Ахмад инженер Б.Оюунбилэг
Геологийн албаны нэг чухал салбар болсон лабораторийн шинжилгээний үр дүнгээр орд газарт үнэлгээ өгч үйлдвэрлэлд шилжүүлдэг. Энэ чухал үүргийг нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж ирсэн “Геологийн төв лаборатори” байгуулагдаад нэгэн жарны нүүр үзэж байна. Тэртээ 1957 онд БНМАУ-ын СнЗ-ийн 461-р тогтоолоор батлагдаж байсан “Геологийн төв лаборатори” анх хими, спектр, рентген, минералоги, өнгөлөх, бутлах тасгуудтай 59 хүнтэй, 42 монгол ажилтны дөнгөж гурав нь дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн байсан бол 1983 он гэхэд 296 ажиллагсдынх нь 148 нь дотоодод болон ЭЗХТЗ-ийн орнуудад сургууль төгссөн нарийн мэргэжлийн инженерүүд болж бүгд төлөвлөгөө, нормтой ажилладаг болжээ. 1977 онд Ж.Шагжаа агсан лабораторийн дарга болсноор аж ахуй санхүүгийн хувьд бүрэн бэхжүүлэх, хамт олны идэвх санаачилгыг өрнүүлж, нам, эвлэл, эмэгтэйчүүд, ахмад болон бусад олон нийтийн байгууллагуудыг зангидаж олон чиглэлээр дорвитой ажил зохиож жинхэнэ бүтээлч хамт олныг бүрдүүлж өгсөн билээ.
Улсын хэмжээнд геологи хайгуулын ажлын хэмжээ эрс өссөнөөр лабораторийн шинжилгээний ажил ч асар ихээр нэмэгдсэн юм. ГТЛ улсын өмнө хүлээсэн үүрэг, өмнөө тавьсан зорилтоо тогтмол нэр төртэй биелүүлж 1980-1989 онд улсын хэмжээнд зарлан явуулж байсан 10 удаагийн болзолт уралдааны долоод нь шалгарч улсын тэргүүний байгууллага хамт олон болж байлаа. Шинжилгээ судалгааны ажил ч улам төгөлдөржин тасаг, цехүүдийн бие даасан үйл ажиллагаа өргөжиж байлаа.
ГТЛ-ийн хамт олон геологич нөхдийнхөө нээн илрүүлсэн олон арван орд газрын дээж сорьцонд өгөх, нөөцийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Заримаас нь дурьдвал: Эрдэнэт, Цагаан суваргын зэс, молибден, Модот, Түмэнцогт, Бүрэнцогт, Хүж хаан, Баянмод, Элст, Жанчивлингийн цагаан тугалга, Толгойт, Их Алтат, Заамар, Бороогийн алт, Бэрх, Хотгорын нүүрс болон барилгын материалын олон арван орд газрын дээж сорьцыг хийсэн.
1974 онд ЗХУ-ын техник, эдийн засгийн 100 хувийн тусламжтайгаар баригдсан шинэ байранд орсон лабораторийн хамт олон тэр үедээ ЭЗХТЗ-ийн лабораторийн түвшинд хүрч “Эрдэс түүхий эдийн арбитр-лаборатори” болж байсан бол өнөөдөр “Сорилтын болон калибровкийн лабораториудын чадавхид тавих ерөнхий шаардлага”, “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчдийн чадавхид тавих ерөнхий шаардлага”, “Тохирлын үнэлгээ-ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага” гэсэн чанарын удирдлагын тогтолцооны олон улсын гурван стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж “гурвалсан” буюу “Платин” итгэмжлэл авсан лаборатори болсон өндөр амжилтаар 60 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Ийм бахархалт түүхтэй лабораторийн үе үеийн хамт олондоо 60 жилийн ойн баярын мэнд хүргэж аз жаргал, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ
Т.Анима