Categories
мэдээ цаг-үе

Ч.Алтантуяа: Боловсролын цөм хөтөлбөрт тулгамдаж буй асуудал бол сонголттой хичээл юм

Нийслэл, орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургалтад оролцохоор ирсэн Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн, монгол хэл, уранзохиолын багш Ч.Алтантуяатай ярилцлаа.


-Орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүдэд энэ төрлийн сургалт ер нь хэр их зохион байгуулагддаг вэ. Энэ удаагийн сургалтын ач холбогдол юу вэ?

-Жилд хоёроос гурван удаа энэ төрлийн сургалт зохион байгуулагддаг. Хичээлийн жилийн эхэнд, оны төгсгөлд, элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө сургалт болдог. Энэхүү сургалт нь боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх, зөвлөн туслах ур чадварыг нэмэгдүүлэх, боловсролын талаар баримталж байгаа бодлого чиг үүргийг хэрэгжүүлэх, аргазүйд суралцах боломж олгодог юм. Миний хувьд гурав дахь жилдээ энэ сургалтад хамрагдаж байна. Үүнд хамрагдсан мэргэжилтнүүд орон нутгийн багш нарт мэдээлэл өгөх, бодлого чиглэлийг танилцуулах, сургалтын хөтөлбөрөө хэрхэн боловсруулах зэрэгт зөвлөн туслах үүрэгтэй. Тийм болохоор математик, биеийн тамир, монгол хэл гэх мэт судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд бүгд хамрагддаг.

-Бодлогын хүрээнд яригдаж байгаа шинэ содон зүйл юу байв?

-Сайдын тушаалын дагуу боловсролын чанарын үнэлгээний журам гэж байдаг. Түүний дагуу өнөөдөр бага ангийн сурагчдыг онц, хангалттай, дэмжлэг шаардлагатай, анхаарах шаардлагатай, хангалтгүй түвшинд байна гэсэн таван хэмжээсээр үнэлж байгаа. Харин суурь боловсролын түвшинд А, В, С үнэлгээгээр, ахлах ангийн түвшинд мөн энэ үнэлгээг бариад А+ гэх мэтчилэн үнэлэх болсон. Гэхдээ ахлах ангийн түвшинд сүүлийн хоёр жилд үүнийг хэрэгжүүлээгүй. Энэ удаагийн сургалт дээр Эрдэнэчимэг дарга ярихдаа боловсролын салбарын үнэлгээний журмыг шинэчлэнэ гэж байсан.

-Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр аймгуудын сургалтын чанарыг үнэлдэг жишиг тогтоод байгаа шүү дээ. Танай аймгийн хувьд өнгөрсөн жил хэддүгээр байрт орсон бэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдын үзүүлж байгаа амжилтыг сурлагын чанарын хамгийн дээд үзүүлэлт гэж ойлгож болохгүй. Бид хүүхдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх зорилготой болохоос биш тэднийг их дээд сургуульд бэлтгэх гэдэг туйлын зорилго байхгүй. Харин бидний ажлыг дүгнэх нэг үзүүлэлт байж болох юм. Манай аймгийн сурагчдын хувьд аль ч хичээлээр, ямар ч байсан тогтмол эхний аравт ордог. Өнгөрсөн хичээлийн жилд гэхэд хоёр хүүхэд монгол хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлээр 800 оноо авсан. Бидний хувьд сурлагын чанар, амжилтыг бага, дунд, суурь боловсролыг үнэлж буй улсын шалгалтаар хэмжиж байгаа. Манай аймгийн сурагчид улсын шалгалтын стандарт хангалтын хувьд 100 хувь хамрагддаг бөгөөд “А”, “В”-ийн эзлэх хувь 50 хувьтай гарсан.

-Сурагчдыг их дээд сургуульд бэлтгэх туйлын зорилго бидэнд үгүй гэж та хэллээ. Үнэхээр ч багш нар сурагчдыг бие хүн болж төлөвшихөд онцгой үүрэгтэй хүмүүс гэж боддог. Танай аймгийн багш нарын хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Даяаршиж байгаа нийгмээ дагаад хувь хүний хөгжил асар хурдацтай явагдах боллоо. Дан ганц хичээлээр “чи сайн математикч болох ёстой” гэдэг хандлагыг барих ямар ч боломжгүй болж байна гэсэн үг. Тийм учраас сургалтын төлөвлөгөөнд сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагууд гэж бий болгоод байгаа. Энэ сургалтын цагт хүүхдүүдийг яаж зөв төлөвшүүлэх вэ гэдэгт анхаардаг юм. Суурь боловсролын түвшинд иргэн болж төлөвшихийн тулд ямар боловсрол эзэмшсэн байх ёстой хийгээд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд анги хамт олноороо хэрхэн хамрагдаж байна гэдэг чухал. Харин бүрэн дунд боловсрол эзэмшиж буй сурагчдын хувьд амьдрах чадварт суралцах үйл ажиллагааг чухалчилж байна. Энэ сургалтаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгодог юм. 2015 оноос 10 дугаар ангийн сурагчдад, 2016 онд 11 дүгээр ангийн сурагчид, энэ оноос 12 дугаар ангийн сурагчдад зааж эхэлсэн.

-Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Галын шугамын тэргүүн эгнээнд явж буй хүний хувьд хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарал татсан асуудал байна уу?

-2012 оноос хойш боловсролын бодлого чиглэл ерөнхийдөө тогтож байна. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хүмүүс ерөнхийд нь “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” гэсэн гурван хэсэгтэй гэж харсан. Гэтэл “Бага дунд боловсролын чанарын шинэчлэл” гэдэг хөтөлбөр бас байсан. Энэ бол сургалтын хөтөлбөрийн шинэчлэл байсан. 2013 оноос бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр үндэсний хэмжээнд энэ шинэ хөтөлбөрөөр явж байгаа. Суурь боловсролын хөтөлбөрийг 2012 онд туршаад 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2014 онд туршиж, 2015-2016 онд хэрэгжүүлж эхлээд байна. Аль аймгийн аль ч суманд XI дүгээр анги хүртэл шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт явагдаж байгаа юм. Зөвхөн XII анги л хуучин хөтөлбөрөөр явж байгаа.

Анхаарал татаж буй асуудал гэвэл бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр юм. Үүнийг би жишээгээр тайлбарлая. Хөдөө сумын сургуулийн ахлах ангид сайндаа арваас хорин хүүхэд суралцдаг. Энд эмч болох хүсэлтэй хоёр хүүхэд байлаа гэхэд хими биологийн хичээл нь сонголтоор орох боломжгүй болж байна. Аймаг орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүд юу гэж зөвлөдөг вэ гэвэл багш нартаа олонхийн зарчмаар сонголт хийлгэнэ гэдэг. Олон хүүхэд сонгосон хичээлийг заана гэсэн үг. Тэгэхээр сурагчдын ихэнх нь математик, нийгмийн ухаан, гадаад хэл, монгол хэл гэсэн дөрвөн хичээлийг сонгодог. Гэтэл эмч болох хүсэлтэй хоёр хүүхэд хими, биологийн хичээлийг сонгон судалж чадахгүйд хүрч байгаа юм. Энэ асуудлаас болж багш сурагчид хохирч байна. Ингээд харахаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг аргазүй технологи чинь хаана байгаа юм. Хүүхэд бүрт хүрч чадахгүй байна гэж яригдах болсон. Сумын түвшинд энэ хичээлийг хоёр хүүхэд сонговол яах юм гэдэг хувилбар боловсруулах шаардлагатай байна.

-Энэ асуудлыг шийдвэрлэх ямар гарц гаргалгаа бий гэж та харж байна вэ?

-Цөм хөтөлбөрийн хэрэгжилт эцэстээ санхүүгийн асуудалтай тулгарч байгаа юм. Хими биологийн багш хоёрхон хүүхэдтэй байсан ч энэ хүүхдүүддээ ажил мэргэжлийн чиг баримжааг нь зөв эзэмшүүлж, тухайн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлж чадах юм бол тэр багш цалингаа авдаг. Хоёр хүүхэдтэй ч, хорин хүүхэдтэй ч тухайн багш цалингаа авна гэдэг бол болж байна. Гэтэл чи хоёр хүүхэдтэй учраас чамд цаг байхгүй гэдэг. Ялангуяа шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш газарзүй, хими, биологи, физик, технологийн багш нарын цаг тун бага болсон. Харин эсрэгээсээ эрэлттэй хичээлийн цаг хэт ихэсч байна. Нийгмийн ухааны багш нарын цаг илүүдэж, нэмж багш авах шаардлагатай болдог. Үүнээс болж сургалтын төлөвлөгөөг өнгөрөгч хавар дахиад өөрчилсөн. Гэхдээ сонгох хичээлийн хувьд асуудалтай хэвээр байна. Үүнийг одоохондоо зохицуулж чадахгүй байгаа юм.

-Энэ намар багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо нэлээд тэмцэж, ажил хаялт зарласан. Танай аймгийн багш нарын хувьд ажил хаялтад хэдэн хувьтай оролцов. Ямар байр суурьтай байсан бэ?

-Манай аймгийн багш нар ажил хаялтад 70 хувьтай, цэцэрлэгүүд 20-30 хувьтай нэгдсэн. Бидний хувьд ямар байр суурийг чухалд үзсэн бэ гэвэл “цалин нэмэгдүүлэх ёстой, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ёстой” гэдэг дээр нэгдсэн. Мэдээж, гурван талт зөвшилцлийн хэлэлцээр, цалин нэмэгдүүлэх үзэл баримтлалыг таатайгаар хүлээн авсан.

-Таны хувьд багш мэргэжлээр хичнээн жил ажиллав. Ажил мэргэжлийнхээ сайн сайхнаас хуваалцаач гэвэл?

-Миний хувьд боловсролын салбарт 19 дэх жилдээ ажиллаж байна. Монгол хэл, уранзохиолын багш мэргэжилтэй. 1998 онд УБИС-ийг төгссөн. Сургуулиа төгсөөд сумын сургуульд гурван жил багшилсан. Ер нь багш хүний сайхан зүйл бол хүүхэд нь хичээл заагаад дуусахад ойлгочихсон бүгд мэдээд, чадаад, дэмжээд оролцож байгааг харах л байдаг болов уу. Нэг ч гэсэн сайн явж байгаа шавиа харахад бахархалтай байдаг. Багшаа би сайн сэтгүүлч болчихсон шүү гэж хэлэх бол багш хүний бахархал. Их олон жил багшлаагүй ч гэсэн уранзохиолын хичээл сайхан байсан учраас, таны хэлсэн үг нөлөөлсөн болохоор ийм сайхан сэтгүүлч болж чадлаа гэж хэлэхийг сонсоход сайхан байдаг. Даяаршсан өнөөгийн нийгэмд багш нар сурагчдадаа хайртай, зөв үлгэр дуурайл үзүүлж, зөв хандлага төлөвшүүлж, чиглүүлж өгөх ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ингэж чадвал хүүхэд өөрийгөө хөгжүүлээд явчихна шүү дээ. Аль ч улс орон хүнээ хөгжүүлчихсэн байхад улс орон хөгжих нь дамжиггүй. Үүний гол тулах цэг нь багшийн үнэлэмжийн асуудал юм шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *