Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг энэ сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ талаар өчигдөр холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ. Дэлхий дахинд жилд 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу болдог байна. Жилдээ 17 сая хүний тархинд цус харваж, үүнээс 6.5 сая хүн нь нас бардаг аж. Манай улсад ч уг өвчний тохиолдол нэмэгдэж, нас баралтын гол шалтгааны хоёрдугаарт орж байна. Тархинд цус харвахад хүргэдэг гол зүйл нь өөх тос, давс, архи тамхины хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, стресс, хөдөлгөөний хомсдол, бодисын солилцооны эмгэг гэж байна.
Аяны хүрээнд харвалтын анхны шинж тэмдэг, харвалтад хүргэх шалтгаан, түүнээс сэргийлэх талаар хүн амд тодорхой мэдээлэл өгч, эрүүл амьдрах арга барилд сургах, эрсдэлээ өөрсдөө үнэлэх, хянах чадварыг эзэмшүүлэх талаар сургалт явуулж, гарын авлага тараах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
Энэхүү аян нь энэ сарын 16-нд эхэлсэн бөгөөд 29-нийг хүртэл үргэлжлэх юм. Эхний ээлжинд ”Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн 40-өөс дээш насны буюу зорилтот бүлгийн иргэдэд эмч, мэргэжилтнүүд, эм зүйч нар хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөх ажээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зохицуулах хорооны дарга С.Гантуяа энэ тухай ярихдаа “Улсын хэмжээнд харвалтаар өвчилсөн хүмүүсийг зөвхөн гуравдугаар эмнэлэгт хүлээн авч эмчилгээ хийдэг ч хүрэлцээгүй байдаг. Иймээс бид дүүрэг болон хөдөө орон нутагт харвалтыг эмчлэх тасаг байгуулахаар баг гарган ажиллаж байна” гэж хэллээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдрэлийн төвийн дарга Л.Энхсайхан “Харвалт бол өргөн тархалттай. Хүний амь насанд аюултай. Хөдөлмөрийн чадавх алдалтад нөлөөлдөг. Харвалтын дараа эрсдэл ихтэй, эмчилгээний зардал маш өндөр гардаг. Тиймээс эрт урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байна. Хүн мэддэггүй зүйлээсээ айдаг, сэргийлж чаддаггүй. Мэдлэгтэй болчихвол өөрөө, өөрийгөө урьдчилан сэргийлчихнэ. Тиймдээ ч Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ удаа тархины харвалттай тэмцэх өдрийг 11 хоногийн аян болгоод байгаа юм” гэлээ.
Энэ үеэр Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалангаас тодрууллаа.
-Тархины харвалт залуужиж байна уу. Хэдээс хэдэн насныхан энэ өвчинд нэрвэгдэж байна вэ?
-Залуужих хандлага бий. 35-аас дээш насны хүмүүс харвах нь энгийн үзэгдэл болчихоод байгаа. Түүнээс гадна 19 настай, хорь, хорин хэдтэй залуучууд хүртэл харвалтад өртөж байна. Хүн зүгээр, эрүүл байхад харвана гэж байхгүй. Шалтгааныг өөрсдөө л бүрдүүлж байна.
-Тухайлбал, юунаас болж харвахад хүрч байна вэ?
-Сүүлийн үед хүмүүс амтлаг, тансаг удаан хадгалагддаг хоол хүнс их хэрэглэх болсон. Ийм бүтээгдэхүүнүүд судас, судасны ханыг хатууруулдаг. Судасны хананд товруу үүсгэнэ. Мөн цусыг өтгөрүүлж, цусан доторх хаягдал муу зүйлийг ихээр бий болгоно. Ингээд бохирдолтой, хэт өтгөн болсон цус тэсэхээ болиод харвалт үүсгэж байна гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Даралт ихэсдэг болсон хүн заавал аппараттай байх ёстой. Хувь хүн өөртөө даралт үзэх хянах нөхцөлийг бүрдүүлж байх шаардлагатай. Заавал өндөр настай гэлтгүй, хүн бүр даралтаа үзэж өөртөө дүгнэлт хийж байх ёстой. Өөрөө өөрийнхөө даралтыг хэд байдаг, хэрхэн хэлбэлзэж буйг мэдэж байх шаардлагатай.
-Стресс мөн энэ өвчний гол шалтгаануудын нэг юм билээ?
-Стресстэй холбоотой олон өвчин үүсч байна. Тиймээс өөрсдөө л өөрийгөө стресс, өвчин зовлонгоос сэргийлэх хэрэгтэй гэдгийг ойлгох шаардлагатай байна шүү дээ. Хүний суурь өвчнүүд тархины харвалтыг үүсгэж байна. Мөн зүрхний өвчинтэй ч холбоотой. Тиймээс зөв амьдрах зөв хэвшлийг дадал болгох хэрэгтэй байна. Чихэр, ундаа, өөх тос, архи дарс, тамхины хэрэглээ ихтэй хүмүүс хамгийн түрүүнд л харвалтад өртдөг. Үүнээс гадна хоолойны ангин бөөр, зүрхний өвчнөө бүрэн оношлуулж, эмчлүүлээгүй бол архагшаад харвалтад хүргэнэ. Залуучууд толгой өвдөөд байна гээд яваад байдаг, энэ нь судасны хана хагарахад хүргэдэг. Эцэг эхчүүд хүүхдээ аль болох эрүүл өсгөх хэрэгтэй. Эцэг эх нь архаг ангинтай бол хүүхдэд ч дамжиж байна. Дээхэн үед монголчууд өөр, өөрийн гэсэн аягатай. Хаа ч явсан өөрийнхөө аяга, халбагыг хэрэглэдэг байсан. Гэтэл орчин үед бүх аяга халбага нийтийнх болсон байна. Мөн хүүхдээ хооллохдоо өөрийнхөө амаар дамжуулж, хоолоо хөргөж өгч байна. Ингээд амнаас ам дамжсан халдвар цаашлаад цусны ханыг гэмтээдэг. Энэ нь мөн тархины харвалтад хүргэнэ гэсэн үг. Тиймээс хүн бүр хүүхдээ цэвэр цэмцгэр, зөв хэвшилтэй эрүүл саруул өсгөвөл өвчнөөс айхгүй байх боломжтой.
-Цус харвалтын үеийн шинж тэмдэг?
-Харвалт болохоос өмнө энэ талаар мэдлэгтэй байх ёстой. Жишээлбэл нүдний хараа муудах, хэл ам мурийх, гар хөл бадайрах зэрэг шинж тэмдэг илэрвэл харвалт өгөх гэж байна гэж үзэж болно. Эмнэлэгт хурдан хүргэж цаг хожих хэрэгтэй. Судас хагараад гурван цаг болоход тархи үхдэг. Амиа алдана, эсвэл тахир дутуу болно.
-Цус өтгөрөх нь харвалтын гол шалтгаан юм байна. Яаж цусаа шингэлэх вэ?
-Цус өөрөө өтгөрнө гэж байхгүй. Стресс, архи, тамхины хэрэглээнээс болж тархины харвалт нэмэгдэж байна. Тамхи татдаг хүний цус маш өтгөн байдаг. Ялангуяа тамхи татдаг бол аспирин 100 зэрэг зохих эмүүдийг ууж байх ёстой. Мөн бусад холестрин бууруулах эм, бэлдмэлүүдийг хэрэглэх нь зөв. Мэргэжлийн эмчид үзүүлж, эмчийн зааврын дагуу зохих эмчилгээг хийлгэн харвалтаас сэргийлэх бүрэн боломжтой.