Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Овоо ба хүйс

Сүүлийн үед өрнөсөн үйл явдлууд монгол дахь хүйсийн тэгш эрхийн талаарх нэгэн далд маргааныг хөндөж байна. Энэ юу вэ гэхээр, манай уламжлалд гүн шингэсэн зарим үйлдлүүд, нэг хэсэг нь гүн итгэлтэйгээр дагадаг, нөгөө хэсэг нь нүд үзүүрлэгдэхгүйн тулд аяыг нь харсаар явдаг зан үйлийг хэлж байгаа хэрэг.

Манай эмэгтэйчүүд төр барих эрхийнхээ төлөө чамлалтгүй тэмцдэг. Гэхдээ “Эмэгтэй хүн нөхрийнхээ адил хоймортоо голлон суух эрх, төрийн тахилгат зарим онцгой уул овоонд эрчүүдийн адил гарах эрх, цайны дээжийг хар хүнтэйгээ ээлжлэн уух эрх”-ийн тухай ярьж байсангүй. Энэ тэд эрэгтэйчүүдийн онцгой эрхийг хүндлээд байгаагаас ч болоогүй. Харин нийтээрээ дагаж ирсэн ёс суртлыг хөндөж, нийгэмд гадуурхагдахаас болгоомжилж байгаа хэрэг. Ер нь бол хүний нийгэмд гадуурхагдах нь хууль цаазанд гадуурхагдахаас ч заримдаа дор байдаг гэдэг. Хөгжил дэвшил нь өнгөрснөөсөө салах процесс, “өнгөрсөн” гэдэг дотор өв уламжлал ч багтаж байгаа гээд бодохоор бас сонин. Ухаандаа, эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо гэхэд төрийн тахилгыг яаж хийх вэ, гэхчлэн.

Өөр ч эргэлзээ бас гарна. Ингэхэд ёс заншил нь ухамсартайгаар хийдэг алхмуудаас өөр байдаг уу, жишээлэхэд бүсгүй хүнийг зарим тахилгат уул овоонд гаргадаггүй цээр нь тэднийг дорд үзсэн хэвээр байгаагийн илэрхийлэл мөн үү, эсвэл зүгээр л хуучны уламжлалыг хадгалж байгаа явдал уу гэхчлэн.

Гэхдээ овоо тахилга дээр арай өөр юм бодогддог. Даяарчлагдан ижилсэх өнөөгийн ертөнцөд хүний үндэстнээрээ ялгарах зөн өөрийн эрхгүй сэрж байгаа. Үндэстнийг тодорхойлдог ялгаа нь нь арьсны өнгө, шашин шүтлэг, хэл биш болсоор. Харин үндэсний ёс заншил, тэндээс эхтэй хүмүүжил, хандлага нь үндэстнүүдийг товойлгох шинжүүдийн нэг болж байна. Менежмэнтийг нь жаахан шинэчлээд уул овоогоо тахиж байх нь биднийг талын баатруудын үр удам, тэдний өв уламжлалын үргэлжлэл гэдгийг харуулах хөөрхөн арга хэмжээ, бизнес байж болох талтай.

Жаахан сүсэгтэй хүнийг бол айлгамаар “Халловен” баярыг манайхан тэмдэглээд байна. Лам хуврагууд бол жигтэйхэн сэжиглэж байх юм. Гэхдээ дэлхийн соёлын империйн иймэрхүү байлдан дагуулалт бол эсэргүүцээд дийлэхгүй эд л дээ. Манай үүдийг ч гэсэн тогшоод хэдэн бацаан “хаалоовээний чихэр өгөөч” гээд зогсож байсан. Хэдэн чихэр аваад бөөн хөөр, булан тойруутаа л “энийг чамд тэрийг надад” гээд хувааж хөгжилдөх дуу сонстож байсан. Баярлаж хөөрсөн жаалууд л байсан. Би тэднийг аашилж хөөж чадахгүй…Соёлын түрлэг гэж энэ. Ромын эзэнт гүрний үед хүмүүс тэдний соёлд автснаараа бахархаж, “Би ромын иргэн” гэж хэлэхдээ магнай тэнийдэг байсан, хүмүүс цэргийн империйг эсэргүүцэн унагахын төлөө байдаг бол соёлын имперт автан уусахыг хүсдэг тухай З.Бжезинский хэлсэн байсан.

Тэгэхээр уул овоо тахих ёсыг жаахан мухар сүсэг, харанхуй анимист байдлаас нь гаргаад, соёлжуулбал хүссэн хүсээгүй автаж байгаа өрнөдийн соёлын давалгааг сөргүүлэх хэрэм биш юмаа гэхэд “овоо” болж чадна, овоон дээр маань шаазгай сууж таарна, тэр шаазгай “энэ бол монголчууд” гэж шагширч таарна.

Жуулчид гэж сониуч улс шүү дээ, тэдэнд “эмэгтэйчүүдийн хориг”-ийг бизнес байдлаар тайлбарлаж болно. Бүсгүйчүүдийг арай өөр газар байлгаад “Эмэгтэйчүүдийг хариуцсан тэнгэр нь энд зориуд өөрөө ирж аврал буулгадаг. Учир нь эрчүүд тэнгэр лусын эздэд биечлэн өөрөө очиж хүндлэл үзүүлэх үүрэгтэй бол эмэгтэйчүүд дээр Тэнгэр өөрснөө морилон ирж адисладаг. Эрчүүд ан гөрөө хийхээс эхлээд лусын эздийг уурлуулах үйл олныг хийдэг учраас заавал биечлэн очиж уучлал эрэн, аврал хүсдэг. Харин эхчүүд болохлоор баатрууд, хутагт хувилгаадыг хэвлээсээ төрүүлж, цагаан сүүгээрээ амлуулдаг учир тэнгэр бурхдын хүндлэл хүлээдэг. Газар орны эздийн энэ ёс нь Аугаа их Чингис хааныг төрүүлсэн Эүлэн эхийг хүндлэхээр бууж ирсэн домгоос эхтэй” гэх байдлаар тайлбарлаж яагаад болохгүй гэж. Ер нь шүтдэг зүйлс, сүсэг бишрэлийн обьект юу байх нь сонин биш, тэрийгээ юу гэж тайлбарлаж байгаа нь чухал шүү дээ.

Тэгээд монголын шүтээн болсон уулсын зурагтай сертификат өгөөд “Уулын тахилгад орж хувь заяагаа даатгасан тул таны үйлс ойрын гурван жилдээ бүтэмжтэй явна” гэхчлэнгийн үг бичээд гардуулбал хариад гайхуулах юмтай буцна. Ер нь хүн гэртээ хариад хүнд гайхуулах юмтай байх гэж л аялдаг. Тэрнээс биш яг үнэмшээд давхих нь юу л бол.

ХОЁР. ЭРЭЭ, ГЭРЭЭ, ТӨРӨӨ МЭДСЭН ЭХНЭРҮҮД

Юуны өмнө “овоо ба хүйс”-ийн дэг ёс нь манай уламжлалтай холбоотой эсэхийг хамтдаа сонирхоцгооё. Монголын нийгэмд аль ч үед эмэгтэйчүүдийг дорд үзэх үзэл санаа байгаагүй байх гэж бодогддог. Авгайгаа зоддог, дарамталдаг хөгийн шаарууд бишгүй л байсан байх. Гэхдээ л нийтлэг хандлага нь өөр.

Нүүдэлчний нийгэмд эрчүүд нь ан гөрөө, дайн тулаанд голчлон явах учраас гэр орныхоо аж ахуйг хөтлөх үүрэг эмэгтэйчүүдэд ногддог. Энэхүү аж ахуйн эрх мэдэл нь бүсгүйчүүдийг айл гэрийн Сангийн сайдын хэмжээнд аваачдаг байж. Эрчүүд ангийн хишиг, дайны олзоо эхнэрийнхээ мэдэлд үлдээнэ. Өөрөө дараа дараагийн ан ав, эсвэл их олз олсны найранд одно. Ингээд нөхрийн олзыг захиран зарцуулах эрх эхнэрт үлдэнэ. Хүүхдүүд хийгээд тэр айлын асрамжинд явдаг хүмүүс “төсөв захиран зарцуулагч”-тай сайн байх хэрэгцээ аяндаа үүснэ. Ер нь бол Гадаад хэргийн сайдтай анд явснаас, Сангийн сайдтай ходий байх нь хамаагүй чухал болохыг төсөв зарцуулах эрхтэй төрийн албан хаагчид хэлээд өгнө дөө. Хүүхдүүд нь ч эхтэйгээ хамгийн ойр өсч тэр хэрээрээ эмэгтэйчүүдийг хүндлэх бахдах үзлээр хүмүүжнэ. Ер нь жаахан даваадуулаад хэлэхэд нүүдэлчин хүний аав бол Зөвлөлтийн тусламж, Хандивлагчдын форум, ОУВС маягтай, айн?

Энэ бүхнээс үүдэн эмэгтэйчүүдийг хүндлэн дээдлэх үзэл өргөн дэлгэр. Хэрвээ Өүлэн эх л байгаагүй бол монголчууд Чингис хаангүй байх байжээ гэдгийг “Оюутай төрсөн Өүлэн эх, Онон мөрнийг өгсөж уруудан” хүүхдүүдээ өсгөсөн түүхийг уншсан хүүхэд болгон анзаарна. Бас Чингис хааны цэцэн хатад нь түүний хамгийн гол шийдвэр болох Жамухаас холдох, өв залгамжлагчаа зарлах гэхчлэнгийн шийдлүүдийг нь хэлж өгдөг. Өүлэн эх, Бөртэ үжэн, Хулан хатангүй Чингис хаан бол Чингис хаан биш зүгээр л Есүхэйн Тэмүүжин. Монгол хүүхдүүд үүнийг анзаарч өсдөг.

Мандухай цэцэн хатан бүсгүйчүүд хамгийн мундаг төрийн удирдагч гэдгийг хэлж өгдөг. Тэрээр өөрөөсөө олон дүү, бараг л хүүхэд нь байхаар хөвүүн Батмөнхтэй дэр нэгтгэдгийг эх түүх нь “төрийн төлөөх ариун явдал” хэмээн сургана. Эмэгтэй хүн ойлгомжгүй үйлдэл хийлээ ч гэсэн ариун зорилготой байдаг хэмээн ухааруулна.

Эмээ өвөө нь “Шүүдрийн дуслыг цуглуулаад ээждээ цай чанаж өгөхөд ганцхан шөнө өндийж хөхүүлсэн ачийг л хариулна” хэмээн сургана. Ээждээ цай чанахын тулд шүүдрийн дуслыг нэг нэгээр нь цуглуулах чин ачлалт сэтгэлийн тухай ярьж байгаа болохоос биш, орчин үеийн фильтрээр ус цэвэрлэх тухай яриагүйг ойлгох биз ээ.

Ийм орчинд үе үеэрээ амьдарсан монголчуудын дунд эмэгтэйчүүдийг ялгаварлах үзэл байгаа гэхэд хэцүү, байдаг бол хувь хүний хүмүүжлийн онцлогтой л уялдах байх.

Ядаж л араажав, зурагтаар хангинах нийтийн болон ардын дуунуудыг чагна даа, хэдэн хувь нь ээжийн тухай байна. Эхийн ачийг хариулна уу гэхээс эцгийн ачийг яанам бэ гэсэн үг байна уу, үгүй юү?

Тэгэхээр “овоо ба хүйс”-ийн асуудлыг үндэстнийхээ үзэл санаа, гүн ухаантай холбох аргагүй санагдаж байна.

ГУРАВ. БУРХАН БА ХҮҮХЭН

Бидний уламжлалт шүтээн Буддизмаас бүсгүйчүүдийг дорд үзэх үзэл санааны улбаа харагддаггүй. Бурхан багш ч өөрөө Шагжаамунь жам ёсны жирэмслэлтээс мэндэлсэн гэдэг.

Бурхны шашинд энэрэхүйн үндсийг эхийн хайраар үлгэр болгодог бөгөөд хамаг амьтныг “эх нь ганц үрээ хайрлахын адил” энэрэхийг номлоно. Шарын шашин нь “нэн жендерлэг” бөгөөд Ногоон, Цагаан дара-эхээс авахуулаад эмэгтэй бурхад олон. Та бүхэн Өндөр гэгээний урласан Ногоон Дара-Эхийг мэднэ. Гоо сайхан, ариун гэгээний дуулал болсон түүний гишгэсэн мөрөөр цэцэг ургаж төсөөлөгдөнө үү гэхээс биш уул овоо муухай болгоод хаяна гэж бодохийн эрхгүй.

Ногоон, цагаан Дара-Эхийн тууж гэхчлэнгийн шашны утга зохиол нь бүсгүй хүний үл шантрах нинжин сэтгэл, бурхны хэмжээнд хүрсэн эхийн сэтгэл, энэрэл хайрын дуулал байдаг. Монголын аман зохиолын өвд гүн шингээд, орчин үеийн утга зохиолд ч оршсоор байгаа “эхийн хайр”-ийн сэдэв чухамдаа Буддизмын дэлгэрэлтэй ч холбогдох байх.

Иймээс “овоо ба хүйс”-ийн асуудал нь Буддын шашны сургаал, үзэл санаатай холбоотой гэх нь хэцүү байна.

ДӨРӨВ. СҮМ, ОВОО, ХҮЙС ГУРАВ

Уул овоо тахих нь Чингис хаанаас ч өмнөх зүйл болов уу. Өвөр элгэндээ нууж, өстнөөс аварсан Бурхан халдун уулаа шүтэх, тахих Чингис хааны үзэл санаа нь өвөг дээдсийн уламжлалаа дагасан ёс заншлын хэсэг байх. Ийм учраас овоо тахих нь монголчуудыг монгол харагдуулдаг зан үйлийн нэг байсаар өнөөг хүрсэн бололтой.

Энэ зан үйлд юу нөлөөлөв гэдгийг хоёр талаас нь тайлбар хийж болмоор байдаг. Нэг талаасаа, Бурхны шашны Түвджсэн хувилбар болох шарын шашинд тэндхийн үлгэр домог, бонгийн үзэл санаа шингэсэн байдаг аж. Төвдүүд өөрсдийгээ сайн сармагчин ба муу шулмын дундаас үүссэн гэх ба тэр нь эр ба эм хүйсийг төлөөлнө. Хүний сайн муу чанаруудын зохицлын тухай жаахан бүдүүлэг төсөөлөл л юм даа. Шуламлаг шинж “давамгайлсан” эмэгтэй хүнээс сар тутам бузар зүйл гарах ба түүгээр уул овоо, ус рашаан бохирдвол аюул болох жишээний. Ариун дагшин шүтлэгт газрыг тэрхүү “шуламын” бодисоор хиртүүлэхгүй үүднээс “овоо ба хүйс”-ийн зарчим анх гарчээ гэж үзэх нь ч байна. Овоо тахилгад орж байгаа эмэгтэйн сарын тэмдэг үзэгдвэл, лус савдаг уурлахад багадах жишээний юм болох нь л дээ, тэдний номоор бол.

Харин монголчууд өөрсдийгөө буга, чоно хоёрын дундаас үүссэн гэж домоглох бөгөөд хоёулаа дагшин амьтан учраас энэ нь ариун, тэр нь бузар гэх явдал угаасаа байсангүй.

Төвдөөр дамжин орж ирсэн Буддын шашны иймэрхүү зүйлийг эс тооцвол монголчуудын оюун санааны амьдралд том хувьсгал хийж, өвгөд настнаа сүүлээр хахааж алдаг, дээдсийн хүүхэд эндвэл үе тэнгийн багачуудыг алж хойлголдог гэхчлэнгийн олон бурангуй ёсыг халсан байдаг.

Наад зах нь Орхон зэрэг тахилгат гол мөрнийг тайхдаа, онгон залуу охиныг үйж “баярлуулдаг” аймшигт ёсыг халж, оронд нь эмэгтэйчүүдийг тахилгад оролцохыг болиулсан нь тухайн цагтаа том дэвшил байсан нь лав.

Ер нь XVII зуунаас монголд Шарын шашин дэлгэрэхдээ бөө мөргөлтэй ихээхэн тэмцжээ. Ялангуяа Өвөр болон баруун монголд илүү хүчтэй тэмцсэн гэдэг. Үүний дотор уул овоо тахих явдлыг болиулах гэж үйлээ үзсэн байдаг. Ингээд, монголчууд яагаад ч уул овоогоо тахихгүй байж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ.

Тэгээд монгол орны уул усны эзэд нь бүгдээр Богд Зонховын шашинд дагаар орсныг зарлаж. Улмаар уул овооны тахилгыг лам нар хийх учиртай болсон ба тухайн уул хайрхан бүрт зориулсан уншлага ч зохиогджээ. Мэдээж, шарын шашны төрөлх хэл болох түвд хэлээр.

Ингээд уул овоог тахих процесс нь сүм хийдийн ёслол, тэдний хурал номын нэгэн адил үйл болсон байна. Нэгэнт л сүм хийдийн хурал ном, зан үйлийн нэг хэсэг болсноос хойш тэдний горим, дүрмээр явах болж таарна.

Гэтэл сүм хийд нь эмэгтэйчүүдээс тусгаарлагдсан орон байдаг. Цаад учир нь ийм юм. Эмэгтэйчүүд сүм хийдийг бузарладаг ч гээгүй юм гэсэн. Богд Зонхов сургахдаа, хэрвээ чи гэр бүлтэй бол тэднийгээ хайрлаж, тэтгэж явах үүрэгтэй. Харин гэгээрлийн замд сэтгэл шулуудсан бол тангараг өргөн сахил хүртэж сүмд суух учиртай. Эмэгтэйчүүд хүнийг бузарладаг юм биш, харин чи хүүхэнтэй бол тэрийгээ тэжээх үүрэг хүлээнэ. Ингэхийн тулд арилжаа наймаа, ан гөрөө эрхлэхээс өөр замгүй. Энэ үүргээсээ зайлах газар ч үгүй. Ингээд явахаар бурхны гүн ухаан, оройд нь хүршгүй номлолд биеэ зориулах чадамжгүй болно гэдэг зарчмыг л тайлбарласан гэж ойлгогддог.

Ийм учраас лам хуврагын замд орохыг хүсэгч эхлээд засаг захиргаанаасаа зөвшөөрөл авч “Гэрээс гарах тэмдэгт бичиг” хэмээх лиценз авдаг байж. Энэ нь төрийн болон эрийн албанаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Тэгээд тангараг өргөж, өөрийн биеийг Бурхны номд зориулж, тэндээс хүртсэн авьяас эрдмээрээ орхиж гарсан гэр бүл хийгээд хамаг амьтныг авран гэгээрүүлнэ гэсэн утгаар сахил хүртэх аж. Ийм учраас сүм хийд ба бүсгүйчүүдийн дунд татсан цагаан шугам үүсчээ.

Энэ утгаараа овоо тахих процесс нь түрхэн зууртаа сүм хийдийн гортиг доторх зан үйл болон хувирч, тэнд сүм хийдийн хууль үйлчилнэ гэсэн үг. Сүм хийдийн дүрэм үйлчилж байгаа орон зайд эмэгтэйчүүд хоригт өртөх нигууртай. Лам хуврагууд нь “сүмдээ биш ууланд яваа юм чинь ямар хамаа байх вэ” гээд бүсгүйчүүлтэй ороолдоод байлтай биш.

Энэ утгаараа, тахилгатай уул овоонд эмэгтэйчүүдийг гаргадаггүй зан үйл нь жендертэй, бүсгүйчүүдийг дорд үзэхтэй холбоотой зүйл биш, харин тэнд түрхэн зуур тогтдог сүм хийдийн дэг ёстой уялдсан зүйл ажгуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *