УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-МАн-ын XXVIII их хурал болж өндөрлөлөө. Нам нь талцаад хоёр хуваагдчихсан үед хуралдсан. Энэ удаагийн Их хурлаар ямар асуудлуудыг хэлэлцсэн бэ?
-МАН-ын 28 дугаар Их хурал хуралдан өмнөө тавьсан зорилго, зорилтоо биелүүлж чадлаа. Их хурлаар намын дотоод уур амьсгал, зохион байгуулалтаас гадна эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан төлөөлөгчид үг хэлж, улс төрийн илтгэл тавилаа. Цаашид хийж хэрэгжүүлэх зорилтоо тодорхойлсон. Энэ удаагийн Их хурал МАН парламентад үнэмлэхүй олонх буюу 65 суудалтай болж, Засгийн газраа байгуулан, Нийслэл, дүүрэг, орон нутагт олонхыг бүрдүүлж байх цаг үетэй давхцлаа. Нэг үгээр хэлбэл ард түмний итгэл хүлээлгэсэн, хариуцлага нэхсэн цаг үе таарч байна. Бид 2020 онд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн байх уу, ард түмэнд амласан амлалтуудаа хийж чадах уу гэдэг зүйлсийг Их хурлаар ярилаа. Намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, нийгэм эдийн засгийн зорилтуудаа тодорхой болгосон. Эрх барьж буй улс төрийн хүчний Их хурлаас гарч буй шийдвэр төр засгийн шийдвэр болон биежиж явдаг.
Тиймээс эрх барьж буй намын Их хурал үе үеийн олны анхаарлын төвд явж ирсэн. Шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх, төрийн албыг тогтвортой байлгахын сацуу зөв засаглалтай болгох, ард түмний хөрөнгө мөнгийг завшиж буй үйл явдлууд, бондтой холбоотой асуудлууд дээр чанга байр сууринаас хандах ёстой гээд ярьцгаасан. Мөн намын дүрэмд өөрчлөлт оруулж, намын анхан шатны төлөөлөл, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх заалт оруулсан. Түүнчлэн Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн тоог нэмэх санал хэлж байна лээ.
-Намын дарга шинээр сонгогдлоо шүү дээ. Танай намын гишүүд бүрэн сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа юм биш үү?
-МАН-ын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар дэвшин өрсөлдсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 63.1 хувийн санал авч МАН-ын дарга гэдэг хариуцлагатай, нэр хүндтэй албыг цаашид үргэлжлүүлэхээр болсон. Ер нь гишүүдийн зүгээс эрх барьж буй намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчим бий. Ард түмэнд амласан амлалтаа биелүүлэхийн тулд Ерөнхий сайд намын дарга байх нь зөв гэсэн. Тэгэхгүй бол Ерөнхий сайдаар нэг хүн, намын даргаар нэг хүн ажиллахаар хүн хоорондын болон институц хоорондын зөрчил бий болно гэдгийг хэлж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд том хариуцлага үүнийг дагасан том хүлээлт хамт ирсэн.
-Танай нам үнэнийг хэлэхэд хоёр нам шиг болоод багагүй хугацааг үдлээ. Шинэ намын дарга эв эеийг хичээж, тасарсан, талцсан хүмүүсээ нэгтгэж чадах уу?
-Их хурлын үеэр хүн бүр шахуу намын эв нэгдлийн асуудлыг хөндөж байсан. Намын удирдлагаар ажиллаж байсан Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Багабанди дарга нар ч үгээ хэлсэн. Малчин, бизнесмэн гээд бүгд үгээ хэлсэн гэж бодож байна. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 300 гаруй сум, 150 гаруй хороо, 1000 гаруй багийн төлөөлөл ирсэн. Их хурлын төлөөлөгчид гэдэг чинь бага ард түмэн гэсэн үг. Дээд түвшинд ажиллаж байгаа хүмүүс эв эеийг хангах, эв нэгдэлтэй байх ёстой гэж байсан. Тиймээс шинээр сонгогдсон МАН-ын дарга У.Хүрэлсүх парламентын 65 гишүүн цаашид хагаралгүй явна, эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлана, үл ойлголцлыг илааршуулах чиглэлд анхаарч ажиллана гэсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүнийг эв эеэ сахиж ажиллахыг үүрэг болгосон гэж ойлгосон. Хүмүүс дор бүрнээ эв эеэ хангаж ажиллах байх.
-2012 оны сонгуулийн дараа парламентад цөөнх болсон нэг үгээр хэлбэл лааз өшиглөж явсан намыг 2013 онд М.Энхболд дарга удирдан чиглүүлж үнэмлэхүй ялалт байгуулсан. Харин шинэ намын даргадаа тамгаа шилжүүллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаных нь төлөө танай намын зарим гишүүн мөн ч их баалсан…
-Намын 27 дугаар Их хурлаас М.Энхболд дарга намын дарга болж байх үед манай нам парламентад 26 суудалтай, ихэнх аймаг, дүүрэгт ялагдчихсан байсан. Харин 28 дугаар Их хурлаар намын даргын ажлаа өгөхөд нам парламентад 65 суудалтай, нийслэл, дүүрэг, аймагт үнэмлэхүй ялсан ийм үр дүнг шинэ намын даргад хүлээлгэн өгч байна. М.Энхболд даргын ажлын том үзүүлэлт нь энэ. М.Энхболд дарга хоёр дахь удаагаа МАН-ын даргаар ажиллалаа. Ард түмэн үнэлэлт, дүгнэлтээ өгсөн. Амаргүй үед энэ намыг эрх баригч болгосон М.Энхболд даргад намын жирийн гишүүдээс эхлээд бүгд талархах учиртай.
-32, 33-ын бүлэг эвлэн нийлэх орон зай үлдээгүй юм биш үү. Эвлэрэл харагдахгүй л байгаа юм даа. Тиймээс цаашаа улам гүнзгийрэх юм биш үү…
-Манай намын бүлэг 33, 32 болж хуваагдсан зүйл байхгүй. Засгийн газрыг огцруулах уу, шинэ Засгийн газар байгуулах уу гэдэг дээр үзэл бодол, мэдээллийн зөрүү гарсан. Гишүүд өөр өөрсдийн байр суурийг л илэрхийлсэн. Миний хувьд Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн болон дэмжээгүй хүмүүсийг аль алийг нь хүндэтгэж байгаа. Тэд ардаа сонгогчидтой тул өөрсдийн шийдвэр нь түмэн олны шахалт хүсэлт, хүлээлт байдаг. Тэр утгаараа мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Ард нь төлөөллийн шийдвэр гаргагчид байдаг тул хариуцлагатай шийдвэр гаргадаг юм.
Үүнээс хойш бид энд хуваагдаад байх бодит шалтгаан байхгүй. Мэдээж хувь хүн хоорондоо ойлголцох зүйл байж болно. Хувь хүний асуудал хичнээн их байлаа ч төрийн ажлын хажууд өчүүхэн шүү дээ. Тиймээс Монголын ард түмний язгуур эрх ашиг, намын эрх ашгаа хамгаалан ажиллах нь зүйтэй. Намын дарга, улс төрийн албан тушаалтнууд хариуцлагатай байх ёстой.
-Засгийн газар байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Ард түмний маш өндөр хүлээлт талаар болж эхэллээ гэж байна. Та Засгийн газрын үйл ажиллагаанд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Шинэ Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх цаг болоогүй. Үйл ажиллагааг нь харах хэрэгтэй. Ерөнхий сайд томилогдоод 40 гаруй хоног, сайд нар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Ерөнхий сайдын хэлж буйгаар дөрвөн чиглэлд анхаарч ажиллах юм байна гэж ойлгосон. Бид хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүнг харж байж дүгнэлт өгөх ёстой гэж боддог. Нийгэмд шударга ёс тогтоох, сахилга хариуцлагыг бий болгохын тулд хувь хүн болоод хийж хэрэгжүүлэх ажилд нь бодит үр дүн гарна. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь энэ Засгийн газрын үндсэн үүрэг нь. Бид амлалтаа биелүүлж байж бодит дүнгээ ирэх сонгуульд тавиулна. Үүн дээр нэлээд анхаарах болов уу. Тэр утгаараа сургууль, цэцэрлэгийн асуудлыг ирэх оны төсөвт шийдэхээр суулгасан. Цэвэрлэх байгууламж, хогны үйлдвэр, хотын түгжрэл дээр бодит шийдэл гарган зарлаж байна. Манай чухал салбаруудын нэг болох эрүүл мэндийн тал дээр анхаарч тогтолцоог нь зөв болгох үүднээс Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгаж байгааг нь зөв гэж байгаа юм.
Мөн газрын наймаа, лицензийн наймаа гэж олон жил яригдаж ирсэн зүйл дээр татвар тавьсан. Нийгэм, эдийн засгийн амьдралд хүлээгдэж байгаа асуудлууд шийдэгдэж эхэлсэн. Намын гишүүдийн хүлээсэн хүлээлт өндөр байгаа тул үүнд нийцэж сэтгэл гарган ажиллах ёстой. Засгийн газар алдаа гаргавал бид хатуу байна. Зөв зүйлийг нь хоёр гараа өргөн дэмжинэ. Засгийн газрын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна.