Үл хөдлөхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Мастер групп” компани 10 жилийн ойдоо зориулж нийгмийн хөгжилд чиглэсэн, бизнес эрхлэгчдийг дэмжих дөрвөн томоохон үйл ажиллагаа зохион байгуулах болсон талаар өнөөдөр тус компанийн удирдлагууд мэдээлэл хийв.
Тус компани “Амжилтын түүх” сэдэвт форум, Гоё гудамж” төсөл болон “Сайн бизнес” хөтөлбөр, “Сайн бизнес шалгаруулах” сошиал уралдаан зарласан байна. “Гоё гудамж” төслийн хувьд хотын төвийн 5700 ам.метр талбайд ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, автобусны шинэ буудал, нийтийн эзэмшлийн 100 авто зогсоол зэргийг цогцлоох аж. Үүнд 500 гаруй сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх хавар ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Харин “Амжилтын түүх” сэдэвт форум нь энэ сарын 29-нд болно. Энэхүү форумд Монголын шилдэг таван аж ахуйн нэгжийн захирлыг урьж, тэдний бизнесийн амжилтын түүхээс хуваалцах юм. Мөн уулзалтад 100 баялаг бүтээгчдийг оролцуулах аж.
Мөн байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт тоног төхөөрөмж ашигласан 10 бизнес эрхлэгчийг өөрсдийн барьсан барилгаас 30 хувийн хөнгөлөлттэй үнээр оффис худалдан авах боломж олгох “Сайн бизнес” хөтөлбөр хэрэгжүүлнэ. “Сайн бизнес шалгаруулах” сошиал уралдааны хувьд хоёр үе шаттай байх юм. Эхний шатанд тухайн компанид ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн материалыг хянан үзэж, шилдэг 10 компанийг шалгаруулна. Дараагийн шатанд шалгарсан 10 байгууллага өөрсдийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилтынхоо талаар илтгэл тавих бөгөөд эхний гурван байрыг шалгаруулж, урамшуулах юм.