Анхны антибиотик пенициллинийг 1943 онд нээсэн. Нянгийн эсрэг эм бэлдмэл гарахаас өмнө сүрьеэгээр өвчлөгсөд 2 -2,5 жил амьдарч, 50-80% нь нас барж байсан бол одоо 85-90% нь эдгэрч байна.Түүнчлэн уушгины хатгалгаа, менингит зэрэг нянгаар үүрсгэгддэг өвчнийг эдгээж сая сая хүний амьдралыг уртасгажээ.
-Ердөө 4 жилийн дараа уг антибиотикт тэсвэртэй нян бий болсон.
-1987 оноос хойш шинэ төрлийн антибиотикыг нээж чадаагүй байна.
-Хамгийн сүүлд нээгдсэн антибиотикт аль хэдийн дасал үүсчихсэн аж.
Антибиотик гэдэг нь нянгийн эсрэг сонгомол нөлөөтэй биологийн гаралтай бүлэг нэгдлийг хэлдэг байна.Антибиотикыг нян буюу бактерийн халдварын үед, мэдрэг чанарын шинжилгээний хариунд үндэслэн сонгон, зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэдэг бөгөөд харин вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй ажээ.
Антибиотикын эмийн зохистой хэрэглээ
Дэлхийн ихэнх оронд антибиотик эмийг эмчийн хяналтын дор туйлын болгоомжтой хэрэглэдэг. Энэ нь нянд тэсвэртэй, хоруу чанар өндөр нян үүсэхээс сэргийлэх чухал арга хэмжээ юм. Манай орны хувьд антибиотикын хэрэглээний дундаж 33,1% байгаа нь харьцангуй өндөр, импортолж байгаа эмийн дунд антибиотикын эзлэх хувь дэлхийн дунджаас 14,7%-иар дээгүүр байна. Монгол улсад антибиотикын хэрэглээ хяналтаас гарч, антибиотикт дасах үзэгдэл газар авч байгааг судлаачдын дүн харуулж байна.
Антибиотикыг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална
– Антибиотикыг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикыг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикын мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жорд бичсэн антибиотикыг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай.
-Хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй
-Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй.Үүнээс гадна уг антибиотикыг дахин хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ антибиотик танд таарахгүй байна гэсэн үг бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол амь насаа ч алдах аюултай.
-Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Жишээлбэл: Гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ. Ципрофлоксацин эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглодог
-Ихэнх антибиотикыг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй
Антибиотикын дасал
Антибиотикыг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикын дасал үүсдэг.Антибиотикыг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикын дасалтай болох гол шалтгаан болдог.
Антибиотикын хор уршиг
Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирус гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.Антибиотикыг заасан хугацааны турш гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол, эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.
Антибиотикт тэсвэржилт
• Зарим бүлгийн антибиотикт нянгийн тэсвэржилт үүсэх хүртэл нэлээд хэдэн жил болдог.
• Пенициллиныг хэрэглэж эхэлснээс хойш 3-4 жилийн дараагаас тэсвэржсэн нянгууд бүртгэгдэж эхэлсэн.
• Зарим хагас нийлэг пенициллиний бүлгийн антибиотикт (ampicillin) тэсвэржилт үүсэхэд нэлээд удаан хугацаа шаардагдсан байна.
• Гэтэл метициллинд жилийн дараа л тэсвэржилт үүссэн.
• Богино хугацаанд тэсвэржилт үүсэхэд антибиотикын хэт их хэрэглээ нөлөөлдөг.
Хор нөлөө
Эмчилгээний үр дүн муудах
Эмийн гаж нөлөө ихсэх
Эмд дасал болох
Ижил найрлагатай эм хэрэглэх, тун хэтэрч хордох
Эмчилгээний зардал ихсэх
Өвчтөний сэтгэл зүйд муугаар нөлөөлөх
Өвчтөнд өвчин ба эмчилгээ, эмийн зөв хэрэглээний талаар тодорхой тайлбарлаагүйгээс бичсэн эмийг хэрэглэхгүй байх эсвэл буруу хэрэглэснээс эмчилгээний үр дүн буурах
Антибиотикыг заавал жороор хэрэглэх шалтгаан
• Тухайн нэг антибиотик зөвхөн тодорхой нэр төрлийн нянд үйлчлэх чадвартай.
• Таны туссан өвчний шалтгааныг тодруулснаар онош тавьж, оношинд тохирсон эмчилгээ хийнэ.
• Эмч болон эм зүйчтэй холбоотой алдаанаас болж таны эрүүл мэнд хохирсон тохиолдолд таныг өмгөөлөх баримт бичиг нь жор юм
Б.ҮРЖИГ