Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг мэдээлэл хийлээ

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв.

Тэрбээр “Эрх баригчид 2017 онд бүтээн байгуулалт хийсэнгүй. Засгийн газраа огцруулсан нь дуулиантай явдал байлаа. 2018 онд энэ байдлыг давтаж болохгүй. Хэрэв давтвал эдийн засаг илүү муудна. УИХ дахь АН-ын бүлгийн хувьд 2018 онд 65-ын бүлгийн үйл ажиллагааг хянах жил байна. 2018 он бол эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөр биелэх эсэхийг шийдэх он болно. Иймээс бид амлалтыг нь сар бүр сануулна.

Олон улсын валютын шаардлагаар нэмэгдсэн татвар олон нийтийн эмзэг асуудал болсон. Есөн төрлийн татвар нэмэгдсэнийг анзаараагүй явж байгаа. Эдгээр татваруудаас Газар худалдаалахтай холбоотой татвар бүх иргэдэд хамаарна.

Хоёрт, дундаж цалинтай иргэдийн татвараас 15 хувийн татвар авч байгаа нийгмээ эргээд ядуурал рүү түлхэнэ. Аж ахуйн нэгж байгууллагууд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэн байлгахгүйн тулд далд эдийн засагт шилжинэ. Татварын энэ нэмэгдлээр 88 тэрбум төгрөгийг ажил хөдөлмөр бүтээдэг хүмүүсийн халааснаас аваад халамжид зарцуулахаар харагдаж байгаа.

Нийгмийн халамж ямар ихээр өссөн бэ гэдгийг би одоо тоон хэлээр хэлье. Засгийн газар 2016 онд 278 тэрбумыг халамжид зарцуулдаг байсан бол 2018 онд 776.9 тэрбум болж гурав дахин өссөн. Халамжийг гурав дахин өсгөчихөөд иргэдийн халаас рүү татвараар орж байгаа нь буруу гэж үзэж байгаа учраас дээрх шаардлагыг Засгийн газарт тавьж байгаа юм. Хүүхдийн мөнгийг 100 хувь бүгдэд нь өгөх хуучин журамд буцаан оруулахыг шаардана. Нефтийн үнэ, эрчим хүчний үнэ, дулааны үнэ суурь үнэ иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг учраас болгоомжтой хандахыг зайлшгүй анхаарах шаардлага үүсэж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *