У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардахад намын нөхөд нь “Манай Хүрэлсүх “Чингис” бондын 500 саяын өрөөс гадна 24 их наядын өртэй Засгийн газрыг хүлээж авлаа” хэмээн тодотгосон. Энэ нь нэг талдаа манай улсыг ямар хэмжээний өр ширтэй байгааг зарлаж буй ч нөгөө талдаа “Бид ийм их өртэй улсыг хүлээж авч байна шүү” гэж бүхнийг өөрөөсөө холдуулах гэсэн арга.
Олон нийтийн дунд “Чингис”, “Самурай” гэх айхавтар их тоотой бондыг Н.Алтанхуягийн Засгийн газар тооцоогүй зарж үрсэн гэх сөрөг мэдээллийг илүүтэй тарааснаас биш үнэндээ уг бондын мөнгийг аймгуудын зам, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулсан гэдгээ Н.Алтанхуяг огцрох үедээ хэлж байсан. Монголын эдийн засгийн хямралын эхлэл нь дөрвөн их наядын энэ хоёр бондыг буруу зарцуулснаас үүдэлтэй хэмээн шууд дайрагчид олон. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газраас өмнө Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан бондыг хэн ч сөхдөггүй. Яагаад ч юм “Самурай”, “Чингис” бондын сүрэн дор чимээгүй дараад өнгөрчихье гэсэн хандлага байдаг.
Сү.Батболдын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргасан “Евро” бондын 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх гэж Ж.Эрдэнэбатын Засгийн газар үнэндээ зүдэрч, өнөө харганын ноос түүж эсгий хийдэг үлгэрийг амьдрал дээр давтсан.
Хөгжлийн банк 580 сая ам.долларын “Евро” бондыг 2012 оны гуравдугаар сард олон улсын зах зээл дээр босгосон. Тухайн үед Сү.Батболдын Засгийн газар Хөгжлийн банкинд баталгаа гаргаж, нийт 600 сая ам.долларын бонд босгох зөвшөөрөл өгсөн байдаг. Уг бондын зарцуулалтыг ажиглахад тэр үедээ “Шинэ яармаг” орон сууцны хороололд 50 сая ам.долларыг оруулсан байдаг бол бүтэн хоёр жилийн дараа 12 төслийг санхүүжүүлсэн тухай бүдэг бадаг баримт бий. Сү.Батболдын Засгийн газраас нэг их наядын өртэй хоцорсон нь тэр.
Ч.Сайханбилэгийн үед гаргасан “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Димсам” бондын 161 сая ам.доллар, үүн дээр “Чингис”, “Самурай” бондын дөрвөн их наяд гээд монголчуудын нуруун дээр дааж гарч чадамгүй гэмээр их өр шир байж л байна. Бас энэ онд босгосон “Хуралдай”, “Гэрэгэ” бонд ч байна.
Хэрвээ Монгол Улсын эдийн засаг хямралд өртөөгүй байсан бол бонд босгохгүйгээр өөрийгөө аваад явчих хэмжээний чадамж бий.
Гэвч улс орныг тэргүүлж буй хүмүүсийн ур чадваргүй байдал, эдийн засгаа залж, гадаад орчиндоо анхаардаггүй, гадны хөрөнгө оруулагчдыг үргээдэг хандлага нь монголчуудад бонд гаргаж гал унтраах маягаар асуудлаа шийдэх замыг л сонгоход хүргэсэн. Сүүлдээ бондынхоо эргэн төлөлт, хүүг төлж чадахгүй байдалд хүрч дахин бонд босгох замаар өмнөх бондынхоо эргэн төлөлтийг хийж байна.
Өнгөрсөн сард “Чингис бонд”, “Димсам” бондыг төлөх санхүүжилт босгох зорилгоор “Гэрэгэ” гэх 800 сая ам.долларын шинэ бонд гаргаснаа Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн зарласан. Уг бондын жилийн хүү нь 5.6 хувь, хугацаа нь 5.5 жил байх бөгөөд “Чингис” бондын хүүгээс 1.5 хувийн хүүгээр өндөр байгаа ч эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай харьцуулахад амжилттай гэдгийг тэрээр хэлээд “2016 оны тавдугаар сард босгосон “Мазаалай” бонд 10.1 хувийн хүүтэй байсан бол 15 сарын дараа Монгол Улсын Засгийн газрын хүү 10.1 хувиас 5.6 болж буулаа” гэж тайлбарлаж байсан. Гэсэн ч энэ чинь өр. Өрийг өрөөр л дарж амиа аргацааж байгаа байдал.
“Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын өрийг төлж, Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцэл, “Чингис” бонд болон “Димсам” бондын эргэн төлөлтийг шийдвэрлэснээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдлээс гарах нөхцөл бүрдэж байна” гэдгийг Төв банкнаас мэдээлсэн. Засгийн газрын 2018 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2.58 их наяд төгрөгөөр батлахаар төсөлд оруулсан бол ирэх онд Засгийн газар нэг их наяд 150.7 тэрбум төгрөгийн өр төлөхөөр тооцсон байгаа.