Categories
мэдээ соёл-урлаг

Дүрслэх урлагийн шилдэг таван бүтээлийг улсын санд худалдан авчээ

Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Уран зургийн галерей хамтран амжилттай зохион байгууллаа.

Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн 2017 оны 10 сарын 06-аас 10-р сарын 22-ны хооронд Монголын Уран зургийн галерейд гарч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлөл 2017 оны улсын санд худалдан авах бүтээлийн нэрсийг тодруулсан.

Шалгаруулалтанд 98 уран бүтээлчийн 131 дэсийн 180 ширхэг 369 иж бүрдэл бүхий уран бүтээл ирснээс:

1. Н.Батбаярын “Дайчин” уран баримлын бүтээл

2. Н.Сүхбүрэнгийн “Хязгааргүйн алсад” керамик бүтээл

3. Д.Цолмонгийн “Дэлгэр нутаг” уран зураг

4. Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг

5. О.Энхтайваны “Булан” уран зургийн бүтээлүүдийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэлээ.

Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж уран бүтээлийн чанар сайжирсаар байна. Түүнээс гадна нийт уралдаанд ирсэн бүтээлүүдээс мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс өндөр үнэлгээ авсан 60 гаруй уран бүтээлийн каталоги хэвлэгдэн гарч байгаа нь бүтээлүүдийг олон нийтэд таниулах арга хэмжээ болж байгаа юм.

1. Н.Батбаярын “Дайчин” уран баримлын бүтээл

Найдангийн Батбаяр нь 1990 оноос Монументаль чимэглэлийн үйлдвэрт уран барималчаар ажиллаж байсан. 1999 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүнээр элссэн уран барималч юм.

2016 онд бүтээгдэж оюуны өмчийн патентаар баталгаажсан бүтээл юм. Монголын Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хааны үед уул ус, газар нутгаа хамгаалах тулаанд нэгдэн боссон ахмад дайчин. Эхний тулаанд ялаад амарч буй нь. Нутгийн зүг хүлгийн жолоо залмаар байвч өнгөлзөх дайсан дахин ирэхийг мэдэж байгаа түүний дотор эх орны төлөөх агуу сэтгэл дүүрэн байна.

2. Н.Сүхбүрэнгийн “Хязгааргүйн алсад” керамик бүтээл

Наранхүүгийн Сүхбүрэн нь 2005-2009 оны хооронд Монгени сургуульд керамикийн багшаар ажиллаж байсан. 2009 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүнээр элссэн уран бүтээлч юм.

3. Д.Цолмонгийн “Дэлгэр нутаг” уран зураг

Дамбын Цолмон 1997 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд “Наран Нүүдэл” хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ амжилттай гаргасан. 1992-1999 оны хооронд Соёлын өвийн төвд ажиллаж байсан.

Олон төрлийн дүрсийн билэгдэл болон хурц тод өнгийн шийдлээр хязгааргүйн орон зайд Дэлгэр Монгол орноо төсөөлөн бүтээсэн билээ. Алтан нарны цацраг,сарны туяа,солонгын долоон өнгүүд нь миний эх орныг өнө мөнхөд өөдлөн дэвжүүлж,гэрэлтүүлэн,дэлгэрүүлэхийг,төрийн далбаа, монгол гэр,тооно,морьтой хосууд,хоттой хонь,сүрлэг морьдоор гэр бүлийн хайр энэрэл,нандин харилцаа,бат бэх итгэл,хамтын зүтгэл,элбэг дэлбэг амьдралын эрч хүчийг илтгэн харуулахыг зорьсон билээ.

4. Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг

2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Монгол зургийн мэргэжлээр төгссөн. 2012 онд “Дотоод сэтгэл”, 2014 “Эрсдэл дагуулсан тоглоом”, “Сэтгэлийн өнгө” зэрэг бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж байсан.

1 секундээс ч бага цаг хугацааг хэмжих нэгж бол Цезийн цаг бөгөөд энэ ертөнц дээр оршин байгаа амьд биет бүхэн тэр бүү хэл бурхан чөтгөр ч цаг хугацаанаас хамааралтайгаар оршдог. Хүн төрөлхтөн өөрсдийгөө энэ ертөнцийн эзэн мэт аашлах болов ч хүний амьдрал ердөө л энэхүү Цезийн цаг хэлбэлзэл мэт үзэгдээд өнгөрөх үзэгдэл юм. Цезийн цаг нь 1 секундэд 9 тэрбум 192 сая 631 мянга 770 саяны 007802 удаа хэлбэлздэг

5. О.Энхтайваны “Булан” уран зураг

Очирбатын Энхтайван нь 1998 онд Дүрслэх урлагийн дээд сургууль,2009 онд СУИС-ийн Урлагийн боловсролын магистрын зэргийг хамгаалсан.2001 онд МУЭ-ийн гишүүн, 2004 онд МУЭ-ийн дэргэдэх залуучуудын уран бүтээлийн нэгдлийн зөвлөлийн гишүүнээр тус тус элссэн. 2006 оноос хойш СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд Уран зургийн багшаар ажиллаж байгаа.

Аливаа нэг газар орон ертөнцөд булан байдаг, зарим газар булан байдаггүй. Хүний нүдэнд харагддаггүй тэр болгон анзаардагүй булангийн тухай эрмэлзлээ. Буланд байгаа орон зай их байхуу, тэр чимээгүй ч юм шиг, ихэнхдээ харанхуй байдаг, энэ булангийн тухай, оюун санааны буланд юу байдаг вэ? гэсэн асуудалд хариулах, кофе болон ноос, ноолуур хоёрын хоорондын харьцаа өгүүлэмжээр, өрнө дорно, шинэ хуучин зэргийг илэрхийлэн, хар цагаан хоёр бодит булангаар сэдэлжүүлж, зохиомжийн уламжлалт барилаас зугтан асгарсан болно. Геометрын дүрсээр илэрхийлэгдэж байгаа боловч уян зөөлөн мэдрэмж хэллэгээр түүний мөн чанар луу өнгийсөн нь өөрөө өөрийнхөө булан нь юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *