Categories
мэдээ цаг-үе

Д.Баярсайхан: Соробан сампин баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг

Монголын Соробангийн холбооны дэргэдэх “Монгол Соробан” сургалтын төвийн захирал Д.Баярсайхантай ярилцлаа. Хүүхдүүдэд япон сампин соробангаар нэмэх, хасах, үржих, хуваах үйлдлийн тоо бодуулах, анзан буюу цээжээр бодож сургах сургалтыг явуулдаг юм. Тиймээс түүнтэй соробангийн ач холбогдлын талаар ярилцлаа.


-Хүүхдийг хэдэн наснаас нь соробан сампингаар хичээллүүлэх нь зөв юм бэ. Энэ нь хэрхэн яаж хөгжүүлдэг, ямар ач холбогдолтой вэ?

-Манайх 4-16 насны хүүхдүүдийг хичээллүүлж байгаа юм. Хичээллэхэд хамгийн тохиромжтой нь таван нас. Хэт бага насны хүүхэд бол бас тохиромжгүй байдаг. Хүүхдийн хөгжилд маш их хэрэгтэй, сургуульд ороход бэлтгэж, зөв суурийг тавьдаг сургалт гэж ойлгож болно. Соробан сампин нь хүүхдийг анхаарал сайн төвлөрдөг, ой тогтоолт сайтай, хурдан сэтгэдэг, тэсвэр тэвчээртэй болгож, баруун зүүн тархийг тэнцвэртэй хөгжүүлдэг юм. Оюуны хамгийн чухал дасгал гэсэн үг. Үүнийг япончууд тархины фитнесс гэж нэрлэдэг. Энэ дасгалыг хийж байгаа хүүхдийн ой тогтоолт сайн хөгждөг, маш хурдтай сэтгэдэг. Соробанаар хичээллэж байсан хүүхэд сайн төвлөрдөг тул сургуульд ороод цээж бичиг хийхдээ алдаагүй бичдэг зэрэг маш олон давуу тал бий.

-Япон стандарт гэсэн үг биз дээ?

-Манайх бол япон стандар-таар заадаг. Монголд үүнийг оруулж ирсэн, мэргэжлийн хамгийн анхны сургалтын төв байгаа юм. Японы стандарт гэж төвшин тогтоох шалгалт бий. Энэ шалгалтаас зэргээ тогтоолгоод, сургалт хийж болно гэх эрхээ авсан газар. Манай багш нар өндөр зэрэгтэй. Сургалтын хөтөлбөрийг Монголын Соробангийн холбоонд боловсруулан Японы Соробангийн чадварын түвшин тогтоох холбооноос нягтлан баталгаажуулсан. Мөн суралцагчдад зэрэг гэж бий. Манайд нэгдүгээр зэргийг авчихсан хүүхдүүд ч байна. Жил бүр уламжлал болгон зохиогддог олимпиад ирэх сарын 12-нд болно. Үүнд 300 гаруй хүн оролцоно. Японд яаж олимпиад тэмцээнийг хийдэг тэр жишгээр явагддаг том тэмцээн байгаа юм. Мөн Японоос төлөөлөгчид ч ирнэ.

-Өдөрт хэдэн цаг хичээллэдэг вэ?

-Манайх өдөрт нэг хичээллэхдээ хоёр цагаар хичээллэнэ. Дөрвөн аргын тоо заана. Сонгодог дуучин хүн байлаа гэхэд бэлтгэл хийж байж л олон цагаар дуулах чадварыг эзэмшдэг, яг түүнтэй адилхан зүйл байгаа юм.

-Тэгэхээр хүүхэд бүрийг суулгах хэрэгтэй сургалт гэж ойлгож болох уу?

-Хүүхэд болгон явах нь зөв. Урлагийн төрлийн дугуйлан байсан бол авьяасыг нь харж байж явуулж болно. Энэ бол өөр зүйл, тодорхой хэмжээгээр хүн оюун ухаанаа хөгжүүлэх л хэрэгтэй шүү дээ. Хүүхэд бүрийн оюуны чадамж, онцлог өөр, өөр болохоор хүлээж авах чадвар нь хүртэл өөр байдаг. Зарим хүүхдэд хэцүү санагдана. Эхлээд хурдтай бодох дадал суугаагүй байна. Тодорхой хэмжээний давааг давчихаараа дасгал хүндрээд байна гэсэн үг. Өдөр өдрөөр хөгжүүлдэг. Өгөгдөлтэй хүүхдүүд бол шууд л дурлаад л суралцаад явчихдаг.

-Өгөгдөл гэхээр ямар онцлогтой байх уу?

-Байгалийн өгөгдөл. Өгөгдөлтэй гэдэг нь байгалиасаа ой тогтоолт нь сайн. Боломжийн хэмжээний хурдтай, төвлөрөх чадвар сайтай байна. Сул хүүхдүүд гэж бас бий, хүн хүн өөр, ихэр байсан ч хоёр өөр байдаг шүү дээ. Тууштай явах юм бол энэ оюуны спортыг эзэмших боломжтой. Манайхан тууштай явах дээр алдаад байдаг. Хүмүүс Япон сампин л гэсэн хаяг харах юм бол ижилхэн гэж ойлгодог. Манайх анхан шатаар бүх дүрмийн дурын тоог нэмж хасч байхад, бусад газар зөвхөн нэмэхийг зааж байх жишээний. Анхан шат 300 мянга гэж бодвол гурав хуваагаад 900 мянгаар заах нь байна. Манай зааж байгаа анхан шатыг гурав тасалж заадаг гэсэн үг. Дараагийн шатанд үржих, хуваахыг үзнэ. Ерөнхийдөө бүх массыг хамарч хөгжүүлнэ гэсэн зорилготой.

-Цэцэрлэг сургуулиар явж заах боломж бий юу?

-Нийгмийн ажилтнууд цэцэрлэгийн эрхлэгч нар манайд ирээд заагаач гэдэг хүсэлт их тавьдаг. Очиж заах боломжгүй. Соробан сампин заахад хүүхдийг төвлөрүүлэх шаардлагатай тул орчин чухал. Гэтэл цэцэрлэг гэр шиг бужигнаж байдаг учир төвлөрөх боломжгүй. Орчинд нь ороод ирвэл шууд төвлөрөөд явчихна гэсэн үг. Хэзээ ч сургалтын төв дээрх шиг сурч чадахгүй. Зарим хүмүүс мөнгө аваад очиж заагаад байдаг. Орчинд нь заахад цэцэрлэгийн насандаа үржих, хуваах, бутархайг хүртэл боддог болчихдог, гэхдээ энэ нь хүүхдийг зовоосон хүнд зүйл биш. Бага багаар ахиулаад л аяндаа дадал болгодог юм.

-Японд багш нар нь эрэгтэй хүмүүс байдаг гэсэн үү?

-Тултал нь хөгжүүлсэн зүйл сонгодог болж байна. Энэ бол японы оюун ухааны сонгодог спорт. Зарим сэргэлэн хүмүүс үүнийг бизнес болгож, өөрчилж хялбарчлаад хурдан бодох арга зэргээр нэрлэж сургалт явуулж байна. Агуулга бол тал хагас. Япон стандартын сонгомол арга шиг хөгжүүлэхгүй. Япончуудын оюун ухааны боддог аргачлал нь санаа авсан хурдан бодох арга цэвэр төсөөлөл. Гар хуруу хэрэглээд бодоод байгаа юм.

Япончууд болохоор 500 гаруй жилийн турш хөгжүүлчихсэн. Эцэг эхчүүд үе дамжин хүүхдэдээ энэ оюуны спортыг уламжлуулдаг заншил японд тогтсон байна. Японы сэхээтнүүд хүүхдээ оюуны ажил хийлгэнэ гэж эртнээс тооцоолон багаас нь энэ спортоор хичээллүүлдэг. Эрчүүд заадаг, манайд харин эмэгтэй багш нар зааж байна.

-Танай сургалт хэдэн хувийн үр дүнтэй байдаг вэ?

-Эцэг эхчүүд сургалтын газруудыг судалдаг байх хэрэгтэй. Сурган хүмүүжүүлэгч хүн үзээд судлаад харьцуулаад, шинжлэх ухаанч хандаж байж бий болгодог байхгүй юу. Ямар ч учрыг нь олохгүй хэдэн мөнгө олж болохгүй. Манай сургалтын үр дүн 90-ээс 100 хувьд хэлбэлзэнэ. Ийм баг хамт олонтой. Бүрэн төгс ойлгочихсон, мэдэрчихсэн.

-Онош гэж бас нэг зүйл байх шиг?

-Онош бас чухал. Энэ ийм хүүхэд байна гээд оношилно. Жишээлбэл, эцэг эхчүүд нь хүүхдээ гэрийн даалгавар сайн хийдэг гээд аваад ирэхээр нь сампингаар нэг л бодлого бодуулна. Ингээд л даалгавраа хийдэг үгүйг мэдчихэж болно. Энэ чиглэлээр японд очиж медаль авна гэдэг бол тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцохоос ч том зүйл. Үүнийг манайхан ойлгодоггүй. Манайхан ойлгодоггүй олон улс л яриад байдаг. Японд жинхэнэ мундагчууд байгаа. Үнэхээрийн ур чадварын хувьд хүнд бэлтгэл хийх ёстой байдаг. Өөртөө итгэх итгэлийг нь суулгах ёстой байдаг. Их нарийн л даа. Тоо боддоггүй. Төлөвшүүлнэ. Ой тогтоолт, хурдан сэтгэх чадварын сургалт үргэлжлээд жил гаран яваад нэгдүгээр зэрэгтэй болдог. Дээд тал нь 3-4 жил болоход нэлээд сайжирчихсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *