Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Дахин тийм балай хууль л битгий гаргаасай

Өндөр настан Ш.Батсүх

1937 оны Х.Чойбалсангийн их баривчилгаа, аймшигт хядлага явагдаж эхэлсний их уй гашуудлын 80 жил тохиож байна.

1937-39 онд зөвхөн Х.Чойбалсангийн Онцгой бүрэн эрхт комисс л жил хагасын хугацаанд л бүрэн бус тоогоор 25824 гэмгүй монгол хүнээ баривчлан яллаж, 20474-ийг нь буудан устгасан байдаг. Х.Чойбалсан тэгээд ч зогссонгүй, ар гэрийнхнийх нь бүх мал, эд хөрөнгө, гэр орныг нь хүртэл цөлмөн хураалгаж, насан туршдаа бэлэвсрэн үлдсэн эхнэр, өнчрөн хоцорсон хүүхдийг нь элдвээр хавчиж, тэдний ихэнхийг ажил, боловсролгүй болгон хаяж, бүх амьдралаар нь хохироосон. Ингээд тэдний ихэнх нь орон байргүй, төгрөг мөнгөгүй, хамгийн бага тэтгэвэр, халамжаар хүндхэн амьдарч байна. Одоо тэд үхэж үрэгдээд дуусч байна даа. Амьд байгаа цөөн хэд нь 80, 90 гаруй настай болжээ. Тэд 25-60 жилийн өмнө цагаатгагдсан хэдий ч, тэднийг тэгж хохироосон манай төр, засаг дэлхий дээр ганцаархнаа хохирлыг нь одоо хүртэл төлж өгсөнгүй. Харин, энэ удаагийн УИХ, түүний эрхэм дарга М.Энхболд, дэд дарга Я.Санжмятав нар хэлмэгдэгчдийн удаа дараагийн эрэлт, хүсэлт, тэдний амьдралын байдалд анхаарч, 1930-40-өөд оны улстөрийн хэлмэгдэгчдийн ар гэрийнхний хохирол барагдуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байгаад, хэлмэгдэж хохирсон өвөө, эмээ нар ихэд баярлацгааж байна. Гагцхүү, хэлмэгдэгчдийн саналыг огт авалгүйгээр гаргасан 1998 оны Цагаатгалын хууль бүх хэлмэгдэгчдийн нөхөн олговрыг адилтгасан шиг, энэ удаагийн хууль нь дахиад тийм дэлхийд байхгүй муу хууль битгий байгаасай. Энэ удаа хэлмэгдэгчид саналаа нэгтгэж Цагаатгалын комисст удаа дараа өгсөн боловч, хууль санаачлагчид түүнийг нь хуулийнхаа төсөлд хэрхэн тусгаж байгаа нь мэдэгдэхгүй байна. Хэлмэгдэгчид бол “эцгээ хилсээр цаазлуулж, өмөг түшиггүй болон өнчирч, бүх хөрөнгөө хураалгаж, одоо хэр орон байргүй ядарч байгаа хохирогчийн бүх хохиролд нь ядахдаа хоёр өрөө байр, амь өршөөгдөж 10 жилээр шийтгэгдэгчийн ар гэрт бол үүнээс хоёр дахин бага нөхөх олговор буюу нэг өрөө байр л өгчихөөч, хөнгөн шийтгэлтэйд шийтгэлд нь тохирсон нөхөх олговор л өг. Ийнхүү нөхөн олговрын хэмжээ маш шударга, хэлмэгдлийнх нь хэмжээтэй нягт уялдаатай байгаасай” гэж хүсэж байна.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89998856 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Н.Ганчимэг,

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *