн өмнө хэн ч хүчин мөхөсддөгийг үзүүлсэн үйл явдал боллоо. Бүх шатны шүүхийн шийдвэр гарч төрийн зүгээс албадан нүүлгэлт хийлээ. Шүүхийн шийдвэр ч ард түмний талд, төрийн засгийн энэ хүчлэн нүүлгэлт ч ард түмний сэтгэлд нийцлээ. Эндээс харахаар өнөөдрийн төр засаг хууль ёсны бяр чадлаа үзүүлж эхэллээ хэмээн олон түмэн хүндэтгэн хүлээж авав.
Дээр нь сая Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэр нь 100 хувь төрийн мэдэлд гэсэн шийдвэр гаргасан нь ард түмэнд төр ажиллаж байгаа юм байна гэдгийг бас харагдуулах шиг болох юм. Энд гэхдээ маапаан бий. Шүүхээр нэгэнт эцэслэгдээгүй байгаа асуудал. Гэхдээ төрийнхний яриад байгаа шиг төрийн мөнгөөр буюу ард түмний татвараар Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэдэг нь батлагдвал төрийн шийдвэрийг зөв гэхээс өөр аргагүй юм. Иймэрхүү ээдрээ гогцоо энэ асуудал дээр байгаа хэдүй ч төр авахаа авч, мэдэхээ мэднэ гэсэн бааварлал төрийг өөрийг нь оршин байгааг харуулж, өмнөх шигээ хүлцэнгүй дорой байдаг цаг өнгөрсөн шүү гэдгийг нийгэмд тунхаглах шиг боллоо.
Одоо төрөөс ард түмэн юуг хүлээж байна гэхээр ядаж Таван толгойгоо бүх чадлаар нь хөдөлгөж, төмөр замаа тавихыг хүсч байна. Бүлэглэлүүдийн зодооноос болж 8 жил таг зогсоод байгаа үйлийн лайтай төмөр замын ажил бол их үйлсийн эхлэл юм. Төмөр замыг өнөөдрийн төр явуулах цаг болсон. Өнөөдрийн төрийн үйл ажиллагааны эхлэлийг харахад басчиг төрийн төмөр нүүрийг харуулах юман дээрээ харуулчихаж мэдэхээр байна. Монголд гай барцад дуудсаар буй бүлэглэлүүдийн зодоон одоо дуусах цаг нь болсон. Энэ өдрөөс хойш эдгээр бүлэглэлийн зодоон оршин байсаар байна гэвэл өөрсдөө сөнөөд зогсохгүй Монгол эх орноо сөнөөх болно. Үүнийг хаа хаанаа ухааран хүлцэх цаг болсныг эрх биш ойлгоцгоож байгаа байх. Үүн дээр л төр төмөр нүүрээ харуул. Хуулийн хүрээнд төрийн нүүр царайг харуул. Эх орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын төлөө энэ мэтхэнийг хийж чадахгүй юм бол төр гэж байгаад яах юм. Төрөө дорд үзсэн, өөдөөс нь салаавч үзүүлсэн нийгмийн давалгаа үргэлжилсээр байх болно. Үүнд цэг тавь, Монголын төр. Төр нь төр шиг ажиллаж, төрийн цээрлэлийг хүртээх ёстойд нь хүртээ. Иргэддээ, аж ахуй нэгждээ эрх тэгш боломжийг олго. Хуулийн хүрээнд дарамт шахалтгүй ажиллаж хөдөлмөрлөхийг ард түмэн хүсч байна. Энэ бол эрүүл, нөлөөтэй, хүчирхэг төрийн шинж юм.
Нийгэмд харагдаж буй ойрын өдрүүдийн зарим нэг үйл явдлуудыг харахаар төр бий болж байна уу гэж харагдахаар байгаа юм. Тийм болохоор ихэд олзуурхаж, улам л хүчээ харуулсан төр байгаасай хэмээн хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *