Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудал шуугиан болж байна. Энэ тухай эрхэм гишүүн огт ам нээгээгүй байгаа билээ. Түүнийг тойрогтоо ажиллаад дөнгөж хотод ирээд байхад нь уулзаж хэл ам болоод буй асуудлын талаар хариулт авлаа.
-Таныг тойрогтоо ажиллаж байх хооронд нэгэн эмэгтэйтэй урьд нь холбогдож байсан гэх асуудал шуугиан боллоо. Та Б.Бахытгүл гэж тэр эмэгтэйг танина биз дээ?
-Танина.
-Сайн таних уу?
-Та ямар утгаар нь асууж байгаа юм болдоо. Олон нийтийн сүлжээнд бичээд байгаа шиг ойр дотно гэвэл ондоо асуудал. Ер нь бол нэг нутаг усны, хамт ажиллаж байсан гэдэг утгаараа бол танилгүй яахав. Үүнийг Баян-Өлгийнхөн маань мэднэ.
-Тэр эмэгтэй таны талаар маш таагүй мэдээллийг нийгэмд тарааж байна. Та харсан байх. Бахытгүлтэй анх яаж танилцсан, ямар харилцаатай байсныг чинь хүмүүс таны амнаас сонсохыг хүсч байна л даа?
-Анх Улаанбаатараас Баян-Өлгийд очсныг нь санаж байна. Аав нь миний удирдаж байсан компанийн цементийн цехэд ажиллаж байсан. Англи хэл гадарладаг эмэгтэй байсан болохоор компанийн англи хэлний орчуулгын ажил дээр туслалцаа авч ажиллуулж байсан л даа.
-Та хоёр ямар харилцаатай байсан юм бэ. Танаас тусламж авч байсан уу?
-Түүнийг өнөөдөр өөрийн биеэр ил гарч ирээд ярилцлага өгснийг нь харсан хүн байгаа юм уу. Дунд нь яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Миний бодож байгаагаар тэр эмэгтэй арай ч тийм хэцүү юм ярихаар хүн биш шүү дээ. Хотоос нутагтаа амьдрах гэж очсон түүнд аятай тохьтой ажиллаж амьдрах орчноос нь эхлээд би чадлынхаа хэрээр тусалж дэмжиж ирсэн. Би чинь бусдадаа дэмтэй тустай явахыг боддог хүн. Жишээ нь би сонгогдсоноосоо хойш хувиасаа 180-аад сая төгрөгийг нутгийнхаа өвчин зовлонтой, нийгмийн асуудал нь хүнд хүмүүст зориулчихаад сууж байна. Үүнийг нутгийнхан маань мэднэ. Юу нь болохоо байчихаад ийм хачин яриа гараад эхэлснийг гайхаж байна. Хүн чанараа бодвол, нутгийн олон түмнээ бодвол яавч тийм муухай юм яримааргүй юмаа. Хамгийн гол нь тэр эмэгтэй яг өөрөө сууж байгаад ярьсан тийм дүрс, яриа цаагуур чинь харагдана уу?
-Телевизийн өмнө суугаад ярьж байгааг нь харсан хүн ч алга л даа.
-Харин тийм. Ямар муухай, хүн үнэмшмээргүй мэдээнүүд явж байна вэ. Намайг мэдэх хүмүүс цөөнгүй бий. Би чинь их тайван амгалан, элдэв муу үггүй, мөрөөрөө байхыг боддог хүн.
-Гэхдээ л таныг “16-18 насны монгол охид захаас аваад байна” гэх утгатай мессеж бичсэн гэж тэр эмэгтэй ярьсан байна лээ?
-Ээ… яаж тийм юм байхын бэ /толгой сэгсрэв/. Намайг Их хурлын гишүүн болсны дараа тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичсэн. Ах нь үнэнийг чамд хэлье. Тэр эмэгтэйн үзүүлээд байгаа, миний бичсэн гээд байгаа тэр мессеж дотор казах хэлээр бичсэн тийм муухай үг огт байхгүй. Үүнийг казах хэл мэддэг хүн бүхэн мэдэж байгаа. Ойлгогдож байгаа ганц үг нь “Чи ямар 18 настай биш дээ…” гэж сургамжилсан үг бий. Энэ мессежийг л наад айхавтар үг чинь болгож, буруу орчуулж мушгисан байна. Казах хэл мэддэг хүмүүс бол зөвөөр нь ойлгоод уншчихсан байна лээ. Мэдэхгүй хүмүүс нь буруу ойлгоод их муухай болчихож. Энэ бүх мессежийг би цагдаад өгч байгаа. Удахгүй үнэн учир нь олдоно. Би ерэн оны эхэн үеэс л бизнес эрхэлж, жирийн ард түмнийхээ дунд ажил амьдралаа эхэлсэн хүн. Надад тийм догшин ширүүн авир байхгүй. Би чинь ёс суртахуунтай хүн шүү дээ. Хэнтэй юу ярихаа мэдэлгүй яахав. Юун жаахан монгол охин… хэлэх ч үг олдохгүй юм.
-Тань руу элдэв мессеж бичиж эхэлсэн нь хэзээнээс юм бэ?
-Намайг Их хурлын гишүүн болонгуут “Ажилд оруулж өг, энэ тэр тусламж үзүүл” гээд мессеж бичих болсон. Би яаж тийм их тус хүргэж чадах вэ дээ. Эхлээд учирлаж байснаа болохгүй болохоор нь жаахан уурлаж эхэлсний хариу нь өнөөдрийн асуудал юм байлгүй дээ. Их хурлын гишүүн болсон хүн бүр ийм байдалд ордог, гүтгүүлдэг бол Монголын төр гэдгийн чинь үнэ цэн, нэр хүнд юу болж хувирах бол. Би үнэндээ өөрөө гэхээсээ илүү олон түмнийхээ итгэлийг авч суусан монгол төрийн нэр төрд сэв суучих вий гэхээс нойр ч хүрэхгүй байна.
-Таны тэр зурагнууд байна?
-Миний нас хэд билээ. Ямар эрүүл ухаантай хүн тийм зураг явуулах вэ дээ. Энэ зурагнууд бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг. Наад зурагнуудыг чинь, ер нь энэ бүх асуудлыг би цагдаагаар шалгуулж байгаа. Би бас л үнэнийг хэлье. Би нэлээн хүнд хагалгаанд орж эмнэлэгт удаан хэвтсэн. Наркозноос гарсан байх үед ар гэр, ах дүүс, найз нөхөд олон л хүн эмнэлгээр ирж, орж гарч, сэтгэл санааг маань өөд нь татаж байсанд би их баяртай байсан. Түүний хүчинд бие маань хурдан эдгэрсэн. Наркозноос дөнгөж гарч байх үед хэн нь миний дэргэд зураг дараад намайг сэргээх гэж хөл болоод байсныг би сайн санахгүй юм. Ирж байгаа хүн бүхэнд баярласан хүн л байгаад байснаас ингэж зураг дараад, түүнийг засч янзлаад сүйд хийчих нь гэж яаж бодох вэ. Миний ажлаас халагдсан туслах байдаг юм. Түүний талаар заримдаа бодох юм. Би гэр рүүгээ явуулахын тулд бие гайгүй болсон хойно өөрөө дарсан зураг ч бий. Хүмүүс минь би муухай харагдаж байж болно, гэхдээ та бүхэн өөр дээрээ ийм явдал тохиолдвол гэж нэг бодож үзээч. Нийгэм маань ямар ч байгаа байж болно, ганцхан хүний зовлонгоор тоглож болохгүй. Тэр зурагнуудын цөөнгүй нь миний эмнэлгийн орчны зурагнууд байна лээ. Миний зовлонгоор жаргал хийж болохгүй, хэнд ч хэзээ ч тохиолдож болох тийм л муухай зүйл өнөөдөр болж байна.
–Бас тэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой асуудал байна?
-Наадах чинь бол огт боломжгүй, худлаа асуудал. Олон хүн гэрчилнэ. Казахстанд Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлах үед Пүрэвдорж гишүүн бидний олон хүн өндөр хамгаалттай зочид буудалд, өдөр шөнөгүй уулзалт хуралтай байсан. Казахстанд байдаг ганц хоёр хамаатнууд, өндөр настай хүмүүстэйгээ ч уулзаж чадалгүй ирсэн. Яах гэж тийм зохиол ярьдаг байна аа. Ер нь энэ бүх асуудал цагдаад өнөөдөр ид шалгагдаж байгаа, удахгүй бүх үнэн ил тод болно. Тэр хүртэл би тэвчээртэй харж байна. Монголчуудын нэг үг бий, “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоордог” гэж. Тэр үг л бодогдоод байна. Хамгийн гол нь Баян-Өлгийнхөн маань намайг дэндүү сайн мэднэ, өнөө эмэгтэйг бүр сайн мэднэ.Жишээ нь аймаг орон нутгаас маань нэг ч хүн над руу сөрөг мессеж бичихгүй байгаа. Хуулиар үнэн олдтол тэвчээд л сууж байхаас.
-Б.Бахытгүл гэж тэр эмэгтэйтэй сүүлд хэзээ уулзсан бэ?
-Оны өмнөхөн цагдаа дээр уулзсан. Ер нь бол сая л шуугиан болоод байгаагаас бус сүүлийн хэдэн сар намайг элдвээр хэлж бичсэн эмэгтэй. Харсан хүмүүс олон л байгаа байх. Тэр эмэгтэйн авир ааш нэг л хэтрээд байх шиг болохоор нь нэр төрд маань халдаж байна гэж үзээд би хуулийн байгууллагад албан ёсоор хандсан юм. Бид хоёрыг цагдаагаас албан ёсоор дуудаж хоёр талаас уулзсан. Тэр үед тэр эмэгтэй ихэд сандарч, тэгсэн ингэсэн, тэгэхгүй ингэхгүй гээд гарын үсгээ зурж өгсөн бичгүүд нь одоо мөрдөн байцаагч дээр байгаа. Хуулийнхан үнэнийг хурдан тогтоохын төлөө ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хуулиар тогтоосны дараа би үнэн бодит явдлыг ний нуугүй, ийм юм болсон юмаа гээд сайн хэлж ярина. Тэр эмэгтэй ч гэсэн, би ч гэсэн, ер нь над руу дайрч доромжилж байгаа хүмүүс бүгдээрээ бид Монгол Улсын хуулийн дор л амьдарч байгаа. Хуулиар батлагдаж, нотлогдоогүй бүгдэд нухацтай хандаарай. Би ийм л бодолтой явж байна.
П.ЧУЛУУН