“Хэрүүлийн бузар шингэчихэж. Хамчунагвогийн сэржим даруй уншуул” гэж лам нар айлддаг. Яг үүн лугаа адил Монгол ардын намын парламентад хэрүүлийн бузар нүүрлэжээ. 2016 оны сонгуулиар ард түмний итгэл хүлээж засгийн эрхийг авсан тэд тангараг өргөснөөсөө хойш талцаж хэрэлдлээ. Энэхүү хэрүүл нь бяртай Засгийн газар байгуулагдах үеэс улам газар авч, улаан цагаандаа гарсан. Ардын намын хоёр засгийнхан хоорондоо хуваагдаад муу муухайгаа дуудалцаж байна. “Хоёр засаг” гэж одоо байгуулагдаад байгаа У.Хүрэлсүхийн засаг, өмнө нь байгуулагдаад огцорсон мэргэжлийн тодотголтой Ж.Эрдэнэбатын засгийг хэлж байна л даа. Үндсэндээ “32:33”-ын бүлэг. Хууль тогтоох дээд байгууллага Монголын парламентад өрнөж буй тэдний хэрүүлийг үзэж, сонсоход Холливудын гэмт хэргийн сэдэл бүхий шоронгийн үйл амьдралыг харуулсан кино үзэж байгаа мэт санагддаг.
Охин хүүхэдтэй хүнд хэлэхэд ичмээр “бөлдөгдөх, бөлдөгдүүлэх, бөлдөг цуглах” гэх үгс дуулдана. Бүлэглэл хоорондын барьцаа, түүгээр дамжиж эрх мэдэл албан тушаалд хүрэх загварчлалыг улстөрчид өөрсдөө “бөлдөгдөх, бөлдөгдүүлэх” гэж нэрлээд байгаа. 30 гэр бүлийн эрх мэдлийн хуваарилалт, гомдол гоншгонол нь “хэдэн бөлдөг цуглуулсан”-аас хамаардаг юм гэсэн. Ийм ичгэвэртэй үгийн зэрэгцээ “хулгайчаа, чамайг ална шүү. Гэр бүлээр чинь устгана. Чи битгий хуцаад байгаарай. Амь насаа алдахаас айхгүй шүү” гэх балмад хэрцгий үгнүүд энгийн нэг хуралдаан дээр хэлэгдэх нь наад захын асуудал. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох чуулган дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “бөөр рүү чинь хутга шаана шүү” гэж хэлж байсан удаатай.
Жишээ болгосон дээрх үгнүүд адал явдалтай, шоронгийн амьдралыг харуулсан гэмт хэргийн кинон дээр л гардаг. Тэгвэл монгол Төрийн ордонд, хууль батлах үедээ төрийн түшээд нь бие биенээ ийн хэлээд орилолдож байна. Ардын намын алдарт хэрүүл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд асан, Их хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын хэрүүлээр эхэлнэ. У.Хүрэлсүх “Мөнхбат аа, муу нусгай минь байрандаа байгаарай. Чи ямар том болчихсон юм бэ. Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан гай болж. Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь би мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь халнаа. Нүүрсний хулгайч минь чамайг байранд чинь тавих болно” гэж Их хурлын өндөрлөгөөс занаж дайрсан. Хариуд нь Ж.Мөнхбат “Битгий солиор, чи Монголын хаан болчихсон юм уу. Чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу” хэмээн цамнасан.
Хэрүүлийн бузрын маш тодорхой жишээ өнгөрөгч долоо хоногийн дөрөв дэх өдрийн чуулган боллоо. “Эрхэм хулгайчид” (өөрсдийнх нь хэлдгээр) энэ өдөр зөвхөн хэрэлдээд зогсохгүй байхгүй хүнийг байнгын хорооны даргаар томилж, жинхэнэ бантанг нь зуурч байгаа харагдсан. Тодруулбал, “Эм Си Эс”-ийн гэх Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар нийт гишүүдийн 90 хувийн саналаар томилов. Гэвч өнөө Л.Элдэв-Очир нь чуулганд ирээгүй. “Хүндэтгэх шалтгаанаар” гэж Их хурлын дарга нь хэлсэн. Тийм атал Д.Тэрбишдагва “Элдэв-Очирыг байнгын хорооны дарга болохыг дэмжиж байгаа, сайн ажиллах хэрэгтэй”, А.Сүхбат “Та бүхэн анкетыг нь харсан байх. Аж ахуйгаа сайн эрхэлдэг, Монголын толгой компаниудын нэгийг удирдаж ирсэн хүн. Хөдөө аж ахуйн салбар, уул уурхайг цогц бодлогоор авч үзэхгүй бол болохгүй байна. Цааш нь ажил болгож явуулъя, Элдэв-Очир гишүүндээ амжилт хүсье” гэв. Ж.Мөнхбат “Энэ байнгын хороо улс орны газар нутаг, аюулгүй байдал, хөдөө аж ахуй гээд маш том салбарыг хариуцаж байгаа. Элдэв-Очир телевизээр хараад сууж байгаа байх гэж найдаж байна. Тийм учраас би асуултаа тавья” гээд хууль бус алт олборлолт, уул уурхайн тухай асуулт тавьсан.
Энэ мэт гишүүд байхгүй хүнээс асуулт асууж, “хариулт” авч, санал бодлоо хэлж, захиас захиж, шүүмжлэл өрнүүлж, эцэстээ эх захгүй хэрэлдэцгээсэн. Б.Пүрэвдорж “Өөрөө байгаль орчин бохирдуулдаг хүн Байгаль орчны байнгын хорооны дарга хийгээд яваад байсан. Одоо ашгүй салж байх шиг байна” гэж Ц.Гарамжавыг хэлсэн нь хэрүүлийн галыг өөр дээрээ дуудлаа. Ц.Гарамжав “Пүрэвдорж үг хэлэх тоолондоо бүдүүлэг үг хэрэглэдэг. Дандаа гутаан доромжилж, ёс зүйгүй аашлах юм. Намайг болоод манай компанийг бүдүүлгээр доромжлох нь УИХ-ын гишүүний хийх ёстой ажил биш гэж бодож байна” гээд цахиртсан хоолойгоор орилсон.
Эл өдрийн чуулганд Ц.Гарамжав, хүн хүн рүү үсчиж цахиртсан хоолойгоор орилж, зүйрлэж хэлэх юм бол айлын гэдсэн дээр цугласан авгай нар сэвстэй гүзээгээр бие биенээ балбадаг шиг муухай харагдсан. Ер нь манай эмэгтэй гишүүд ийм л дүр төрхтэй харагдаад байгаа.
“Тийм л айхтар юм бол Оюу толгой Таван толгойгоо зөв хийчихгүй яасан юм. Дөрөв таван удаа сонгогдсон гээд байгаа. Өнөөдөр улс эх орныхоо аюулгүй байдал газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдчихаад сууж байгаа биз дээ. Үндэснийхээ хэдэн компани руу дайрч давшлаад байгаа чинь зөв юм уу. Тэд ямар буруу юм хийсэн юм. Зээл авснаараа буруутай юм уу. Үүнийгээ ойлго л доо. Хурал болгон дээр сонин юм яриад байх юм. Уул уурхай, нөхөн сэргээлт, эрдэс баялаг гээд шинжлэх ухааны том салбарыг мэдэхгүйгээр дайрч давшлахаа боль” гэж Ц.Гарамжав Б.Бат-Эрдэнийг толгойг нь эргэтэл “эргүү тэнэг”-ээр нь дуудаж загнасан. Тэрээр ийн багтартлаа уурласан нь Б.Бат-Эрдэнийн “Шинэ сонгогдсон гишүүд ёс зүй, хариуцлагатай бай. Ашиг сонирхлын зөрчлөөс хол яв. УИХ-ын гишүүн төрийн бонд зээлээс хол байх ёстой. Байгаль орчны байнгын хорооны даргаар дандаа сэтгэлгүй хувиа хичээсэн хүн томилох юм” гэж хэлсэн үгтэй холбоотой юм. Мөн Д.Сарангэрэл чуулганы танхимд хэрүүл хийх гэж яарч сандарч орж ирнэ лээ. Тэрээр Ж.Мөнхбатын “Ажлаа хийж байгаа хүний ажлыг нь булааж авахын тулд Өсөхбаяр аваргын гэргий Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Нарантуяа шоронд оржээ гэдэг мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан. Энэ бүхнийг зохион байгуулсан хүмүүс Өсөхбаяр аваргын гэргийгээс уучлал гуйх ёстой” гэсний хариуд “Нарантуяаг би ажлаас нь хална, хална” гэж сүрхий гэгч нь даналзсан.
Чуулганы хэрүүл ингээд зогсолгүй Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үеэр бас л айхтар ширүүсч үргэлжилсэн. Уг хуулийн төсөл Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй холбоотой. Гишүүдийн асуултад Эрчим хүчний сайд хариулсан. Асуулт хариулт нь өнөө л жам ёсоороо улаан хэрүүл болж байгаа юм. Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ аварга энэ хэд холбоотой бяруу шиг явсан дотны найз нөхөд. Олон жилийн нөхөрлөлөө хэн хэнгүй хэлцгээж ирсэн. Гэтэл тэд бие биенээ үзэж чадахаа байжээ. Ц.Даваасүрэн нь У.Хүрэлсүхийн засагт орж, нөгөө хоёроосоо нүүр буруулсан аж. Д.Тэрбишдагва Ц.Даваасүрэндээ гомдож яваагаа журмын нөхрийн хувьд хэлэв. “Манай Даваасүрэнд олон шинж чанар байдаг, зарчимтай, хэлсэн ярьсан үгэндээ байдаг. Би сая соёлын гавьяат Цэнджав гуайн “Цэвдэг жаран” гэж номыг уншлаа. Тэнд хоёр Чойбалсан гарч байна. Нэг нь ард түмнээ хэлмэгдүүлсэн Чойбалсан, нөгөөх нь эх орныхоо төлөө амь насаа алдсан Чойбалсан. Түүнтэй адилхан манай Даваасүрэн хоёр Даваасүрэн болоод байна. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалдаг Даваасүрэн, Засгийн газар буюу Хүрэлсүхийг хамгаалдаг Даваасүрэн болоод байна” гэхтэй зэрэгцээд Ц.Даваасүрэн нь дайраад унав.
Хариуд нь Д.Тэрбишдагва “Чи битгий олон юм яриад бай. Чи хоёр нүүр гаргаад байгаа чинь үнэн биз дээ. Тэгэх юм бол чамтай өөрөөр ярина. Чи сайд болонгуутаа шал өөр зүйл яриад унасан” гэж бухимдтал Т.Аюурсайхан хоорондуур нь орж хоёр хөгшнийг улам дэвэргээд авахаа мэдэлгүй яав гэж.
Д.Тэрбишдагва “Аюурсайхан, чи зүгээр дуугүй байж бай. Чи сая сонгогдсон. Чамайг бодохын бол би дөрвөн удаа сонгогдсон. Чам шиг далдганасан бацаантай би юм ярихгүй. Би Даваасүрэнтэй ярьж байна. Юун хов жив, зарчим ярьж байна. Чи биднийг загнадаг хүн биш. Чи хүнийг нас сүүдэр, үр хүүхдээр нь доромжилдог хэн юм. Аюурсайхан гэдэг хүүхдийг урдаа гаргачихаад чи хол явахгүй ээ, Даваасүрээн. Аюурсайхан шиг далдганадаг, юм юманд оролцдог хүүхэд бидэнд хэрэггүй” гээд цамнаж байтал үг хэлэх цаг дууссан. Тэрээр Их хурлын даргаас нэг минут нэмж авч хэрэлдэхийг хүссэн.
Ц.Даваасүрэн нь ганц ч үг газар гээлгүй хариулт өгч, хэрэлдсэн. Ж.Мөнхбат “Та эрчим хүчний сайд болоод салбартаа 20, 30 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчнүүдийг хууль бусаар халж, өөрийнхөө танил тал, нутаг усны хүмүүсийг оронд нь томилж байна. Үнэнийг чинь хэлэхээр юундаа урдаас хариу тавиад байгаа юм бэ. Түрүүнд Бат-Эрдэнэ гишүүнийг үг хэлэхэд “чамаас айх юм уу” гээд орилоод байсан. Таныг сайд учраас бид айх л болж таарч байна” гэж хэлээд авна лээ.
Монголын төрд дархлагдсан гэгдээд буй түшээд, насны хувьд тавь хол гарчихсан эрхмүүд ингэж нэгэн рүүгээ ярдаг нохой шиг дайрч давшилж байгаа нь хэцүү харагдах юм. Энэ дунд монгол бөхийн нэгэн цагийг хүчит аварга байна. Бөх хүний баримтлах жудаг ёс, гүндүүгүй монгол эрийн шинж чанар гэдэг нь яачихсан ч хорвоо юм бэ дээ. Монголчуудын үг өнгөрөөж сурах гэж том философи бий юмсан. Энэ их хэрүүл Их хурлын танхимдаа болоод өнгөрдөгсөн бол яая гэхэв.
Гэвч нийгэмд шууд нөлөөлж, ард түмэнд ёс суртахууны асар их хохирол учруулж байна. Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хоёр хүн “хуц солиор”-доо хүрч, “ална, тална, шоронд хийнэ” гээд дайрцгаахад бусад нь яах билээ. Сумын иргэдийн хурлын нөхөд Хүрэлсүх, Мөнхбат хоёрыг дуурайж нэгнээ идсэн уусан, нусгай бацаанаар нь дуудна. Аймгийнхан бол бүр яг дуурайж таарна. Монгол төрийн түшээдийн ийн үлгэрлэн байгаагийн үр дүнд олон нийт бие биенээ үзэж чадахаа байсан.
Улаанбаатар хот гэдэг уулзаж суугаад хэрүүл хийдэг улсын цуглуулга болсон. Тэгэхээр галзуу улсын цугларалт шиг харагдах Монголын парламентыг ёс суртахуунтай байлгах хууль шаардлагатай боллоо. Хэлэх хэлэхгүй үг, гаргаж болохгүй үйлдлийг нь нэгд нэгэнгүй хуульчлан зааж өгөх цаг нь болжээ. Эсвэл чуулганы хуралдаан буюу хэрүүлийг телевизээр нь шууд явуулахыг нь хоригломоор байна. Ер нь бол үе үеийн төрд булай байсан уу гэвэл байсан. Социализмын үеийн төр ч булайтай байсан. Ю.Цэдэнбал даргыг өрөөнд нь авгай нь орж загнаад гэдэг ч юм уу, яриа хөөрөө сонсогддог. Харин энэ бүхнээ нууж чаддагтаа Монголын төр ариун мэт харагддаг байсан. Ард түмэндээ харуулах юм гэж байна, харуулахгүй юм гэж бас байна. Монголчууд төрийн сүлд өршөө гэж залбираад тахилаа өргөж ирсэн ард түмэн. Одоо энэ сэвстэй гүзээгээр биенээ балбадаг авгай нар шиг хэрүүлч нөхдийг хараад Монголын төрд ариун юм гэж итгэх, сүслэн залбирна гэхэд үнэндээ хэцүү. Тэгэхээр монгол төр, Монголын төрт ёс алдагдах шинжиндээ орж байна. Төрт ёсгүй улс орон гэж байдаггүйг бид мэднэ. Энэ бол хамгийн том аюул.
Д.БАТБОЛД