Categories
мэдээ цаг-үе

Ц.Лхамсүрэн: Аав минь толгойдоо хүнд шархдаад Байтаг-Богдоос хүргэгдэж ирсэн

Зураг дээр баруун гараас эхнийх нь Ц.Лхамсүрэн, гурав дахь нь Ж.Цэрэв

Баруун хилийг Байтаг-Богд уул, зүүн өмнө хилийг Шилийн-Богд уул хоёр манаж байдаг гэсэн яриа бий. 1940-1950-иад оны үед Байтаг-Богдод цус асгаруулсан олон тулалдаан болж тэндээс домогт баатрууд маань төрсөн. Энэ удаа би тэдний нэг баруун хилээ цусаараа хамгаалсан эрэлхэг дайчин Ж.Цэрэвийн охин Ц.Лхамсүрэнтэй ярилцаж байна.

-Танай эцэг дээдэс чинь аль нутгийн хүмүүс билээ? Эндээс яриагаа эхлэх үү?

-Тэгье. Миний аав Ж.Цэрэв Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул. Ээж А.Буяндэлгэр, бас л энэ нутгийнх. Жирийн малчид. Бага залуудаа айл гэр болж олон хүүхэд төрүүлж өсгөсний охидын бага нь би. Аавынх их ядуу айл байсан гэдэг. Жижигхэн бор гэртэй, цөөн хэдэн бог малынхаа дэлэн шувтарч амьдардаг байсан юм билээ. Тэгээд нутгийн нэртэй баян айлын жижиг цагаан охиныг бэр буулгаж авчирахад хавь ойрынхон гайхаж байсан гэдэг. Миний ээж Буяндэлгэр баян айлын охин төдийгүй, нутаг усандаа алдартай үзэсгэлэнт бүсгүй байсан. Тэгээд манай нутгийнхан “Өлгийн бор гэрийн, өрхний оосрыг татмааргүй охин, Жанчивынд жаргах нартай уралдаж ирсэн” гэж шуугидаг дуулдаг байсан гэдэг.

-Тэгэж бор гэрийн босго алхсан ээж чинь та нарыг өсгөж хүмүүжүүлэх гэж ядраа байхдаа?

-Миний ээж 13 төрсний, эхний долоо нь тогтоогүй юм гэдэг. Тэгээд манай том ах Намсрайжавыг төрөхөд лам хараар их аргалуулсан юм билээ. Лам “Төрсөн хүүхдэдээ Нохойжав гэж нэр өгөөрэй. Тэгвэл тогтоно” гэж. Тэгээд ах маань Нохойжав нэртэй байсан юм шүү дээ.

-Нэрээ яагаад сольчихлоо?

-Их сонин. Ах маань хойшоо сургуульд явах боллоо. Нохойжав гэсэн нэртэйгээр гадаад паспорт авалтай биш. Хэн хүнгүй л нэрээ соль гэлээ. Өөрт ч эвгүй. Тэгээд л бид нэр хайцгаасан юм. Манайхны нэг онцлог бол удам угсаагаараа дуу хууранд дуртай. Хөгжим тоглоно. Дуулж хуурдана. Аав маань бол хөгжим урладаг, хөгжим дуу их сонирхдог хүн байлаа. Хөгжмийн зохиолч Намсрайжавын удирдаж тоглуулдаг “Хэнтийн өндөр ууланд”-ыг бол үзэх сонсох их дуртай, радиогоор явахад нь хацраа наагаад чагнадаг хүн байсан. Тэгээд хүүдээ Намсрайжав гэж нэр өгсөн юм. Бас гэрийнхэндээ цагаан морин хуур хийж өгөн бэлэгшээж билээ. Ингээд том ах маань Цэрэвийн Намсрайжав болсон юм.

Ж.Цэрэв

-Одоо хоёул гол сэдэв рүүгээ оръё. Аав чинь Байтаг-Богдын тулал-даанд гарамгай гавъьяа байгуулан, улсын баатарт тодорхойлогдож байсан сураг байдаг юм. Алдарт дайчин Жанчивын Цэрэв гуайн тухай яриагаа эхэлье.

-Бололгүй яахав. Аавын минь тухай ном зохиолд бишгүй л бичигдэж үлдсэн. Баян-Өлгий аймгийн Алтайн хязгаарт 1923 онд мэндэлсэн гэж албан ёсных нь бичиг баримтад бий. Эх орны дайны ид үед цэрэгт татагдан зүүн хилээ хамгаалахаар Халх-голд очсон юм билээ. Тэнд нэг жил цэргийн алба хааж байтал баруун өмнөд хил хязгаарт гоминданы дээрэмчид халдан түрэмгийлж, олон удаа цэрэг дайны байдалд хүрч байсан учраас нэг хороо цэргийг Байтаг-Богдын тийшээ явуулах болж. Энд ажил үүрэг гүйцэтгэх цэрэг дайчдад казах хэлний орчуулагч зайлшгүй хэрэгтэй болоод аавыг байлдагч-орчуулагчаар явуулсан гэдэг. Ховдын дөрөвдүгээр морьт хороонд 1947 оныг дуустал алба хаасан юм.

-Хилийн тулгаралтад олон удаа оролцсон гэл үү?

-Тэгсэн гэж аав минь ярьдаг байсан. Хороо, отряд, заставын удирдлага хаана байна, тэнд л байлдагч-орчуулагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан юм билээ. Даргатайгаа хамт тулалдаанд орно. Мэргэн бууч байсан учраас дайсныг сум тоолон устгадаг байсан гэдэг. Гол ажил нь Оспаны дээрэмчдээс олзолж ирвэл байцаалтыг нь хасаг, монголоор орчуулж нэвтрэлцэнэ.

-Аав чинь мэдээж олон тулалдаанд орсон байж таарна. Хамгийн том мөргөлдөөний тухай дурсаж байв уу?

-Дурсаж ярина аа. Хамгийн сүүлд Байтаг-Богдын орчмоор дайсны том хүч ирсэн юм билээ. Тэр тулалдаанд байлдаж байгаад аав минь толгойдоо буудуулан ухаан алдаж унасан гэдэг. Дайсны сум аавын баруун шанааны дээхнэ талаар туссан боловч ясанд нь хальтраад гадна талын арьс махыг хаван гарсан байдаг. Тэр сум дотогшоо нэвтэрсэн бол дороо нам үхэх байсан юм билээ. Нэг байлдагч , цэргийн сувилагчтайгаа чирч гулдарсаар ар талд авчран, нисдэг тэргээр Улаанбаатарт хүргэн эмчилснээр эдгэрч гарсан гэдэг. Аавын минь толгойн баруун хажуу талд урт цагаан сорви тогтсон. Найз нөхөд нь аавыг “Сорвит” л гэдэг байсан.

-Эмчлүүлээд ангидаа буцаж очсон уу?

-Очоогүй, тэгээд л халагдчихсан.

-Өөр сонин дурсамж ярьдаг байсан уу?

-Ярьдаг байсаан. Заримыг нь мартчихсан байна. Халх-голд байхдаа ангаж цангаад чийгтэй газарт элгээрээ нааж хэвтсэн, Байтаг-Богдод байхдаа ар талаасаа таслагдан өлсөхийн эрхээр бакалан гутлынхаа түрий, эмээлийн олом жирэмнийхээ үзүүрийг дэвтээж чанаад идэж байсан гэдэг юм. Ер нь, их л хүнд амьдралыг туулсан хүн дээ.

-Аав чинь цэргээс халагдаад хаана юу хийж байв?

-Нутагтаа багийн даргаар хэдэн жил ажилласан. Тэгээд биднийг сургууль соёлоор явуулна гэж нийслэл хотоо бараадаж ирсэн дээ. Хотод, Баян-хошуу орчмоор хэдэн мал маллаж, аав ээж хоёр минь хоёулаа “Алтан тариа” компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарцгаасан. Малтай айл хотод байлгахгүй гэж хөөгөөд байхаар нь аав ээж хоёр минь Гачууртад ирж суурьшсан даа. Аав хэдэн малтайгаа Гачууртыг өгсөж нүүдэллээд, голдуухан ан гөрөөгөөр амьдарна. Ээж минь биднийг харж, сургууль номд маань шамдуулсаар хүний зэрэгт хүргэсэн юм. Баянзүрх дүүрэг, Гачууртынхан “Анчин Цэрэв гуай” гэвэл танихгүй хүн бараг байхгүй дээ. Аав 2013 онд, ээж 1993 онд таалал төгссөн. Үр хүүхдүүд нь одоо Гачууртад таван айл байна. Зургаан хүүхдийн Ц.Намсрайжав, Ц.Бэгзжав, Ц.Цогжав гурав жолооч, техникийн ажилтнууд байснаа Ц.Цогжав маань таалал төгссөн. Баянсүрэнжав, Хоролсүрэн бид гурав худалдаа үйлчилгээний байгууллагуудад ажилласаар тэтгэвэртээ гарцгаасан. Хүүхэд ,хүүхдийн хүүхэд гээд олон ам бүл, олон айл өрх, өнөр өтгөн гэр бүл амьдарч байна. Аав ээжийн хэдэн хүүхдүүд сайн яваа. Бэгзжав ах маань уран сийлбэрч, зураач хүн. Урчуудын эвлэлийн хорооны алтан медалиар шагнагдсан. Баянсүрэнжав эгч маань олон улсын суудалд тогоочоор ажиллаж байсан худалдааны тэргүүний ажилтан, гэх мэтээр бүгд л гавьяа шагналтай, төр түмэндээ үнэлэгдсэн хүмүүс бий.

-Цэрэв гуайг Улсын баатарт тодорхойлогдож байсан гэж нөхөд нь ярих юм билээ. Гавьяа шагнал юутай хүн байв?

-Дээхнэ үед хамт байлдаж явсан нөхөд нь манайхаар их ирдэг байсан. “Баатарт тодорхойлогдоод аз нь дутсан амьтан” гэж инээлдэхийг сонсож л байсан. Алтан гадас, Байлдааны гавьяаны одон, Монгол Зөвлөлтийн “Бид ялав” гэхчлэн, олон л одон медальтай хүн байсан.

-Та түрүү “Анчин Цэрэв” гэж дурслаа. Нэртэй анчин байсан уу?

-Аав минь улсын анчин, мэргэн буудагч хүн байсан. Хориогүй байх үед бол үнэг чоно, зээр гөрөөснөөс эхлээд баавгай, гахай гээд унагаагүй амьтан байхгүй байх. Биднийг чинь ангийн махаар л тэжээж өсгөлөө шүү дээ. Гачууртад байхад нь “Цэрэв гуайд боодог иднэ” гээд хотоос хүмүүс их ирдэг, аавын дэргэд майхан барьчихаад тарваганы боодог идэж амьдарцгаадаг байсан даа. Зах зээлийн ороо бусгаа үед аав минь биднийг тэжээхийн тулд хамаг хүч анхаарлаа тавьдаг байлаа. Хүүхдүүдээ айл гэр болоход нь баавгай, чонын арьс элдэж маш үзэсгэлэнтэй эдлэл болгон өгдөг байсан. Агнасан тарваганых нь арьсаар ээж маань тарваган шуб, малгай хийдэг байв.

-Танайхыг дуу хуурын авьяастайгаас гадна, урианхай сурын харваанд гэр бүлээрээ дээгүүр амжилт гаргадаг гэж сонссон юм байна?

-Манайхан бүгд сур харвана. Дэлэг ахыг байх үед айл дээр цуглан сурын наадам, харваа хийдэг байсан бол сүүлд аавын дүүгийн хүргэн Баатар зохион байгуулан урианхай сурын харваа, тэмцээн зохион байгуулдаг болсон. Манай ах, дүү нар урианхай сурын харваагаар дээгүүр байр эзэлнэ шүү.

-Яриа маань өндөрлөх тийшээ хандаж байна. Та өөрийгөө товчхон танилцуулах уу?

-Би, жирийн л нэг ажилчин хүн. Гачууртын 85 дугаар сургууль, соёл үйлчилгээний зэрэг газруудад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав минь өндөр насалж, мал маллах, ан гөрөө хийх чадалгүй болохоороо бага охиныдоо, манайд байж байгаад таалал төгссөн. Хүүхдүүддээ, тэр дундаа надад амь байсан. Үүх түүх бүх зүйлээ ярьдаг байлаа. Даанч бичиж тэмдэглэж, тогтоож авсангүй дээ. Манайх одоо Гачууртад нөхөр Доржбат, ач нартайгаа амьдарч байна гэснээр бидний яриа өндөрлөв.

(МУСГЗ) Г.ЖАМЬЯН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *