Хацартаа үл ялиг ягаан туяа татуулсан бяцхан сурагчид ээж, аавынхаа хамт орж ирцгээв. Гутал хувцсаа шалавхан тайлж, багштайгаа мэндэлснээр ширээнд байх тоглоомууд руугаа яарцгаана. Ирээдүйн инженерүүд шинэхэн бүтээлээ гараас гаргахаар яарч буй нь энэ. Учир нь “Bricks 4 kidz” сургалтын төв олон улсын “S.T.E.M” буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик сургалтын хөтөлбөрийг лего тоглоомоор дамжуулан хүүхэд, багачуудад хүргэх зорилготой ажиллаж байгаа юм. Уг хөтөлбөр бүхий “Bricks 4 kidz” сургалтын төв нь АНУ-д анх байгуулагдсан. Одоогоор дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Харин манай улсад байгуулагдаад жил гаруй болжээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор арваад мянган хүүхэд сургалтад хамрагдсан байна. Хүүхдүүд олон улсын стандарт бүхий энэхүү сургалтад сууснаар “Bricks 4 kidz”-ийн бэлдсэн сонирхолтой загваруудтай танилцах, барилга байшин, машин, амьтан зэргийг лего тоглоом ашиглан бүтээх боломжтой юм. Энэ өдрийн хичээлийн сэдэв нисдэг тэрэг, сансрын хөлөг. Багш сансрын хөлгийн тухай танилцуулж , сонирхолтой баримтуудыг дэлгэснээр энэ өдрийн хичээл эхэллээ. Сурагчид лего мотор, тэнхлэг, араа зэрэг тусгайлан бэлдсэн техникийн бүрдэл ашиглан дээрх сансрын хөлөг бүтээхээр шуурхайлан ажилдаа орцгоов. Энэ өдөр нийтдээ 46 сурагч сургалтад хамрагдсан. Амралтын өдрийн сургалт учир 11:00-15:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Энэ өдрийн хичээлийг удирдан явуулж буй багш А.Сэлэнгэ “Бид өдөр бүр өөр, өөр сэдвийн дагуу хичээл ордог. Хичээлийг хүүхдүүдийн сонирхдог зүйл дээр тулгуурлаж тайлбарлахад илүү сайн ойлгож тогтоодог. Ингэснээр тухайн сэдвийн талаарх мэдлэг сайжрахаас гадна лего тоосго, мотор, тэнхлэг, араа, холбогч эд гэх мэт олон төрлийн жижиг обьектуудыг ялган ангилж, эвлүүлж, угсарч сурна. Тэд хичээлийн сэдэв, зааврын дагуу бүтээлээ хийхээс гадна өөрийн хүссэнээр өөрчилж, сайжруулж ч болдог” гэв. Мөн хүүхдүүдэд хиймэл дагуул, сансрын хөлөг, хамелеон зэргийн учир шалтгааныг нь сонирхолтойгоор тайлбарлаж өгдөг аж. Энэ тохиолдолд хүүхдүүд тухайн зүйлсийг илүү сонирхож лего тоглоомоороо эдгээрийг бүтээдэг байна. Гүүр, цамхаг, машин, робот зэргийг угсарсныхаа дараа өрж, уралдуулж, байлдаж тоглох ч бүрэн боломжтой гэнэ.
Ингэснээр хүүхдийн хөдөлгөөний ур дүй сайжирч, тэмдэг тэмдэглэгээ бүхий сургалтын багаж хэрэгсэл ашигласнаар эмх цэгц, зохион байгуулалттай болгож, анхаарлаа төвлөрүүлж сурах гэх мэт олон давуу талыг олгодог байна. Түүнчлэн даалгаврыг гүйцэтгэхэд сэтгэн бодох, эргэцүүлэх, төсөөлөх чадвар ихээхэн шаардах тул хүүхэд хийхээсээ өмнө бодох чадварт суралцдаг байна. Улмаар даалгавраа биелүүлэхийн тулд алхам алхмаар зааварчилгаагаа дагаснаар дадлагаждаг аж. Энэ нь анхаарал сул хүүхдэд илүү үр өгөөжтэй байдаг талаар багш нар онцолсон.
Биднийг ийн ярилцаж байх хооронд хүүхдүүд нисдэг тэргээ хийхээр дор дороо чармайцгааж байлаа. Зарим нь яаж хийх учраа олохгүй багшаасаа тусламж хүсэн байхад нэг хэсэг нь зөв хийж байгаадаа урамшин шамдацгаана. Энэ мэтчилэн хүүхдүүд өдөр бүр өөр, өөр төрлийн амьтан, байшин барилга бүтээх боломжтой аж. Ерөнхийдөө лего тоглоомууд нь хүүхдийн насны онцлогт тохирсон байдаг. Ахлах болон бэлтгэл бүлгийнхэн моторт буюу хөдөлгөөнт лего тоглоомыг ашиглана. Харин бага насны хүүхдүүд “Bricks 4 kidz”-ийн тусгайлан бэлтгэсэн сонирхолтой загваруудыг бүтээж, угсрахаас гадна тоо, өнгө, үсэг сурдаг байна. Тус сургалтад сууснаар хүүхдүүд нас насандаа тохирсон 350 орчим бүтээлийг хийж сурах боломжтой гэсэн.
Харин өсвөр насныхан энэ төвд ирснээр “Лего роботекс” гэх сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Энэ сургалтад сууснаар төрөл бүрийн робот угсрах, роботоо компьютероор програмчилж, улмаар гар утсаараа хэрхэн удирдах талаар сурах юм. Энэхүү сургалт нь хүүхдүүдэд шинэ технологи сурах хүслийг нь өдөөж өгөх, шинийг эрэлхийлэгч болгоход тусалдаг байна. Монголд зөвхөн “Bricks 4 kidz”-т л энэхүү сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэсэн. “Лего роботекс” сургалт нь дэлхий нийтэд хүрээгээ тэлж чадсаны нэг жишээ нь жил бүр зохион байгуулагддаг олон улсын олимпиад юм. Тус олимпиадад орон орны инженер сэтгэлгээг эрэлхийлэгч хүүхдүүд оролцож ур, ухаанаа сорино. Монголчуудын хувьд тус олимпиадад хараахан оролцож амжаагүй байгаа ч “Bricks 4 kidz” төвийн мэргэшсэн багш нар “Лего роботекс” сургалтын хөтөлбөрийг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлжээ. Тэд лего тоглоомуудыг чадварлаг эзэмшсэн хүүхдүүдээ цаашид бэлтгэж “Лего роботекс” сургалтандаа хамруулахаар бэлдэж байна. Энэхүү сургалтыг зорин ирж байгаа хүүхдүүд ч цөөнгүй гэнэ.
Энэ талаар “Bricks 4 Kidz”-ийн менежер Г.Мөнхсайхан “Манай сургалтын төвийн нэгэн зорилго бол мэргэшсэн багштайгаар мэргэжлийн түвшинд хүүхдүүдээ бэлтгэх. АНУ-ын “Bricks 4 kidz”-ийн тавьсан шаардлагын дагуу дөрвөн ч багш сургалтад хамрагдсан. Эдгээр мэргэжлийн багш нар маань Монголын “Лего роботекс”-ийн багийг цаашид бүрдүүлэх юм. Сайн баг бүрдүүлж чадвал маш богинохон хугацаанд амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв. Дэлхийд оюун ухааны спортоор хэдийнэ гайхагдах болсон монгол хүүхдүүд энэ чиглэлээр ч шилдэг нь болохыг үгүйсгэх аргагүй юм.
“Бид судалж, бид бүтээж, бид тоглоно” уриатай АНУ-ын пранчайз болох “Bricks 4 kidz” сургалтын төвийг Монголд зүгээр ч нэг ашиг хонжоо харан оруулж ирээгүй гэнэ. Тодруулбал, томоохон судалгааны үндсэн дээр хүүхдэд тоглонгоо суралцах боломжийг олгодог арга барил бүхий сургалтын төвийг сонгожээ.
Энэ тухай тус төвийн менежер Г.Мөнхсайхан “Бид Монголын нийгэмд хүмүүсийг хамгийн их стрессдүүлж байгаа шалтгаануудыг судалж үзсэн. Судлаад үзэхэд нийт 10 гаруй шалтаг, шалтгаанууд байсан л даа. Эдгээрийг үүсгэж байгаа хоёр гол асуудал бий. Тэр нь хүнсний аюулгүй байдал хийгээд боловсролын системийн буруу тогтолцоо юм. Боловсролын систем алдаатай учраас түүнээс гарч байгаа бүтээлүүд нь нийгмийг стрессдүүлэх нэг шалтгаан болж байна гэсэн үг л дээ. Иймд бид хүүхдүүдийн боловсролыг багаас нь өөрчлөх нь юу юунаас чухал. Тиймээс сэтгэлгээний цар хүрээг нэмэх, олон зөв дадлыг бие болгох сургалт байх нь зүйтэй юм байна гэж бодсон. Олон ч төрлийн сургалтын арга барил, хөтөлбөрүүдийг судалсны үндсэн дээр “Bricks 4 kids”-ийг оруулж ирэхээр болсон юм. Өнөө үед хүүхдүүдийн анхаарлыг гурван зүйл л татаж байна. Энэ нь гар утас, лего тоглоом, компьютер тоглоом эсвэл зурагт. Эдгээрээс хүүхдэд хамгийн эерэгээр нөлөөлж чадахуйц нь лего тоглоом. Тиймдээ ч лего тоглоом бүхий сургалтын арга барилыг чухалчилсан хэрэг. Хүүхдэд тоглоомын аргаар боловсрол олгох нь олон давуу талуудыг бий болгодог. Загвар бүтээх явцад нийгмийн харилцааны үндэс болсон бусадтай санал солилцох, өөрийгөө зөвөөр илэрхийлэх, харилцан зөвлөлдөх зэрэгт суралцдаг. Хичээл бүр дээр бүтээх загварууд нь сурагчдын ерөнхий мэдлэгийг тэлэх мөн олон улсын S.T.E.M буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик сургалтын хөтөлбөрийг энэхүү тоглоомоор дамжуулан эзэмшүүлэх зорилготой ажилладаг. Тиймдээ ч уг сургалтын арга барил бусдаасаа олон зүйлээр давуу байсан” хэмээн ярилаа. Одоогоор тус төвд дөрвөөс 16 хүртэлх насны 100 гаруй сурагчид тогтмол хичээллэдэг. Нийт зургаан багштайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм.
“Bricks 4 kidz” төвийн сургалтад сууснаар сурагчдад ямар бодит үр дүн гарч байгаа талаар багш А.Сэлэнгээс тодруулахад “Хүүхдүүд анх ирэхдээ зааврын дагуу ч маш удаан угсардаг. Аажимдаа хурдан угсраад зогсохгүй, өөрөөр сэтгэж араа шүдийг нь сольж, нэмж бүтээлээ илүү хурдтай, өвөрмөц болгодог. Энэ нь сэтгэхүйд нь хэр хэмжээнд нөлөөлж байгаа гэдгийг харуулж байгаа байх. Уг чадвар сайжирч байгааг зөвхөн сургалт дээр бус гэр, сургууль гэх мэт бусад газар ч харж болно” гэв.
Түүнчлэн хүүхэд нэг ангид олноороо хичээллэх юмуу багш нар нь муухай харьцдаг бол хүүхэд уур уцаартай, бухимдангуй болдог аж. Учир нь тэр олон хүүхдүүдийг чимээгүй, томоотой байлгахын тулд багш нар чанга дуугаар ярьж, зандардаг байна. Энэ нь хүүхдүүдийг аймхай, ноомой болоход нөлөөлдөг байна. Тиймдээ ч мэдээд байгаа зүйлээ багшдаа хэлж чадахгүй бүрэг, ноомой байх нь олонтаа аж. Мөн зарим хүүхдүүд сэдвийн дагуу бүтээлээ хурдан, зөв хийж чадахгүй тохиолдолд тоглоомуудаа шидэх, уцаарлах зэрэг сөрөг хандлага гаргадаг байна. Сургалтын төвийн сурагчдаас энэ мэт сөрөг зан байдал ажиглагдаж байсан гэнэ.
“Ерөнхийдөө олон улсын сургалтын систем хүүхдийг таван нас хүртэл нь өөрөөр нь байлгахыг эрмэлздэг. Гэтэл манай улсын сургуулиудын нэг ангид маш олон хүүхэд сурдаг. Хувийн сургуулиуд нь бага ангийн хүүхэд гэлтгүй хичээлээр маш их шахдаг. Энэ бүхэн нь хүүхдийн харилцаа, хандлагад сөргөөр нөлөөлдөг. Харин АНУ-ын боловсролын системд нэгээс хоёрдугаар ангийн хүүхдүүд 20 хүртэлх минутаас илүү хугацаанд хичээл хийхийг хориглодог. Гэтэл манай нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд хоёр цаг хийсэн ч дуусахгүй их гэрийн даалгавартай байдаг. Энэ мэт зүйлсээс үүдсэн стресс, бухимдал, ядаргааг лего тоглоом тоглож сонирхолтой, хөгжилтэй байлгаснаар арилгах бүрэн боломжтой. Манай сургалтын төвийн багш хүүхдүүдтэй тулж харьцаж, уурлаж ундууцахаас илүүтэйгээр алдааг нь өөрөөр нь олуулж, хүлээцтэй ханддаг. Үүний үр дүнд хэд, хэдэн сургалтын дараагаас хүүхдүүдийн зан байдал, харилцаа хандлага ч эерэгээр өөрчлөгдөж байгаа нь илт мэдрэгдсэн” хэмээн Г.Мөнхсайхан багш хэлсэн юм.
Манай эцэг, эхчүүд хүүхэд хичээлээ хийхгүй, тогтвортой сууж сурахгүй байна гэж ярих нь олонтаа сонсогддог. Тэгвэл лего тоглоомон дээр суурилсан сонирхолтой хөтөлбөрүүд нь хүүхдийг яалт ч үгүй тогтвортой сууж тоглоход хүргэдэг байна. Тоглоомуудыг нь дагаад жижиг хэсгүүд бий. Түүнийг эмхэлж, эвлүүлж бүтээл болгохын тулд сэтгэн бодох, төвлөрөхөөс гадна гарын ур дүй их шаарддаг аж. Мөн нэг л хэсгийг буруу хийсэн тохиолдолд тухайн амьтан, машин зэрэг нь хөдлөхгүй, явахгүй. Энэ нь гаргасан алдаагаа даруй олж засах, араа шүдийг яаж хийвэл зөв болох гэх мэт зүйлсийг мэдэж авах давуу талтай аж. Энэ нь сансрын хөлөг хийхээр шамдан суугаа хүүхдүүдийг харахад тодхон байлаа.
Эхний алхмуудаа зөв хийсэн зарим сурагчид тун чиг баяртай суугаа нь харагдана. Багш нарын хэлж байгаагаар бүтээлээ бүрэн гүйцэт, зөв хийж дуусгах нь хүүхдэд маш их урам өгч, тэр чинээгээрээ аливаа зүйлийг дуусгаж, эцсийг нь үзэх сонирхолтой болдог аж.
“Bricks 4 kidz” сургалтын төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд асрамжийн газрын хүүхдүүдийг тус хөтөлбөртөө хамруулахыг зорьж, сард нэг удаа тоглоомуудаа авч очин, сургалт явуулдаг аж. Асрамжийн газрын хүүхдүүдийн зан байдал, хандлага, чадвар зэрэг нь үеийнхнээсээ нэлээд хоцрогдолтой байдаг талаар ч тэд өгүүлсэн. Хоёр хүүхэд дундаа нэг бүтээл хийх бөгөөд хамтарч ажиллаж чадахгүйн улмаас хэрэлдэж, зодолдох тохиолдол ч гардаг байжээ. Харин дөрвөөс таван удаагийн сургалтын дараагаас хүүхдүүдийн хоорондын харилцаа, хандлага нь эрс өөрчлөгддөг байна. Тус төвийн хувьд энэхүү үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлүүлэх бодолтой байгаа аж. Хүүхдийн төлөөх энэхүү сайн үйлсэд хамтарч ажиллах байгууллагуудад нээлттэй гэдгээ онцолсон.
Хүүхдүүд нисдэг тэрэг, сансрын тавгаа хийж дуусгаад багшдаа зөв болсон эсэхээ шалгуулахаар хийсэн бүтээлээ барин хөөрөн гүйцгээнэ. Ингээд 41 дүгээр цэцэрлэгийн сурагч, таван настай А.Эрмүүнээс өнөөдрийн хичээлийнх нь тухай сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрээр “Өнөөдөр нисдэг тэрэг хийж байна. Би хурдан хийж чадсан. Сэнсийг нь хийхэд л хэцүү байлаа. Том, жижиг лего, хөдөлгөөнт лего, роботын хичээл гоё байдаг. Манай хоёр найз энэ сургалтад хамт явдаг. Би том легогоор найзуудтайгаа нийлж байшин барьдаг юм. Бас гэртэй очоод легогоороо тоглодог” гэлээ. Өнөөдрийн бүтээлээ гараас гаргаж, бүгдээрээ нийлж тоглоомоо хурааснаар энэ өдрийн хичээл өндөрлөв.
Хичээлийн цаг дууссан учир эцэг, эхчүүд ээлж дараалан ирж хүүхдүүдээ авцгаалаа. Баяр хөөр дүүрэн угтах хүүхдүүдээ хараад эцэг эхчүүд нь ч сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдэж байв. Тиймдээ ч эцэг, эхчүүд тус төвийн багш нарт үргэлж ам сайтай байдаг гэсэн. Б.Чингүүний ээж н.Гэрэлцэцэг “Манай хүүхэд өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас эхлэн энэхүү сургалтад явж эхэлсэн. Хүү маань дөрвөн нас гарантай байхаасаа л явж эхэлсэн л дээ. Анхандаа гар зүгшрүүлэх лего тоглоомуудаар боломжийн тоглочихдог байлаа. Харин мотортой буюу хөдөлгөөнт лего тоглоомыг хараахан эвлүүлж чаддаггүй байсан. Гэхдээ багш нар нь хүүхэдтэй маш сайн тулж ажилладаг учир нэг мэдэхэд л төвөггүй тоглочихдог болсон. Манай хүү гэртээ байхдаа ч сонирхсон дүрсээ ямар ч зааваргүйгээр угсардаг болчихсон шүү. Хүү минь ирэх намар сургуульд орно. Энэхүү сургалтын ачаар тогтвортой сууж сурчихсан болохоор санаа зовох зүйлгүй гэж бодож байна. “Bricks 4 kidz” сургалтын төв анх “Улаанбааатар” их дэлгүүрт үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин одоогийн Цэцэрлэгт хүрээлэнгийн эсрэг талд байх шинэ салбар нь их таалагдаж байгаа. Хүүхдүүдийн сурах орчин нөхцөл, зай талбайг маш сайхан бүрдүүлж өгсөн гэж боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Түүнчлэн эцэг эхчүүдийн хувьд тоглоомын ариутгал хэрхэн хийгддэг талаар ихээхэн сонирхдог байна. Сургалтын төвийнхний хувьд АНУ-аас ирдэг зориулалтын бодисоор лего тоглоомуудыг ариутгаж, цэвэрлэдэг гэсэн.
“Bricks 4 kidz” сургалтын төв “Хөдөлгөөнт лего” сургалтынхаа хүрээнд амралтын цэнэг, сургууль, цэцэрлэг, төрсөн өдрийн баярт зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Энэ нь амралтын өдөр өөрийн байран дээрээ сургалтаа явуулахаас гадна сонирхож буй сургууль, цэцэрлэгүүдэд лего тоглоомоо авч очин үйлчлэх хөтөлбөр юм. Мөн зугаатай зуслан, робот бүтээх гэсэн нэмэлт хөтөлбөрүүд ч бий. Эдгээр хөтөлбөрүүд найман удаагийн оролт нь 79 мянган төгрөг юм байна. Робот бүтээх “Лего роботекс” сургалт нэг сарын 99-120 мянган төгрөгийн ханштай гэсэн. Роботын сургалт болон хөдөлгөөнт лего сургалтууд нь амралтын өдрүүдэд ч явагдах боломжтой. Харин амралтын өдрийн хоёр цагийн сургалт 12900 төгрөг, үргэлжлүүлээд дахин нэг хөтөлбөрт хамрагдаж дөрвөн цаг суух юм бол 19900 төгрөг юм байна. Олон хүүхэд хамрагдаж, өөрчлөгдөөсэй гэсэндээ тэд сургалтын төлбөрөө байж болох хамгийн бага ханшаар тогтоож өгсөн гэсэн.
ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Г.БАЗАРРАГЧАА