Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Гомбын Өлзийсайхан агсны зээ хүү Г.Батгомботой ярилцлаа. Тэрбээр эмээгийнхээ авьяасыг өвлөж, “Сэмхэн дурламаар” шинэ уран бүтээлээ өлгийдөн аваад удаагүй байгаа ажээ.
-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгаар овоглосон олон сайхан уран бүтээлчид өөр өөрсдийн оршин буй цаг хугацаа, орон зайг эзэгнэн, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсээр явна. Таны эмээ ч тэр сайхан дуучдын алтан үеийн төлөөлөл болж чадсан хүн шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Эмээ минь 1945 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Эмээгийн авьяас дунд сургуульд байхад нь тодорч, зургадугаар ангидаа улсын уралдаанд оролцож “Улсын алдарт дуучин” дипломоор шагнагдаж байсан гэж аав ярьдаг. Гэхдээ эмээ дунд сургуулиа төгсөөд Архангай аймагт сувилагчийн сургуульд сурч байсан юм билээ. Тэр үедээ тус аймгийн соёл урлагийн 10 хоногийн концертод Л.Мөрдоржийн хөгжим “Хөхөө намжил” дуурийн Алтайн дагинын дуу, монгол ардын дуу “Могой хээр”, казах ардын дуу “Актама”-г дуулж Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж, мэргэжлийн дуучны үнэмлэх авсан гэдэг юм билээ. Түүнээс хойш урлагийн мөр хөөж, Хөвсгөл аймгийн Соёлын ордон, хилийн ба дотоодын цэргийн дуу бүжгийн чуулгад жүжигчин, гоцлол дуучнаар ажиллах болж. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин байхдаа 1978 онд МУГЖ цолоор энгэрээ мялаасан. Мөн Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”-ийн Сүрэн, Арбузовын “Эрхүүд болсон явдал”-ын Наталья, Ж.Лодойн “Бүрхэг шөнө”-ийн Саран гэхчлэн нэлээн олон дуулалт жүжгийн дүр бүтээж, зохиолын болон ардын богино дуунуудыг өөрийн өвөрмөц, арга барилаар дуулж нэрд гарсан ард түмний хайртай уран бүтээлчдийн нэг байсан.
-Ардын уран зохиолч П.Бадарч гуай “Застав минь баяртай” дууг маань МУГЖ Г.Өлзийсайхан анд маань өнөө л ганган, өвөрмөц хоолойгоороо халагдах цэргийн хацрыг нортол дуулж билээ” гэж дурссан байна лээ. Эмээгийн тань энэ сайхан хоолойг үр хүүхэд нь өвлөж, дуулж явна уу?
-Миний эмээ чинь их том биетэй, тарган хүн байсан. Түүнийхээ хэрээр цээлхэн, хүчтэй хоолойтой. Эмээ маань зургаан хүүхэдтэй байснаас уран бүтээлийн мөр хөөж, дуулсан хүн байхгүй. Гэхдээ бүгд л найранд гурван дугараатай, хурим найрыг сайхан хөгжөөчихдөг уран сайханчид гэж хэлж болно. Эмээ намайг жаахан байх үед тоглолтоор явахдаа дандаа дагуулж явдаг байлаа. 2007 онд сүүлийн тоглолтоо хийх үед нь би тайзан дээр эмээтэй цуг дуулж байсан юм. Тоглолт нь эхлэх болоогүй байхад би бүх хувцсаа өмсчихсөн, медалиа зүүчихээд Бөхийн өргөөн дотор гүйж явснаа тодхон санадаг. Тоглолтод хилийн цэргийн дуу бүжгийн ансамблийнхан бүгд оролцсон. Намайг хүн бүхэн өхөөрдөөд л, “Удам залгах ач хүү нь байна” гэдэг байлаа. Тэгж эмээгийнхээ тоглолт дээр эмээтэй цуг дуулж байсан. Түүнээс хойш удалгүй 2008 онд өөд болсон доо.
-Эмээгийн амины хүүхэд байжээ дээ?
– Эмээ намайг бага байхад хонь эргүүлэхээр явахдаа дагуулж явдаг байлаа. Тэгээд л хадан цохион дээрээс хонь руугаа харж байгаад дуулна. Дараа нь ёсолно. Эмээд хонинууд нь хүн болж харагддаг байж л дээ. Би бас дагаад дуулдаг байлаа. Эмээг хөдөө очихоороо тэр хавийн бүх хүмүүс “Өөжгий эгч ирлээ” гээд л бүгд хошуураад гүйцгээнэ. Хүн бүхэнд толгой дараалаад бэлэгтэй ирдэг байж дээ. Явах болохоор нь хонь мал гаргаад л ачиж өгөөд явуулдаг байсан. Сайхан сэтгэлтэй, их гоё хоол хийдэг хүн байлаа. Бас нэг удаа төв цэнгэлдэхэд наадмын нээлт дээр эмээ дуулж байсан юм. Тэгэхэд би бөхийн талбай руу ороод суучихдаг тийм жаахан хүү байлаа. Ер нь л эмээгийнхээ хайртай хүү нь, ийш тийшээ явахад нь дандаа хамт явдаг байсан.
-Дуучин Бурмаа, Мөнхбат, Банзрагч гурвын сэргээн дуулсан “Миний ардын сэтгэл цагаан” дууг анх эмээ тань дуулж, олны хүртээл болгож байсан юм билээ. Энэ дууг анх дуулах болсон талаар нь ярихгүй юу?
-Аавын хэлснээр яруу найрагч Ш.Сүрэнжав гуай энэ дууны шүлгийг эмээд зориулж зохиож өгсөн гэдэг. Тэгээд эмээ минь дуулж, ард түмний хүртээл болгосон. Эмээгийн энэ сайхан уран бүтээлийг СТА Бурмаа, Мөнхбат, Банзрагч гурав үргэлжлүүлж дуулаад ард түмэнд хүргээд явж байгааг сонсоход надад сайхан санагддаг. Би ч бас тэр понограммыг нь авч хааяа дуулдаг. Бас “Дорнод Монголын уудам тал” дууг нь “Нисванис” хамтлаг рок хэлбэрт оруулаад дуулсан байсан. Ерөнхийдөө миний хоолойны тембер эмээгийнхтэй адил тёнор болохоор би эмээгийнхээ дуунуудыг сэргээж дуулна гэсэн бодолтой явдаг.
-Эмээгийн тань шавь нарын нэг нь морины Батбаяр гавьяатыг гэж сонссон?
-Эмээ маш олон уран бүтээлийн цомог гаргаж, цөөнгүй шавьтай байсан. Тэдний нэг нь морины Батбаяр гуай. Би багадаа Батбаяр гавьяатын нэрэмжит морины дууны уралдаанд оролцдог байлаа. Аймгаас шалгарч, улсын уралдаанд оролцохдоо “Соёолонгийн тоос” дууг дуулж Хүүхдийн ордны “Авьяас” мөнгөн медалиар шагнагдаж байсан.Өнгөрсөн өвөл би Хөвсгөл аймгийн сумдаар тоглолт хийж явсан. Г.Өлзийсайхан гавьяатын ач хүү нь байна гэхээр “Жаахан хүүхэд дуулаад явж байсан. Ийм том болчихсон юм уу” гээд нутгийн олон минь хүндэтгэж байсан шүү.
-Өөрийн тань хувьд шинэ уран бүтээлээ өлгийдөж аваад удаагүй байгаа юм билээ. Уран бүтээлч залуу хүний хувьд цаашдын хүсэл мөрөөдөл, зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Эмээгээс өвлөсөн авьяасаа хөгжүүлээд, эмээгийнхээ авсан гавьяа шагналыг авч, нутаг ус, ард түмэндээ хүндлэгдсэн сайхан дуучин болно гэж боддог. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Найданжавын аялгуу, яруу найрагч Чагнаадоржийн шүлэг “Сэмхэн дурламаар” шинэ уран бүтээл минь фм, радиогоор цацагдаад эхэлсэн байгаа.