Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэболд: Залуучууд шинэ манлайллыг бий болгоно

Ардчилсан залуучуудын холбоо(АЗХ)-ны тэргүүн С.Эрдэнэболдтой ярилцлаа.

-АЗХ-ны тэргүүнийг сонгох сонгуульт үйл ажиллагаа орон даяар болж, саяхан дүнгээ гаргалаа. Нэр дэвшигч нар хоёр ч удаагийн мэтгэлцээн өрнүүлж хамтдаа Монгол Улсаа тойрлоо. Үүний гол зорилго юу байв?

-Өнгөрсөн жил АН намын шинэчлэл хийх шаардлагатай гэдгээ сонгуулийн үр дүнгээс мэдэрсэн. Үүнийгээ бодит ажил болгох шаардлагатай байсан. 2016 оны сонгуулийн ялагдлын дараагаар манай олон залуус цугларч долдугаар сарын 15-нд Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг байгуулсан. 168 хүн анх гарын үсэг зурж нэгдэж орж байлаа. Ингээд долдугаар сарын 18-нд анхны зөвлөлдөх хорооны хурал болсон. Тэр хуралд эдгээр залуусын төлөөлөл орж, шаардах бичиг өгсөн. Үүндээ “Намын даргаа анхан шатнаас сонго, ҮЗХ-г хуралдуул. Залуучуудын төлөөллийг оруул. Сонгуулийнхаа ялагдалд бодитойгоор дүгнэлт хий. Цаашдаа улс төрийн нам урт хугацаандаа бодлого суурьтай, институт төлөвшсөн нам байхын тулд ийм ийм зүйлүүдийг хийх ёстой” гэж шаардсан. Ингээд 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр анхны ажлын хэсэг байгуулагдаж, залуучуудын төлөөлөл түлхүү орсон. Тэд бүгд үзэл бодлоо илэрхийлж байсан. Тэр маань биежиж, намын даргыг анхан шатнаас нь сонгох шийдвэртээ хүрсэн. Ингээд 2016 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн шийдвэр маань хэрэгжиж эхлээд намын дарга анхан шатнаасаа сонгогдсон. Дараагаар нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ҮБХ-ны 380 гишүүн болон анхан, дунд шатны намын хорооны гишүүдийг бүгдийг нь анхан шатнаасаа сонгосон. Гурав дахь том давлагаа нь бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг АН-аас хэн дэвших вэ гэдгээ 180 мянган гишүүнээсээ асууж, Х.Баттулга нам дотроо ялсан. Энэ үйл явцууд нь намыг анхан шатанд нь сэрээх, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх, олон жилийн туршид шүүмжлэлтэй байсан фракц гэсэн яриа байхгүй болсон. Дөрөв дэх том давлагаа нь орон даяар өрнөсөн АЗХ-ны ерөнхийлөгчөө анхан шатнаас сонгож байгаа сонгууль болж байгаа. АЗХ бол өмнө Г.Батхүү, Лу.Гантөмөр, Б.Болор, Б.Баттүвшин, С.Дэмчиг гэсэн таван ерөнхийлөгчтэй байж ирсэн. Тэдний үед ололттой, дэвшилттэй зүйлүүд байсан. Гэхдээ том намын хувьд шинэчлэл тодорхой хэмжээгээр зарим үед зогсонги байдалд орсноос залуучуудын холбоон дээр тусгалууд нь ирж байсан л даа. Ингээд АЗХ хоёр өдөр мэтгэлцээн өрнүүлээд, анхан шатнаасаа сонгууль явуулах болсон. Сонгуульд оролцох боломж бүгдэд нээлттэй байсан. Гэхдээ санхүүгийн босго, мөрийн хөтөлбөрийн босго, тухайн хүний өөрийн итгэл үнэмшлийн босго байсан. Ямартай ч хоёр нэр дэвшигч маань өрсөлдлөө. Тэдний хэн нь хэн бэ гэдгээс үл шалтгаалаад орон даяар явагдсан сунгаанд АН-д бүртгэлтэй 39-өөс доош насны 90 мянган залуусын төлөөлөл болсон долоон мянган залуу шууд санал хураалтаар шийдэгдсэн. Бидний гол зорилго бол улс төрд шинэ соёлыг авчиръя гэж байгаа юм.

-Яаж авчирах юм бэ?

-Мэдээж улс төрийн намын дэргэдэх бүтцийн байгууллага бол улс төрийн намын үйл ажиллагаагаар хязгаарлагдах ёсгүй. Бид нийгэмдээ чиглэсэн, залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр олон ажлуудыг хийх мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Залуучууд энэ оролцоогоо хангуулж чадаж байгаа нь сунгааны хамгийн том ач холбогдол. Улс төрийн намын шинэчлэлд авчирч байгаа хувь нэмэр болов уу гэж харж байгаа.

-АЗХ цаашид яг ямар ажлуудыг хийх вэ?

-Бид өнөөдөр Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын сэтгэлгээний талбарыг харах хэрэгтэй л дээ. Монгол Улсад өнөөдөр ажилгүйдэл хүнд байдалд орсон байна. Олон мянган залуус ажлын байргүй байна. Яагаад гэвэл хамгийн том ажил олгогч нь төр болчихсон. Нэг нам гарч ирэхээрээ нөгөө намын үед томилогдсон хүмүүсээ халдаг. Тэгээд хоёр гурван жилдээ шүүхдэлцэж явдаг болсон. Өнөөдөр төр Үндсэн хуулинд заасны дагуу ард түмэнд байгалийн баялгийг шударга хүртээж чадаж байна уу гэдэгт олон хүн бухимдалтай яваа. Цөөн тооны мэдээлэлд ойрхон, олигархижсан бүлэг Монгол Улсын баялаг дээр суучихсан байгаа. Түүнийгээ хяначихсан нөхцөлд уул уурхай, төр гэсэн хоёр ажил олгогч байна л даа. Залуучуудын хувьд нийгэмд баялгийн шударга хуваарилалт байхгүй учраас эдийн засаг маань тэлж өгдөггүй. Бизнес хийе гэхээр татварын, авлигын гээд олон дарамт байгаа. Тиймээс хүмүүсийн хувьд төр баталгаатай юм байна гэдэг нь энгийн судалгаануудаас харагддаг. Том утгаараа эдийн засгийн тэлэлтийг хүртээмжит эдийн засаг руугаа шилжүүлээд дээрээс нь уул уурхайгаас хамааралтай илүү боловсрол, эрүүл мэндээ тэтгэсэн чиглэл рүүгээ явуулж монгол хүний өөрийнх нь өрсөлдөх чадварыг төрөөс явуулах ёстой. Ингэснээр хүн бүр заавал төрд очино гэхгүйгээр бизнес эрхэлж, өрсөлдөх чадвараараа амьдралаа аваад явчих боломж байгаа. Залуучууд бол дараагийн арав, хорин жилийн Монгол Улсын хөгжлийн зүй тогтлыг харж байж бодлого боловсруулах хэрэгтэй. Жишээлбэл, 2010-2030 он бол манай улсын хувьд хүн амын цонхны үе байв. Тэгэхээр 2030 оноос хөгшрөлт явагдаж эхэлнэ. Одоо арав, хорин жилийн дотор залуучууд нийгэмдээ үр бүтээлтэй өндөр бүтээмжтэй оролцох боломж байгаа юм. Тиймээс потенциалийг эдийн засгийн баялаг бүтээх, нийгэмд шударга ёс тогтоох талбарт нь сэтгэлгээний хувьд яаж явуулах юм, эрүүл мэндийн хувьд тулгамдаж байгаа асуудлуудыг нь яах юм гэдэг асуудал үүснэ. Монгол Улс өнөөдөр сэтгэлгээний хямралд орсон. Энэ бол удирдлагын алдаанаас үүдсэн. Тэгэхээр манлайллын алдаа нь ёс суртахууны хэмжээ хязгаар байхгүй болчихсон, эрх мэдлээ хуяглах гэсэн тийм бүлгээс үүдэлтэй байгаа юм. АЗХ-ны дарга болсон маань залуу үедээ шинэ манлайллыг бий болгоход нь өөрийн гар бие, хүчин чадлаа дайчилна.

-АЗХ бүтцийн хувьд ямар байх вэ. Та “АЗХ-ны удирдлагын багийн 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ” гэсэн байсан?

-АЗХ бол нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд дээр шийдэл боловсруулах хүний нөөцийн чадавхтай байгууллага байх ёстой. Хүний нөөцөө байнгын бэлтгэх сургалтын тогтолцоотой байгууллага байна. Түүнчлэн залуучуудыг улс төрөөр хязгаарлахгүйгээр нийгэмд бэлтгэж гарахад нь дэмжиж тусалдаг байх юм. Үүний тулд АЗХ-ны ерөнхийлөгч гурван зүйл дээр анхаарна. Нэгдүгээрт, үзэл санааны хувьд бид авч явах ёстой. Хоёрдугаарт, АЗХ-ны манлайлалд зохион байгуулах өндөр чадвартай, уйгагүй зүтгэлтэй, багийн сэтгэлгээтэй, хамтач хүмүүс ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Гуравдугаарт, санхүү босгох чадвартай байх ёстой. Бид гэгээн сайхан зүйл ярьж гарч ирчихээд хэн нэгний халаасанд орох юм уу, шантааж болж болохгүй. Тиймээс байгууллага маань санхүүгийн хувьд шилэн данстай, ижил тэнцүү оролцоотой. Үр дүн зарцуулалт нь шударга тогтолцоотой байх шаардлагатай.

Би Канадын Ерөнхий сайдын Жастин Трудогийн танхимаа яаж бүрдүүлж байгааг хараад бахархаж байсан. Монголд ч гэсэн ийм соёлыг Азийн бүс нутагтаа түрүүлж бий болгох ёстой. Эмэгтэйчүүдийн оролцоог өргөнөөр нэвтрүүлж байх ёстой. Тиймээс би “АЗХ-ны удирдлагын багийн 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ” гэдгээ мэдэгдсэн юм. Эмэгтэйчүүд бол авлигад бага өртдөг, гэмт хэрэгт бага орооцолддог. Дээрээс нь нийгмийнхээ бүлээн чанарыг тээгчид нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог шинэ түвшинд гаргахад АЗХ манлайлж ажиллана. Ингэснээр эрчүүдийн оролцоог хязгаарлах тухай асуудал биш юм.

-Та бүхэн бол АН-ын залгамж халаа. Танай нам дотроо олон фракцтай гэгддэг. Тиймээс АЗХ-ны нэр дэвшигчдийг хэн нэгний халаасны хүн мэтээр хүмүүс харж байсан. Жишээлбэл, таныг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч байсан гэдэг утгаар нь түүний хүн гэж байв. Залуучууд энэ намыг фракцгүй болгох тал дээр яаж ажиллах юм бэ?

-Би сонгуулийн туршид хэлж явж байгаа. Ард чинь хэн байна вэ гэж хүмүүс хардаж асууж байна. Бидний ард хань ижил, үр хүүхэд маань байгаа. Харин бидний дотор итгэл үнэмшил байна. Манай намд өнөөдөр 40 шүргэж байгаа залуус ихэнхдээ арав гаруй жил улс төрийн салбарт идэвхтэй анхан шатнаас нь эхэлж ажиллаж ирсэн. Тиймээс тухайн хүмүүсийн хаана хэнтэй ажилласных нь төлөө шүүмжлэх хэрэггүй.

Ерөнхийлөгчид нэр дэвшиж ялсан Х.Баттулгын мөрийн хөтөлбөрийг 21 аймгаар танилцуулаад явж байхад намайг “Женкогийн хүн юм байна” гээд хэлж байсан. АН дээр улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар урилга аваад ажиллаж байхад “С.Эрдэнийг намын дарга байхад нь нарийн бичиг болж байгаа юм чинь түүний хүн байна” гээд хэлж байх жишээтэй. Тэрний өмнө АН-ын даргын сунгаанд таван нэр дэвшигчийг орон даяар хөтлөөд явсан. Тэр үеэр мөн л намайг “Шинэчлэлийн хөдөлгөөнийх юм байна. Ах нартайгаа алалцаж байгаа юм байна” гээд хэлж байсан. Өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байхад “Ц.Элбэгдоржийн хүн юм байна” гээд хэлж байсан. Хүн шүүмжлэхдээ тулбал юу ч шүүмжилж болно. Гэхдээ олон тайлбараас илүүтэйгээр ажлынхаа явцаар энэ хүн хэн нэгний эрх ашгийг хамгаалахаар байна уу эсвэл залуучуудынхаа төлөө юм хийх байна уу гэдгийг 2020 оны сонгуулийн үр дүнгээр харах боломжтой.

“Ах” нарын алдаа оноог Монголын ард түмэн шүүж ирсэн. Бид нар шүүхгүй. Алдаа, оноотой зүйлүүдээс нь сургамж аваад өөрсдөө давтахгүйн төлөө явах хэрэгтэй. Өнөөдөр Монголын залуучуудын хувьд улс төрийн цоо шинэ соёлыг авчирах хандлага явагдаж байгаа. Өнөөдөр МАН-д залуучууд нь дарга нарынхаа эсрэг зарчмын байр сууриудыг зоригтой илэрхийлж чадаж байна. АН ч гэсэн ийм залуусын шинэ үе эхэлж байгаа. Нэг ялгаа нь гэвэл АН-ын хувьд шинэчлэлийн дөрөв, таван давалгааны үндсэн дээр ахмад, дунд, залуу үе хоорондоо ойлголцож байна.

-МАН-ын залуучуудын дуу хоолой нийгэмд чанга байдаг. Харин АН-ын залуучуудын үйл ажиллагаа дорвитой биш байх юм. Энэ намын цус сэлбэлт болсон та бүхэнд шинэчлэлтэй холбоотой ямар санаачилгууд байна вэ?

-Тэгэхээр бид нэг зүйлээс ангижрах ёстой. Урт хугацаандаа Монгол төрийн алтан аргамж, төрт ёсны уламжлалыг зөв авч явахад өнөөдөр улс төрд явж байгаа залуус хаа хаанаа бодож, өөрийн ёс зүй, эрхэм суртахуун, хууль дээдлэх чанарыг дандаа баримталж явах ёстой. Хамгийн том эрх ашиг бол Монгол Улсын үндэсний эрх ашиг шүү дээ. Үүний доор намын эрх ашиг гэдэг зүйл байгаа. Хамгийн доор нь хувийн эрх ашиг гэдэг зүйл байгаа. Ер нь намын шинэчлэл гэдэг зүйл бол дөрвөн янзын логик алхам байгаа. Жишээлбэл, АЗХ бол АН-ын дэргэдэх бүтцийн байгууллагын хувьд энэ намын манлайлал, хүний нөөцийн эх сурвалж нь байх ёстой. Залуу боловсон хүчнээ зөвөөр эрүүлээр бэлтгэдэг тэр бааз нь байх учраас АЗХ шинэчлэгдэх ёстой. Ингэснээр АН-д хэрэгтэй. АН-ыг бодлого суурьтай, институцийн соёлтой, үзэл баримтлалын хувьд төлөвшсөн, үндсэн дүрмээ сахин биелүүлж чаддаг. Хүний нөөцийн хувьд сэлгэлтээ сайн хийж чаддаг. Санхүүгийн хувьд ил тод, хариуцлагатай, оролцоотой нам болгоход АЗХ-ын шинэчлэл нөлөөгөө үзүүлнэ. АН шинэчлэгдсэнээр Монголын улс төрийн намуудын соёл төлөвшинө. Бусад намууд ч АН-ыг дагаад энэ зарчмаар явахаас өөр замгүйд хүрнэ. Яагаад гэвэл сонгогчид илүү өндөр шаардлага тавьж эхэлж байгаа. Монголын улс төрийн намууд төлөвшсөнөөр парламентын засаглалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэртэй. Парламтентат ёсыг төлөвшүүлэх нь улс төрийн намуудын төлөвшлөөс хамааралтай. Парламентат ёс төлөвшиж байж бид зөв, эрүүл тогтолцоо руугаа явна гэсэн үг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *