Сүрьеэгээс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн А.Ундраа, ХӨСҮТ захирал Д.Нямхүү, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, НЭМҮТ захирал Б.Цогтбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгчид болон БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 170 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Сонирхуулахад, манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний арван хувийг хүүхэд эзэлж байгаа бол 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байдаг аж. Мөн сүрьеэгийн уршгаар жилд 200 хүн амиа алдаж байгаа төдийгүй энэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдан группт орж буй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тухайлбал 2012 онд 1775, 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ.
Иймээс сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх нь чухал байгаа юм. “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” хэлэлцүүлгийг Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, ХӨСҮТ-өөс зохион байгуулж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм.