“Шинжлэх ухааны товч түүх” бол гэрийн номын санд байхад хэрэгтэй эд. Билл Брайсон хэмээх брэнд нэртэй эрхмийн хошин шогийн мэдрэмжтэй бичигдсэн аялал, хэл шинжлэл, түүх, зугаатай танин мэдэхүйн бүх номууд бестселлер болдог гэж байгаа. Харин түүний ”Шинжлэх ухааны товч түүх”-ийг “Непко”-гоос Баабар, Т.Ариунсанаа нарын орчуулгаар 2013 онд хоёр ботиор орчуулан хэвлэсэн юм. Шинжлэх ухааны түүхийг уншина гэдэг ихээхэн тэвчээр шаардах нь тодорхой. Харин энэ номыг сонирхолтой, хөгжилтэй хэлээр бичсэн байна лээ. Гэхдээ дандаа баясаад байхгүй л дээ.
Миний хувьд энэ номыг уншаад бараг л сэтгэлээр унасан, анх удаа оршихуйдаа санаа зовлоо. Энэ хорвоо миний төсөөлсөн шиг өнө мөнх, хэзээд энэ хэвээрээ байх албатай биш юм гээч. Буддын гүн ухаанд хүний төрлийг олох нь атга будаа асгахад зүүний үзүүрт нэг нь тогтож үлдэхтэй зүйрлэдэг нь санамсаргүй биш ажээ. Энэхүү номоос өч төчнөөн сонин хачин юм олж унших ч зай бага учраас энэ удаа оршихуйтай холбоотой сэдэвт анхаарахыг илүүд үзлээ.
“Дэлхий оршин байхын тулд олон азтай тохиолдлууд шаардлагатай байсан” гэж номд өгүүлжээ. “Шулуухан хэлэхэд бид зөв одноосоо яг зөв зайд байрласан. Хэрвээ нар байгаагаасаа арав дахин том байсан бол арван тэрбум жил шатахын оронд ердөө л арван сая жилийн дотор шатаж дуусах байсан бөгөөд өдийд бид энд байж байхгүй. Манай гариг одоогийнхоо орбитоор тойрч байгаа нь азтай хэрэг. Хэтэрхий ойртсон бол дэлхий түлэгдэх байсан, илүү хол байсан бол хөлдүүс болох байлаа” гэх мэтийг эндээс олж үзэх вий. 1978 онд Майкл Харт хэмээх астрофизикч тооцоо хийгээд “Хэрэв дэлхий наранд таван хувиар ойртсон бол эсвэл нэг хувиар хол байсан бол манай гариг дээр амьдрал үүсэх боломжгүй байсан” гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Сугар бидэнтэй харьцуулахад наранд ердөө 40 сая км-ээр ойрхон. Нарны гэрэл хоёр минутын өмнө тэнд тусдаг. Хэмжээ найрлагынхаа хувьд Сугар дэлхийтэй бараг адилхан. Гэвч орбитын зайн ялимгүй зөрөөний улмаас маш их ялгаа үүссэн. Хэдхэн хэмээр илүү халсны улмаас Сугар гадаргуу дээрх усаа хадгалж чадаагүй. Энд амьдрал байхын аргагүй халуун. Гадаргуугийн температур нь шарах зуухных шиг 470 градус тул энд тугалга хайлуулж болно хэмээн зохиогч тайлбарлажээ.
Орчлон аугаа том үйл явдлаар дүүрэн. Энэ ертөнцөд бид оршин байгаа нь үнэхээр гайхамшигт явдал. Хэрвээ 4,6 тэрбум жилийн өмнөх маш олон дараалсан үйл явдлууд яг тэрхүү тодорхой дарааллаар, тодорхой цаг хугацаанд болоогүй бол ганцхан жишээ татахад солир ирж, динозавруудыг арчиж хаяагүй бол чи өдийд хэдхэн см өндөртэй, урт сахал сүүлтэй байх байсан бөгөөд энэ номыг өөрийн нүхэндээ уншиж суух байх гэж мань Брайсон шогложээ.
“Дэлхий дээр амьдарч байсан нийт зүйлийн 99,99 хувь нь одоо бидэнтэй цуг байхгүй. “Анхны үед байсан бараг бүх зүйлүүд мөхсөн” гэж Чикагогийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Рауп ярьдаг. Нарийн бүтэцтэй организмын дундаж амьдрал дөрвөн сая жил үргэлжилдэг нь хүн дүрстний одоо наслаад байгаатай ойролцоогоор дүйж байна” гэнэ шүү.
Дэлхийн амьдрал түүхэндээ мөхлийн таван том явц туулсан. Одоогоос 65 сая жилийн өмнөх динозавруудыг арчиж хаясан КТ мөргөлт дэлхийн даван туулсан олон мянган солирын дайралтуудаас юугаараа өөр байсан юм бэ?
Энэ мөргөлт аймшигтай хүчтэй байсан. Уг солир дэлхийг 100 сая мегатонн хүчээр мөргөсөн гэдэг. Дэлхий дээр байгаа хүн бүрийн тоогоор Хирошимад хаясан шиг цөмийн бөмбөг дэлбэлсэн ч цаана нь дахиад нэг тэрбум бөмбөг дутах болно гэж Жэймс Лоурэнс Пауэлл зүйрлүүлж хэлдэг. Ийм хүчтэй байсан ч дэлхий дээрх амьдралын 70 хувийг ч устгаж чадаагүй гэнэ. Динозавруудыг бараг бүгдийг мөхөөсөн байтал могой, матар амьд үлдсэн байж. КТ мөргөлт хуурай газрын амьтдын зүйлүүдийн бараг 90 хувийг арчиж хаясан ч усанд болохоор ердөө 10 хувийг л устгасан. Хэрэв хувьсал арай эрт явагдаад бид тэр үед байсан бол бараг бүгд арчуулах байсан гэнэ шүү.
Гэсэн ч энэ ном аймшгийн зохиол биш. Бидний амьдарч буй ертөнц оршин тогтнох цаашдаа ч амьдрал хэвээр үргэлжлэх шалтгааны тухай ч энэ номоос олж уншаарай.
Б.Янжмаа