Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Он гарснаар хэд хэдэн төрлийн татвар нэмэгдлээ. Ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байгаа татварын нэмэгдлийг сөрөг хүчний хувьд нэлээд эсэргүүцэж, Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Мөн УИХ татвар нэмсэн шийдвэрээ эргэж харж цуцлахыг танай намаас шаардаад байгаа. Эрх баригчид та бүхний шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ?
-МАНсонгуулиар мөрийн хөтөлбөртөө ямар ч төрлийн татварыг нэмэхгүй гэж амлаж гарч ирсэн. Гэтэл эрх баригч болонгуутаа өөрсдийнхөө амласан амлалтаа таг мартаад татвараа нэмж байгаад ард иргэд дургүй байгаа. Энд манай монголчуудын нэг сул тал байнга ажиглагдаад байна л даа. Ер нь УИХ-аас гарч байгаа шийдвэр болгон хүмүүсийн амьдралд шууд нөлөөлдөг. Жишээлбэл, ард түмний өнөөдрийн талхтай нь холбоотой асуудлыг өнгөрсөн 2016 оны хавар УИХ-аар хэлэлцэж байхад АН-ын бүх гишүүд эсэргүүцээд бараагүй. Чуулган дээр кнопын олноор асуудлыг шийдсэн. Тухайн үед “Татвар ингэж, ингэж өөрчлөгдөх гэж байна, ард түмний нуруун дээр хүнд ачаа болно шүү” гээд сөрөг хүчин ярьж, анхааруулсаар байхад иргэд чимээгүй байж байсан. Гэтэл аль хэдийнэ гарсан тэр шийдвэр нь өнөөдөр иргэдийн цалинд шууд нөлөөлөөд эхлэнгүүт дуугарч байгаад харамсаж байна. Энэ мэтчилэн УИХ-аас гарч буй хууль, тогтоол болгон хүмүүсийн амьдралд нөлөөлдөг. Ялангуяа хүн амын орлогын албан татварыг 15-25 хувиар нэмсэн нь буруу. Яг амьдрал дээр улс орныг чирч явдаг хүмүүс бол дундаж орлоготой иргэд байдаг. Тэд л хамаатан садан, ах, дүү нараа дэмжээд явдаг шүү дээ. Жишээлбэл, уул уурхайн томоохон компанид ажилладаг хүний ойр тойрныхон илүү боломжтой, орлоготой болоод ирдэг дээ. Ийм байдлаар улс орныг дундаж давхаргынхан чирч явдаг. Гэтэл “Та нар баян байж болохгүй, та нараас татвар авна” гэдэг бол буруу. Тиймээс энэ шийдвэрийг буцаах талаар АН-ын бүлэг Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Хариу нь 30 хоногийн дотор ирэх ёстой.
Хэрэв энэ хугацаанд ямар нэг хариу ирэхгүй бол бид хууль санаачилна. Харин хүлээж авахгүй бол өөр аргаар татварын нэмэгдэлтэй хатуу тэмцэнэ.
-МАН-ынхан ОУВС-тай байгуулсан гэрээний хүрээнд татвар нэмж байгаа гэж тайлбарладаг. Тэгвэл татвар нэмсэн шийдвэрээ цуцалбал гэрээг зөрчсөн болно биз дээ?
-ОУВС бол эд нарын өөрсдийнх нь явуулж байгаа бодлогын нүүрэн дээр тавьж буй зүгээр нэг зураг. Засгийн газар ОУВС-тай анх гэрээ байгуулж эхлэхдээ хүүхдийн мөнгийг 40 хувьд нь өгөхөөр тохиролцсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрх баригчид сонгогчдын саналыг авахын тулд бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг нь өгөхөөр болоход ОУВС чимээгүй л байсан шүү дээ. Тэгэхээр эндээс тус сан татвар нэмэх шийдвэр дээр 100 хувь дэмжсэн байр суурьтай байж чадахгүй байгаа гэж харагдаж байна. Ер нь ОУВС-гийн зөвлөмжийг гайхаад байгаа юм. Тухайн үед төсвийн тодотголоор 499 тэрбум төгрөгөөр сайд нарын зардлыг өсгөчихөөд, долоон төрлийн татварыг нэмж дөнгөж 100 тэрбум төгрөгийн орлого оруулж байна. Тэгэхэд ОУВС эрх баригчдыг “Та нар 499 тэрбум төгрөгийнхөө зардлыг хас” гэж яагаад зөвлөж болоогүй юм бэ. ОУВС үнэхээр Монгол Улсын төлөө байгаа юм уу. Энэ эрх баригчдын дарга нарын зардлыг бууруулах тал дээр дуугарахгүй байж ядарсан ард түмнээс татвар нэмж ав гэж зөвлөөд байдаг. Ийм ОУВС-гийн зөвлөгөөг заавал дагах шаардлага байхгүй.
-Төр иргэдийн халаасыг хоосолчихоод багахан хэсгийг нь буцаагаад халамж хэлбэрээр тарааж байгаад нийгэм шүүмжлэлтэй хандаж байна. Халамжийн бодлогод та ямар байр суурьтай байгаа вэ?
-Мэдээж шүүмжилнэ. Татвар төлөгчид зүтгэж, зүтгэж татварын орлогын төлөвлөгөөг сүүлийн хоёр жилд давуулан биелүүллээ. Энэ бол өнгөрсөн хугацаанд Чингис Самурай бондын хүрээнд хийгдсэн том том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудтай холбоотой. Чингис, Самурай бондын төслийн хүрээнд нийтдээ 15 том төсөлд зээл олгосон. Үүний үр дүнд манайх цементээ гаднаас авах шаардлагагүй болсон. Цементэд гадагшаа өгдөг байсан мөнгө нь монголдоо үлдэнэ гэсэн үг. Дээрээс нь 888 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулаад 1000 гаруй төсөлд зээл өгсөн. Тэд экспортыг дэмжиж, импортыг орлосон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Энэ болгоны үр дүнд гадагшаа гарч буй валютын урсгал багассан. Дээрээс нь ажлын байр нэмэгдэж, үйлдвэрлэл явуулахаар орлого нэмэгдэнэ. Ингэж сүүлийн хоёр жил дарааллан татварын орлогыг нэмэгдүүлж чадсан. Гэтэл үүнийгээ буцаагаад халамж болгон тараадаг байж болохгүй. Өөрөөр хэлбэл, нөхөр нь ажиллаж, ажиллаж хоёр сая төгрөгийн цалин аваад ирэнгүүт татварыг нь нэмж улсын орлогод авчихна. Тэр авсан татвараа буцаагаад эхнэрт нь халамж болгоод өгчихөж байна. Тиймээс татвар нэмсний ямар ч ялгаа байхгүй.
Халамжийн бодлогын хүрээнд 2016 онд нийтдээ 270 орчим тэрбум төгрөгийн халамж өгч байсан. Гэтэл ирэх жилд 680 тэрбум төгрөгийн халамж тараах гэж байна. Татвар нэмэгдсэнээр эдийн засгийн бодитой өсөлт бий болохгүй, бүтээн байгуулалт, шинэ зүйлийг МАН хийхгүй байна. Дээрээс нь Засгийн газар ямарваа нэгэн зоригтой алхам хийхгүй байгаа. Энэ болгоныг шүүмжилж байгаа хүмүүсийн амыг эрх баригчид халамжийн бодлогоор хааж байна.
-Хүн амын орлогын албан татвар 15-25 хувиар нэмэгдсэн. Үүнийг Засгийн газар тайлбарлахдаа “Өндөр цалинтай хүмүүсээс өндөр татвар авдаг дэлхийн жишгийг дагасан” гэлээ?
-Бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэтгэвэр авч байгаа хүмүүстээ дэлхийн жишигт хүрсэн тэтгэврийг нь өгчихөөд насыг нь уртасгах хэрэгтэй. Ажил хийж байгаа хүмүүстээ дэлхийн жишигт хүрсэн цалин өгдөг болчихоод татвараа авдаг байх ёстой. Өнөөдөр 70 мянган дундаж орлоготой иргэдээсээ татвараа нэмж авчихаад 43 тэрбум төгрөгийн орлого олох юм байгаа. Гэтэл нийтдээ төсвийн зардлыг 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Энэ алдагдлаа УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийн зардлыг танаж байгаад олох боломжтой. Гэтэл өөрсдийнхөө зардлаа багасгаагүй байж ард түмний халаас руу өнгийсөн бодлого явуулахад хүмүүсийн дургүйцэл дээд цэгтээ хүрч байгаа нь зөв шүү дээ.
-Гадны жишигт ард түмнээ татвараас чөлөөлөх олон аргыг хэрэглэдэг юм билээ. Тухайлбал, АНУ гэр бүлийн нэг хүн цалин авдаг бол түүний орлогыг бүх гишүүдэд хувааж татвараас чөлөөлөх бодлого явуулж байна. Манайд ийм маягаар татварын уян хатан бодлого явуулж болдоггүй юм болов уу?
-Улс орнуудад татвар авдаг олон төрөл бий. Ер нь бол улс орнууд ихэнхдээ цалингийн орлогыг гэр бүлээ тэжээдэг гэж ямагт нэгдүгээрт тавьдаг. Тиймээс гэр бүлийн гишүүдийн тоо, тэдний зардал зэргээс хамаарч татвар авдаг бодлого байна. Бид 2007 онд дөрөв арвын татвар гэж бий болгосон. Энэ бол үнэхээр зөв бодлого байсан. Ер нь нийгмийг тэгшитгэх, бүгдээрээ ядуу байх ёстой гэдэг байдлаар дундаж орлоготой иргэдээсээ татвар авдаг нь буруу үзэгдэл. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө боловсрол, мэргэжлийнхээ төлөө илүү зардал гаргаж, зүтгэж, чармайж байж цалин авах хэмжээнд хүрсэн байж таарна. Гэтэл буцаагаад яагаад их татвар төлөх ёстой юм бэ. Тиймээс үүн дээр нэлээд хатуу байр суурьтай байгаа. Цааш цаашдын арга хэмжээг манай бүлэг аваад явна.
-Сүүлийн үед таныг Д.Мурат гишүүнтэй их дотно мэтээр мэдээлэл цацагдах боллоо. Үнэхээр Д.Мурат гишүүнтэй нэр холбогдсон эмэгтэйн ярьсан шиг Казахстанд очоод хүүхэн шуухны асуудал болсон юм уу?
-Ард түмний халаасанд шатахууны үнэ, татварын нэмэгдэл асар их нөлөөлж байна. Дээрээс нь тэтгэврийн нас нэмэгдлээ. Энэ нь нийгмийн бухимдлыг асар их бий болгож байна. Нийт массын бухимдал, нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд аливаа хүмүүсийн жижиг, сажиг асуудлыг гаргаж ирж, хар пиар цацаж, асуудлаас холдуулдаг хар технологи байдаг. Энэ аргыг ашиглаж, худал мэдээлэл цацаж байгаа хэрэг. Сошиалаар мэдээлээд байгаа шиг тийм зүйл огт болоогүй. Байгаа ч үгүй.