Шинэ оноос хэрэгжиж эхэлж байгаа Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн дагуу Засгийн газраас олгох тэтгэмжид хамрагдах иргэдийг сум, хорооны нийгмийн ажилтандаа хүсэлтээ гаргахыг ХНХЯ-наас анхааруулав. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн дагуу жирэмсэн эхэд 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарч буй эхэд 50 мянган төгрөг сар бүр олгоно. Мөн хоёр ихэр хүүхдэд нэг удаа тус бүр нэг сая, гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд тус бүрт гурван сая төгрөг олгох юм. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 27.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр олгоно. Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй иргэд доорх бичиг баримтыг бүрдүүлж, сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлэх юм
Жирэмсэн ээжүүд: өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтыг бүрдүүлэх ёстой юм.
0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүд: өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарынхамт, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, хүүхэд асрах чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбар болон баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэх юм.
Ихэр хүүхдийн тэтгэмж авах иргэн: өргөдөл, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний тухайд иргэний үнэмлэх эсхүл нотариатаар батлуулсан хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.
Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцэг: өргөдөл, нэг хувь зураг, нөхөр /эхнэр/-ийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.