Улс төрийн сөрөг хүчин хөөр баяр болон цовхчихыг сүүлийн хорин хэдэн жил “Өдрийн сонин” нарийн ажиглаж дэмжин бичиж байна. Яагаад гэвэл аль ч нам эвсэл төрийн эрх барина тэр бүгдэд “Өдрийн сонин” мөнхийн сөрөг хүчин байдаг. Сөрөг хүчин гэдэг олонхын дарангуйллаас цөөнхийн эрх ашгийг хамгаалж, ямар ч нөхцөлд ард түмнийхээ талд зогсон тэдний дуу хоолой нь болох учиртай. Гол утга агуулга нь энэ.
Эрх баригчдын идэж ууж, дур зоргоороо аашилж авирлан, төрийн мөнгөөр тансаглаж буй үйлдэл, бузар булай хуйвалдаан бүхнийг бид илчилж, нийгэмд баримттайгаар ил тодорхой гаргадаг. Тиймдээ албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж байгаа дарга сайд нарыг хазаарлах, үндсэндээ Засгийн газрыг унагах бүхий л операци, сөрөг хүчний дайралт давшилтыг дэмжиж, үзэл бодол дуу хоолойгоо нэгтгэдэг юм. Гэтэл Монголын улс төрийн гол хоёр хүчин болох Ардчилсан нам, Ардын нам сөрөг хүчний үндсэн чиг үүргээсээ шууд хазайсан. Зөвхөн сонгууль, эрх мэдэл, албан тушаал, ашиг хонжоо харах болсон. Засгийн газар нь мөхөж унан, сүйрч байвал тэдний бах тав нь ханана. Ард түмний амьдралд ямар байх нь огтоос хамаагүй.
Засгийн газраа татаж унаган зорьсон зорилгодоо хүрсэн сөрөг хүчнийхэн баяр хөөрөө багтааж ядан тэврэлдэж, энд тэндгүй хундага харшуулан уухай хашгирахыг бид удаа дараа харж байна. Ерэн оноос хойших 27 жилийн хугацаанд одоогийн байдлаар Их хурлын сонгууль долоон удаа болсон ч 16 Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлсэн байдаг. Долоон удаагийн сонгуулийн хугацаанд Засгийн газар арван зургаа солигдоод байна гэдэг Монголын төр ямар ч тогтворгүй, дархлаагүй, засаглалын гүн хямрал нүүрлэсний гол баталгаа. Жасрай, Энхбаяр хоёр л дөрвөн жилийнхээ хугацаат албыг дуусгасан бол бусад 14 Ерөнхий сайд нь гурван сараас хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн байдаг. 19962000 оны хоорондох Ардчилсан холбоо эвслийн үед дөрвөн Засгийн газар байгуулснаас гурав нь огцорсон. Тэр бүгд сөрөг хүчин болох хуучин Ху намынхны ятгалга, сонгуульд ялагдсан өширхөл байсан. Ерэн найман онд Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай нийлэн хуйвалдаж байж М.Энхсайханы Засгийн газрыг унагасан. Шампанск буудуулж тэд баяраа тэмдэглэж байв. Гэвч удаа ч үгүй тавхан сар гаруй хугацааны дараа Элбэгдоржийн Засгийн газар огцорсон. “Чи намайг манай намынхантай нийлж огцруулах далд хуйвалдаан хийгээд байна уу” гэж Элбэгдорж Энхбаяраас асуусан байдаг. Нөгөөх нь “үгүй үгүй” л гэнэ. Ингээд Элбэгдоржийн Засгийн газар огцорлоо. Тэрээр огцорчихоод гараад иртэл Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёр баяр хөөртэйгээр тэврэлдэн угтсан дуулддаг. Ингэж сөрөг хүчин эрх баригч ардчилсан холбоо эвслийг хооронд нь бутаргаж, дөрвөн жилийн хугацаанд гурван удаа засгийг нь унагасныхаа үр дүнд 2000 оны сонгуульд 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулж байсан. Эрх баригч АНаас огцорсон сайд Ж.Наранцацралтаас өөр хүн Их хуралд суугаагүй.
Засгийг огцруулдаг сөрөг хүчнийхний менежментийн арга 2004 оны сонгуулийн дараа дахиад л давтагдсан. Их хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Элбэгдоржийн Засгийн газрыг хоёр жилийн дараа огцруулсан. Тэгэхдээ М.Энхсайхан хэдэн жилийн өмнөх “өшөө”гөө авч Элбэгдоржийг сөрөг хүчнийхэнтэй нийлж огцруулаад Миеэгомбын Энхболд Ерөнхий сайд болсон. Гэвч түүнийг жил гаруй хугацаанд ажиллуулсан болоод л С.Баяр намын их хурлаараа намын даргаа ч авсан, Ерөнхий сайд ч болсон.
Одоо ч энэ байдал хэвээрээ, улстөрчид нь хэрүүл тэмцлээ хийгээд сандал ширээний төлөө дайтсаар байна. Хэдхэн хоногийн өмнө Их хурлын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан Их хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын “хуц, солиор, хулгайч”-аараа дуудалцсан хэрүүлийг сонсоод сөрөг хүчин АН-ын Лу.Болд ёжтой гэгч нь инээмсэглэн дэлгэц дүүрэн гарахыг бид харж л байна. Монголын төрийг удирдаж буй Ардын нам “33”, “32”ын бүлэг хэмээн голоороо тас хуваагдаж дотроо сөрөг хүчин болсон байна. Тиймдээ л Их хурлын чуулганы үеэр төрийн индэр дээрээс нэгнийхээ луйвар булхайг ил болгоно, бүх зүйлийг нь шалгуулж илчилнэ, шоронд хийнэ гэж төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй аашилж, шүдээ хавиралдацгаан нэгнээ өширхөн занаж байна.
Ер нь энэ олон жилийн туршлагаас харахад сөрөг хүчний баяр баясгалан бол улс орон тэр чигтээ сүйрэн доройтохын дохио байдаг юм байна. Сөрөг хүчин баярлалдаад, хундага тулгаад, нялуунаар тэврэлдээд байх тусам Монголын төр улам хэврэгшиж, үнэгүйдэж, үхээнц дорой болж ард түмэн төрөө үл хүндэтгэдэг байна. Хүссэн хүсээгүй нэг л мэдэхэд ийм байдалд ордгийг бид нүдээрээ харлаа.
Мөн гадны орнуудын бэлээхэн жишээ байна. Ливид юу болсон гэж санана. Сөрөг хүчин нь ард түмнээ турхирч бослого гарган удирдагч Каддафиг аймшигтайгаар харгислаж алсан. Нефтийн бүтээгдэхүүн үнэгүй, түүнээ дагаад сандал ширээнээс аваад бүхий л эд хэрэглэл үнэгүй, дээрээс нь бизнесийн гарааны мөнгө гэж залуучууддаа 10 мянган долларыг хүүгүй өгдөг байсан, Ойрхи Дорнодын жинхэнэ диваажин болсон энэ улс өнөөдөр тамын орон болсон. Одоо тэнд өлсгөлөн, гуйланчлал, алан хядаан, хууль хяналтгүй төр л байна. Сөрөг хүчний ялгалганд орж удирдагчаа алсан ард түмэн түүнийхээ горыг хичнээн жил амсч зовохыг таашгүй.
Мөн Ойрхи Дорнодын амьжиргааны өртөг өндөртэй, хамгийн тансаг орнуудын нэг Сири улс байсан. Гэвч хүний эрх, эрх чөлөөг боомилсон хууль дүрэм гаргалаа хэмээн ард иргэд нь Засгийн газрынхаа өмнөөс боссон. Башир Ассадын дэглэмийг эсэргүүцсэн бослого долоон жил үргэлжилсний эцэст Сирийн мөргөлдөөний улмаас 465 мянган хүн амь үрэгдэж, нэг сая гаруй хүн шархдаж, 12 сая иргэн буюу дайны өмнөх тус улсын хүн амын тал хувь нь орон гэрээсээ даажаад байна. Тус улсын хамаг л өөдтэй өнгөтэй барилга байшин, түүхэн дурсгалт газрууд дайны хөлд нэрвэгдэж зүв зүгээр улс гэв гэнэтхэн газрын хөрснөөс арчигдлаа гэдэг шиг тамын орон болсон. Тунис, Египетийн бослого мөн адил сөрөг хүчний турхиралт гаднын томоохон орнуудын нөлөөлөлтэй холбоотой. Эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон барууны орнууд Ойрхи Дорнодын дээрх улсуудыг дотор нь хагалган бутаргаж, сөрөг хүчнийг нь эрх баригчдынх нь өөдөөс турхирч босгож, ил далд санхүүжүүлдэг. Дэлхийн аялал жуулчлалын гол бүс болсон Египет улсын сөрөг хүчин Ерөнхийлөгч Хосни Мубаракийн дэглэмийг эсэргүүцэж, түүнийг амьд үхдэл болгож, бослого үймээн дэгдээснийхээ хүчинд аялал жуулчлалаас орж ирдэг тэрбум тэрбумын ашиг байхгүй болсон. Ингээд эдийн засаг нь нуран унаж, ядуу хоосон болсон. Украйны бослого, өнөө улбар шарынх нь хувьсгал ч сөрөг хүчнийхний өдөөн хатгалга билээ.
Тэгэхээр сөрөг хүчний улайран давшилт, ялалтын уухай, цаад үр дүн нь төрийг юу ч биш зүгээр л 00-ын цаас шиг болгож, улс орныхоо хувь заяаг эмгэнэлтэйгээр эргүүлж, ард түмнээ туйлдуулж орхидог байна. Эрх баригчдын муу муухайг үзэж, тэдний булай луйврыг илчилж, ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй байна хэмээн есөн шидээр шүүмжлэн гарч ирсэн сөрөг хүчин тэдэнтэйгээ яг ижил байдаг нь хамгийн том аюул. “Эдгээр шударга нөхдүүдэд төрийн жолоог атгуулах хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс хөгжинө, ард түмэн сайн сайхан амьдарна” гэх итгэлээр сөрөг хүчнийхэнд дархан эрхийг нь өгдөг. Гэтэл тэд өмнөх эрх баригчдынхаа алдааг давтаад зогсохгүй тэднээсээ ч муу ажиллаж, шийдвэр гаргасан нэг ч зүйл байхгүй хий хоосон амлаж лоозогносон, төр түмэнд хамгийн хорлонтой хүмүүс болох нь илэрдэг. Өмнөх эрх баригчдаасаа өшөө авахын төлөөх хорслын сэтгэлтэй, өлөн ходоодтой хонины арьс нөмөрсөн чононууд дараагийн ээлжээ хүлээж байдгийг Монгол Улсын сүүлийн 27 жилийн түүх гэрчилж байна. Эрх баригчдаас өшөө авна гэдэг нь улс орноосоо, ард түмнээсээ өшөө авч байна гэсэн үг юм. Сөрөг хүчин ялаад ард түмэнд юу ч нялздаггүй учир улс орныг сүйрүүлэх ёр гэдэг нь ийм учиртай.
Өнөө жил Таван толгойг зогсоосны 30 жилийн ой тохиож байна. Тэртээ наян долоон оноос Таван толгойн анхны ТЭЗҮ-г боловсруулж нөөцийг нь 6.4 тонн гэж тогтоосон байдаг. Түүнээс хойших 30 жилийн энэ хугацаанд улстөрчид хувааж залгиснаас ард түмэнд нялзсан юм бараг үгүй. Мөн Эгийн голын усан цахилгаан станцыг зогсоосны 25 жилийн ой тохиож байна. 1992 оноос Азийн хөгжлийн банктай хамтран 220 мВт-ын хүчин чадалтай 2.5 сая ам.долларын төсөвтэй Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ярьж эхэлсэн ч 25 жилийн хугацаанд асуудал нь шийдэгдээгүйг юу гэж ойлгох уу. Ерээд оны дунд үеэс тавдугаар цахилгаан станцын сураг дуулдсан. Хоёр мянга арваад оны эхээр ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс тухайн үед хэлж байсан. Сүүлд Бат-Үүлийн үед Хөлийн голын хөндийд барихаар газрыг нь тогтсон ч одоо хэр нь сураг ажиг алга. Аль ч засгийн үед нам гүм байсаар өдий хүрлээ. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцууд насжилт хэрээс хэтэрсэн, ачааллаа даах боломжгүй болж буйг мэргэжилтнүүд хэлдэг, улс эх орны цохилох зүрх болсон энэ асуудалд анхаарал тавих төрийн түшээ алга. Нефтийн үйлдвэрүүд, төмөр зам гээд Монгол Улсын хөгжил дэвшлийн гол тулгуур болсон том том төсөл хөтөлбөрүүд 20, 30 жилийн ойтойгоо золгож байна. Эдгээр амин чухал асуудлууд өнөөдөр эрх баригчдын шүлс төдий байна. Сөрөг хүчний баяр баясгалангийн үр дүнд ингэж л улс Монгол минь элгээрээ харуулдаж, эрхэт төр маань үхээнц дорой байдалд оржээ.
Монгол ардын нам өмнөх дөрвөн жилд сөрөг хүчин Ардчилсан намыг яаж гутааж, инээлдэн шоолж даапаалж байлаа. Эрх баригч буюу АН-ын бүтэлгүйтэлд сөрөг хүчин яаж баяр баясгалан болж байсныг бид тодхон санаж байна. Тэгвэл одоо Ардын нам өөрсдөө гараад яг л адилхан хувааж идээд, бүтэлгүйтээд сөрөг хүчнийхний инээдэм наргиан, доог тохуу болоод байж байна. Сү.Батболдын засгийн газрын 17 хувийн өсөлтийг сөрөг хүчин АН-ынхан “17 хувийн өсөлт чинь ард түмэнд хүрэхгүй байна” гэж дайрч давшлан, элдэв хоёроор хэлсээр байгаад засгийг авсан. Тэгтэл Н.Алтанхуягийн засаг юун 17 хувийн өсөлт вэ. Эдийн засгийн өсөлт гэрлийн хурдаар буурч 3, 4 хувьтай дүүжин даажин байгаад сүүлдээ 0 заасан. Эдийн засаг хүнд хэцүү, ард түмний амьдрал баргар байхад эрх баригч нөхөд сөрөг хүчнийхэнтэй нийлж Алтанхуягийн Засгийн газрыг унагасан. Ардын намын нөхөд муу муухайгаар нь дуудаж байгаад огцруулж байсан. Ингээд Чингис, Самурай бондын хоёр тэрбум долларын эдийн засгийн цусны эргэлт нам зогссон. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд ард түмнийг бүр амаар нь шороо үмхүүлсэн гэхэд болно. Энэ бүгд дээр сөрөг хүчин тоглолт хийж бүхий л төсөл хөтөлбөрийг нь гоочилж, хийсэн бүхнийг нь харлуулсны эцэст өнгөрөгч сонгуулиар өөрсдөө 65 суудал авч ялалт байгуулсан.
Ард түмнээ бараг л диваажинд амьдруулна гэж гарч ирсэн Ардын нам амласан бүх зүйлийнхээ эсрэг ажилласан. Татвар нэмсэн, хүүхдийн мөнгө зогсоосон гээд иргэд, ирээдүй хойчийнхоо халаас руу дайрсан. Ардын намын нөхөд одоо эв эеийг хичээн эрх баригч шиг байж, сөрөг хүчнийхээ бах тавыг багахан шиг хангах хэрэгтэй байна. Та бүхнийг ард түмэн сонгож гаргаж ирсэн. Ард түмэндээ яагаад хариу барих өчүүхэн сэтгэлгүй байдаг юм бэ. Эцэст нь хэлэхэд, эрх баригчид баяжаад байдаг, сөрөг хүчин баярлаад байдаг. Ард түмэн хоосон хэвээр л байна шүү дээ.