Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Татвар нэмж, бизнес эрхлэгчдийг багалзуурдчихлаа

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Энэ олон төрлийн татвар нэмэгдсэнээр ямар сөрөг үр дагавар бий болох вэ?

-Засгийн газар ажлаа авсан цагаасаа л эдийн засгаа эрүүлжүүлэхийн эсрэг бодлого гаргаад байна. Бизнесийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдээ хамгаалах, иргэдийн орлого, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх талаар нийгэмд амь оруулах арга хэмжээ авах ёстой. Тэгэхээр одоо татвар нэмээд бизнес эрхлэгчдийг багалзуурдчихлаа. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурч байна. Бизнес хумигдахаар цалин, орлого, ажлын байр буурахад шууд нөлөөлж эхэлсэн. Нөгөө талд олон компани үүд хаалгаа барьж, татвар төлөгчдийн тоо цөөрнө гэсэн үг. Өнөөдөр татвар нэмэгдэхээр амиа тээж яваа компаниуд давхар баланстай, давхар цалинтай болно. Далд эдийн засаг жинхэнэ гаарч, аюултай үзэгдэл рүүгээ орж байна. Мөн банкны ипотекийн зээл явахгүй. Өрийн дарамт хортой үр дагавартай болж ирлээ. Компаниуд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсноор нийгэмд ямар ч сөрөг үр дагаврыг авчирч болзошгүй.

-Бизнесийн орчныг сайжруулахын тулд эрх баригчдын зүгээс ямар арга хэмжээ авах ёстой гэж та үзэж байна?

-Засгийн газар АН-ын бүлгээс тавьсан шаардлагыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэгдүгээр сарын сүүлчээр ОУВС-гийнхан манай улсад ирэх юм билээ. Энэ үеэр татвар нэмсэн шийдвэрүүдээ, тэтгэврийн насыг уртасгасан асуудлуудаа болиулж, бизнесийнхээ орчинг сайжруулах замаар үргүй зардлуудаа танах ёстой. Ажил хийж байгаа хүмүүсээ татвараар дарамтлаад, гудамжинд гаргаж байхын оронд эрх баригчид өөрсдийнхөө асар их зардлыг хасах шаардлагатай. Энэ зардлаа танах замаар төсвөө улам эрүүлжүүлээд хөрөнгө оруулалтынхаа нөхцөлийг сайжруулах боломжтой.

-Татварын уян хатан бодлого явуулсны үр дүнд эдийн засаг нь эерэг үзүүлэлттэй гарсан орнууд цөөнгүй бий. Тэдгээрийн туршлагаас авч болно биз дээ?

-Дэлхийг хар л даа. Өнөөдөр олон орон татварынхаа тал дээр хөнгөлөлттэй бодлого явуулж байна. АНУ гэхэд татвараа бууруулж эхэлсэн. Үүний үр дүнд тус улсын гадна байсан нэг триллион гаруй ам.доллар буцаад орж ирж байх жишээтэй. Төрийн зөв бодлого ингэж үр дүнгээ өгдөг байх нь. Тус улсад өнөөдөр түүхэнд байгаагүйгээр ажилгүйдлийн түвшин буурч байна. Хүмүүсийн орлого шууд нэмэгдэж байгаа. Харин манай улс эсэргээрээ.

Өнөөдөр Монгол Улсад бизнес эрхлээд, ажилтай орлоготой байна гэдэг бол гавьяа шагнал. Гэтэл үүнийг нь татвар нэмж дарамтлан урмыг нь хугалж болохгүй. Мэргэжил боловсролоо дээшлүүлж, гадаад, дотоодод сураад, ажил хөдөлмөрийн чадвартай, 500-600 ам.долларын цалин авдаг болоод ирэнгүүт нь том сүх далайж байгаад цавчиж байна. Хэрээс хэтэрсэн төрийн дарангуйлал хүмүүсийг ирээдүйдээ итгэх, итгэлгүй болгож эхэллээ.

-Онцгой албан татвар нэмэгдсэн тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Архи, тамхины татвар нэмэгдлээ гээд нэг талаар их сайхан сонсогдоод байгаа байх. Үгүй шүү дээ. Цаана нь дандаа сөрөг, луйврын, хулгайн, конторбандын хэрэг нэмэгдэнэ. Шагийн архи гэдэг шиг чанаргүй бүтээгдэхүүн олширно. Хүмүүс дахиад архинд хорддог байдал бий болох нь. Нийгэмдээ сөрөг үр дагавар дагуулсан ийм л буруу бодлогыг эрх баригчид явуулаад байна. Малчид, бизнес эрхлэгч, ажил хөдөлмөр эрхлэгчдийн цалин орлогыг татвараар дарамталж болохгүй. Тэтгэврийг нэмэхгүйгээр насыг нь сунгаад хүмүүсийн цөхрөнг нь барах ёсгүй. Ингэж байж Монголын нийгэм зөв явна. Үнэндээ төр засаг өнөөдөр энэ бүх татварын дарамтыг үүсгэхгүйгээр байгалийн асар их баялагтаа тулгуурлаад орлого бий болгож, ард түмнээ тэтгээд явах бололцоотой. Үүнийг л хийж чадахгүй юм бол ард түмэн төр засгийг солих ёстой. Чаддаг хүмүүсийг нь гаргаж ирэх хэрэгтэй. Хэрэв эрх баригчид улс орноо удирдаж чадна гэж гарч ирсэн л юм бол ард түмнээ дарамтлахгүйгээр асуудлыг шийдээд ухаан бодлоо уралдуулаад явах ёстой шүү дээ. Гэтэл төсөв концес, үргүй зардал, албан тушаал, 60 тэрбумынх нь асуудал хэвээрээ. ОУВС-гийн өмнө ард түмнээ дарамтлаад эдийн засгаа сөхрүүлэх бодлого хэрэгжүүлчихлээ. Үүнийгээ засч, ойлгооч ээ. Эдийн засгийн бүх түүх, онолыг хар л даа. Ийм хүндрэлтэй үед аль болох олон хүнийг хөдөлгөж, эрх чөлөөг нь өгч дэмжиж хямралаас гардаг. Гэтэл байгааг нь дээрээс нь нухаад дэвслээд унахаар нийгэм чинь задарч, ямар ч үйлдэл хийхэд бэлэн байдалд орно шүү дээ. Татварын нэмэгдлийг эсэргүүцэж, Эрдэнэтээс эхэлсэн жагсаал цуглаан цаашлаад бүх аймаг, Улаанбаатар хотод өрнөвөл Үндэсний аюулгүй байдалд хүртэл нөлөөлнө.

-ОУВС-тай байгуулсан гэрээг өөрчлөх боломжтой юу?

-ОУВС-гийн удирдлагууд байнга мэдээлэл хийж байгаа. Тэд “Бид зөвхөн үзүүлэлтүүд, эрүүл шаардлага тавьж байна. Энэ бүх шийдвэрүүд танай Засгийн газрынх. Заавал ингэ, тэг, тэгэхгүй бол болохгүй гэсэн юм байхгүй” гэдэг. Гэтэл эрх баригчид татвар нэмсэн асуудлаа ард түмэнд ОУВС-гийн шаардлага мэтээр буруу ойлголт өгөөд байдаг. Уг нь элдэв үргүй зардлаа танаад, албан тушаалаа цомхотгоод, хувийн сектороо дэмжээд, ирж байгаа аливаа хөрөнгө оруулалтаараа банкныхаа хүүг бууруулахад чиглүүлээд, бизнесийн идэвхжлийг сайжруулаад, ажлын байр нэмэгдүүлээд, татвараа бууруулаад явчих юм бол өнөөдөр нийгэмд сайхан уур амьсгал үүснэ. Гэтэл шатахууны үнэ өсөнгүүт бүх барааны үнэ дагалаа. Ажлын байр хумигдангуут үр дүнд юу ч бий болж магадгүй гэдгийг Засгийн газар санах ёстой.

-Хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлснээ тайлбарлахдаа дэлхийн жишгийг дагаж, өндөр цалингаас татвар ногдуулж байна гэж байсан?

-Дэлхийн жишиг ярих юм бол Германд юм уу Голландад амьдарч байсан бол нэг өөр хэрэг. Монгол Улс байгаа бүх үзүүлэлтээрээ тусдаа жишиг. Монголыг хэнтэй ч жишиж болохгүй. Бид өөрсдийнхөө өвчнийг анагаахад зориулсан эмийг бий болгох хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *