Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн захиралуудад “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа. Болзолт уралдааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд олимпийн танхимыг тохижуулж, олимпийн хөдөлгөөний түүх сэдвээр бага, дунд, ахлах ангийнхны дунд гар зургийн болон шүлэг, эссе бичлэгийн уралдаан зарлах, биеийн тамирын материаллаг бааз, орчин нөхцлийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Монгол Улсын хэмжээнд олимпийн хөдөлгөөнийг сурталчлан таниулах, сурагчдад бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилготой “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан өчигдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд хоёр үе шаттай болох юм. Энэ үеэр дүүргийн Боловсролын хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Сүхбаатар дүүргийн Олимпийн зөвлөл хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.