Өвөрхангай аймгийн иргэн Д.Бор
Би Өвөрхангай аймгийн хүн. Нийслэлд орж ирээд удаагүй байна. Төв суурин газар орж ирснийх эмнэлэг, домчоор жоохон явах санаатай. Харин манай улсын эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаа бидний сэтгэлд төдийлөн хүрэхгүй байгааг нуугаад яахав. Өндөр төлбөртэй, хувийн эмнэлгээс бусад улсын эмнэлгүүд нь төлбөр бага ч оочер ихтэй, үйлчилгээ удаан, орчин нь бохир, эмчлэгсдийн харилцааны соёл доголдолтой зэрэг хүндрэлтэй асуудал их. Төрөөс, татвар төлөгч бидний мөнгөөр цалинждаг, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтай төрийн албан хаагчид угтаа хүндээ илүү үйлчилгээ үзүүлэх ёстой биз. Нийтээрээ үйлчилгээ, харилцаа муу биш ч миний очсон эмнэлэг бүр л тиймэрхүү муу үзүүлэлттэй харагдлаа. Хөдөө орон нутгийн бид нарт эмнэлгийн үйлчилгээ авахад хэцүүхэн болжээ. Бид чинь бас ардаа амьдралтай хүмүүс. Наад зах нь эмнэлэгт үзүүлэхийн тулд цаг авна, авсан цаг нь адаглаад долоо хоног бүр сарын дараа ирэх ч дугаар өгдөг. Энэ бол миний хувьд болоод хөдөө орон нутгийн хүмүүсийн хувьд маш хэцүү байна. Тэгээд хүлээж байгаад нэг юм үзүүлнэ. Үзүүлснийхээ дараа ийшээ ч яваад ийм ч шинжилгээ хийлгэ, тэр ч эмчтэй уулз гэдэг. Иргэдэд үйлчилгээгээ арай ойлгомжтой, хөнгөн, шуурхай хүргэж болдоггүй л юм байх даа. Нийслэл хүрээ газар амьдарна гэдэг ер нь хэцүү юм байна. Хөдөө, нутагтаа хэдэн малаа маллаж, санасан бүхнээ хийж, амьдрах шиг жаргал алга. Гэхдээ өвчний эрхээр хот хүрээ газрыг зорихоос өөр аргагүй. Ингээд ирэхээр биднийг угтаж авч байгаа эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудын үйлчилгээ тааруу. Мань мэтийн хөдөөний улсуудыг ингэтлээ их чирэгдүүлж, бухимдуулж буй эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, наанадаж оочер дугааргүй, цаанадаж харилцааны зөв соёлтой боловсон хүчнээр хангаасай. Засаг, төрдөө хамаг буруугаа чихмээргүй байгаа ч гэлээ үнэндээ ард түмний амьдрал хэцүү байна шүү дээ. Үүнийг ойлгох хэрэгтэй.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН
Т.АНИМАА