Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2017 оны 11 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Парагвай Улсад ажлын айлчлал хийж байна.
Гадаад харилцааны дэд сайд 11 дүгээр сарын 8-нд Парагвайн Хөдөө аж ахуйн дэд сайд Марио Леон, Худалдааны дэд сайд Оскар Старк нартай тус тус уулзаж, тус улсын хөдөө аж ахуйн салбарт хүрсэн амжилт, туршлагаас судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Айлын тал саналыг хүлээн авч, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Парагвай нь Өмнөд Америкийн бусад орны нэгэн адил хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлсэн орон бөгөөд бөгөөд үхрийн мах, хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний экспортоор дэлхийд дээгүүр ордог орон билээ.
Хоёр тал Монгол Улсын ХХААХҮЯ, Парагвай Улсын Газар тариалан, Мал аж ахуйн яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг сунгаж ажиллахаар тохиролцов. Санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааны боломжийг тодорхойлж, дэвшилтэт техник технологийн туршлагыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагууд, хоршоод, хувийн хэвшлийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм.
Мөн Дэд сайд Б.Батцэцэг Парагвайн Хөдөө аж ахуйн технологийн хүрээлэнд зочилж, Хүрээлэнгийн дарга уулзахдаа хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжилтэн солилцох, туршлага судлах боломжийн талаар ярилцав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улстай 2003 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны хүн ам цөөн, сийрэг суурьшсан, эдийн засагт нь хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэй, далайд гарцгүй, хөгжиж буй орнууд зэрэг адил төстэй хүчин зүйлс байдаг тул хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бий гэж талууд үздэг.
Айлчлалын хүрээнд Дэд сайд Б.Батцэцэг Парагвайн Гадаад хэргийн дэд сайд Федерико Гонзалез Франкотай яриа хэлцээ явуулж, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах юм.