Өнөөдөр Багш хөгжлийн ордонд “Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо. Тус арга хэмжээ нь “Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр” болон сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөр гэх мэт өргөн хүрээнд болсон юм. Мөн тус хүрээн дэхь хуулийн заалтуудыг эргэн харж сайжруулах тал дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал солилцов. Энэхүү хэлэлцүүлэгт сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд болон бодлого боловсруулах, шийдвэр гаргах байгууллагын төлөөллүүд, хэрэгжүүлэгч байгууллагууд оролцсон юм. Тус шат шатны хүмүүст мэргэжилтнүүд хүүхдийн эрүүл хүнсний орчин бүрдүүлэх талаар мэдээлэл өгөв. Мөн хэлэлцүүлэгт оролцож буй сургууль, цэцэрлэгийн байгууллагууд өөрсдийн санал санаачлагыг хэлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүд сургууль, цэцэрлэгт өнжих хугацаандаа эрүүл шим тэжээлтэй хооллох хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Тус хугацаанд хүүхдүүд эрүүл хүнс хэрэглэж чадахгүй бол хоол хүнс бичил тэжээлийн дуталд ордог аж. Улмаар хүүхдүүдийн оюуны чадамжийг 10-13 хувиар бууруулдаг байна. Мөн хүүхдийн сурах чадварт нөлөөлж тогтоох чадвар, юм сурах эрмэлзлэлийг бууруулдаг аж. Бие Махбодийн хувьд давжаарах, таргалах болон аливаа өвчинд эрсдэлтэй болох цус багадалт, архит тусах гэх мэт маш олон эрсдэл байдаг гэлээ.
Энэ талаар НЭМҮТ өсвөр үеийн эрүүл мэнд хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн Д.Энхмягмараас тодруулллаа
Ихэнхи сургуулийн зоогийн газрууд хоолондоо чанаргүй хүнс хэрэглэх тохиолдол бий. Гэтэл зарим нь санаачлаад өөрсдөө эрүүл хүнс ашигладаг. Энэ талаар яриач?
Өөрсдийн санаачлагаар сурагчиддаа эрүүл хүнс өгдөг сургуулиудийг бид дэмжих хэрэгтэй. 2015-2025 он хүртэл хэрэгжих “Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр” бий. Энэ хөтөлбөр дээр сургууль цэцэрлэгийн хоолны эрүүл орчин бүрдүүлэх асуудал бүлгээрээ бичигдсэн байгаа. Үүнд сургууль цэцэрлэгт хориглох хүнсний заалт ч гэж бий. Энэхүү заалтад хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй хоол хүнс, олон тосонд чанасан хорчийсон гэх мэт хоолууд орно. Мэдээж хүмүүс хүнийг хорлоё гэж бодохгүй. Гэхдээ энд ашгийн зөрчил гарч ирдэг байх. Үүнийг шийдвэрлэхэд хүн бүр эрүүл хоолны мэдлэгтэй болвол шаардлага тавьж эхэлнэ. Зоогын газрууд ашгаа бодоод муу хоол хийж өгөөд байх уу? Ирээдүй болсон хүүхэд залуус, хүн амынхаа эрүүл мэндийг авархын тулд зөв эко бүтээгдхүүнээр хийсэн хоол хүнсийг зарна. Энэ асуудал дээр бүгд хамтарч ажиллах хэрэгтэй.
Хүүхдийн эрүүл хооллолтын сэдвээр үр дүнд хүрсэн улс орнуудын жишээнээс харахад ихэнхи нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаардаг. Тэд үдийн цай, үдийн хоол тэр байтугай өглөөний хоол хөтөлбөртэй. Дээр нь сургууль амарсан үед амьдралын боломжгүй хүүхдүүдэд зориулсан зуны хоолны хөтөлбөрийг явуулдаг. Эмзэг бүлгийн хүүхдүүдрүү илүү анхаардаг юм. Мөн эрүүл хоол хийдаг аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлөх гэх мэт бодлогуудыг явуулдаг. Тэгэхээр энэ бас бодлоготой холбоотой асуудал юм.
Эрүүл хүнсний стандарт нь юу вэ?
Эрүүл хүнсийг заагдсан стандарттай байдаг. Өсвөр насны хүүхдүүд, насанд хүрэгчид, цэцэрлэгийн хүүхдүүд ахмад настан, хөхүүл болон жирэмсэн ээжүүд тус тусдаа стандарттай. Сургуулийн насны хүүхдүүд давс ихтэй бүтээгдэхүүн бага хэрэглэх хэрэгтэй. Стандарт нь тухайн бүтээгдэхүүнд Натрын хэмжээг 200 граммаас их байлгахгүй гэж зааснаар давсны хэмжээг багасгадаг. Сүүн бүтээгдэхүүнийг насанд хүрсэн хүн 3,2 хувийн тослогтой, хадгалах хугацаанд нь хэрэглэхэд эрүүл хүнс болно. Харин хүүхдийн хэрэглэх сүүн бүтээгдэхүүнд тослог 2,1 хувь гэж заагдсан байдаг. Хүүхдүүдэд илчлэг ихтэй бүтээгдхүүн хэрэглэвэл илүүдэл жин таргалалттай болдог. Тухайн бүтээгдхүүнээс авч буй нийт илчлэгийн хэмжээг тооцож үзээд тосноос авах илчлэг нь 30-35 хувь, сахарт 10 хувиас илүү гарах ёсгүй байдаг. Энэ заасан стандартаасаа илүү гараад явчхаараа эрүүл бус хүнс болж байгаа юм.
ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Б.Бямбатогтох: “Д амин дэмийн дутал бага насны хүүхдүүдийн 61 хүртэл хувьд нь байна”
2006 онд үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Журам нь 2007 онд гарсан. 10 жилийн дараа ямар нэг өөрчлөлт гараагүй гэж байна. Эрүүл мэндийн яамнаас ямар оролцоотой байна вэ?
Сургуулийн хүүхдүүдэд үдийн цай өгөх анхны санаачлага ЭМЯ-наас гарсан. Хүүхдийг эрүүл бөгөөд бие махбодийн хувьд өсөлт хөгжилтийн хувьд эрүүл оюун санааны хувьд чадамжтай болгоход хамгийн чухал нөлөөг үзүүлдэг нь хоол хүнс байдаг. Зүй зохистой, тэжээллэг чанартай аюулгүй хүнс хэрэглэхэд хүүхдийн өсөлт хөгжилт оюун санааны чадавхи сайн байна. Энэ үүднээс дэлхийн бусад орнуудын туршлага дээр үндэслээд эрүүл мэндийн салбар бол үдийн цай хөтөлбөрийг анх санаачлаад хамтрагч талууддаа бодит байдлыг тайлбарлаж танилцуулсны үндсэн дээр 2005 оноос эхлэн үдийн цай хөтөлбөр хэрэгжсэн байгаа. Гэхдээ гол зорилго нь өөрөө хүүхдийн өсөлт хөгжлийг зөв хангах байдаг. Гэтэл яг үнэндээ өнөөдрийн нөхцөл байдалд хэр чанартай хоол өгч байна гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна. Зарим тохиолдолд хүүхдэд хэрэгтэй хоол хүнс өгч чадахгүй тохиолдол байдаг. Энэ нь сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүд дээр гарч байдаг. Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон ЭМЯ яам хамтраад үдийн цай хөтөлбөрийг журмыг шинэчлэнэ. Энэ нь сургуулийн удирдлагын бизнес биш яг хүүхдийн төлөө чиглэгдсэн байх ёстой.
Хариуцлагын журам өмнөх журам дээр тодорхой байдаггүй байсан. Энэ журамд хариуцлагын асуудлыг гаргаж байгаа юу?
Одоо бол төсөл хэлбэрээр явж байгаа. Хариуцлагын асуудал буюу жишээлбэл бид нар гал тогоотой сургууль цэцэрлэгт шаардлага тавиад эхлэхээр тухайн газруудад мэргэжлийн хүн ажиллах хэрэгтэй болно. Сургуулийн орон тоонд байдаггүй болохоор ихэнхдээ түрээсийн байдлаар хэрэгждэг. Түрээсэлсэн газрууд гэрээний нөхцөл зөрчих юм бол ямар хариуцлага тооцох, цуцлах гэх мэт нарийн заалтууд бий.
Өнөөгийн Монгол хүүхдийн хоол тэжээлийн байдал хэр байна вэ?
Манай ЭМЯ-наас таваас зургаан жил тутамд нэг удаа үнэлгээ хийдэг. Тэр үнэлгээг хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгаа явуулдаг. Тус судалгааг хамгийн сүүлд 2016 онд хийлээ. Энэ онд үр дүн нь гарсан. Бид энэхүү үр дүндээ түшиглээд эрх онд хоол тэжээлийн чиглэлээр ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар хамтрагч талуудтай харилцан ярилцахаар эхний ажлууд нь явагдаж байна. Хоол хүнсний асуудал нь нэг байгууллагын хийдэг ажил биш. Жишээлбэл ЭМЯ бүх стандартыг нь гаргаж өгнө, Боловсролын салбар зохион байгуулалтын арга хэмжээ авна. Мөн хэрэглэх бүтээгдхүүнүүд нь олдоцтой, эрүүл байх тал дээр ХХАА-н яам оролцоно гэх мэт. Тэгж байж хүүхдүүдэд эрүүл чанартай хоол өгөх нөхцөл нь бүрдэнэ. Өнөөдрийн хэлэлцүүлэгт сургууль цэцэрлэгийн орчинд хүүхдэд хоол өгч байх явцад хоолны хордлогууд их гарч байгаа нь их анхаарал татаж байна. Жишээлбэл хоолны дэгдэлт гарсан байдлыг судалахад 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл байдлаар нийт гарсан хордлогуудын 40,7 хувь нь сургууль цэцэрлэгийн орчинд гарч байгаа юм. Эндээс сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдэд өгч буй хоол хүнсний чанар, аюулгүй байдлын асуудал бүрэн хангагдаагүй байна гэдэг нь харагдаж байна. Дээр нь туранхай, өсөлт хоцролттой амин дэм эрдсийн дутал төдийлөн буугаагүй.
Сургуулийн насны хүүхдүүдийн 12-13 хувь нь тарган байна. Энэ нь хоол тэжээлийн үзүүлэлт сайн байна гэсэн үг биш юм. Дэлхий дахинд хоол тэжээлийн дутлын нэг үзүүлэлт нь таргалалт гэж үздэг. Өсөлт хоцролт буюу намхан хүүхдүүд их байна.. Д амин дэмийн дутал бага насны хүүхдүүдийн 61, Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хүртэл хувьд нь байна. Бидний түгээмэл хэрэглэдэг гурил төмс мах гэх мэт хүнснээс өсөлт хөгжилтөд нөлөөлдөг нарийн эрдэс бодьсыг өдийлөн авч чаддаггүй. Энэ бичил бодьсыг сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хүнсэнд оруулах гэх мэт олон ажлыг бид төлөвлөөд байна.
Б.АМАРТҮВШИН