Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ

Related imageЗасгийн газраас баталсан Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Энэ журмын дагуу цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэх юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн мэдээлж байгаагаар одоогийн байдлаар 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрах 130 580 өрх байгаа аж. Үүнээс 128 509 нь 100 хувь, 2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд хамрах юм байна. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-нийг дуустал мөрдөнө.

Дашрамд дуулгахад цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд эдэлнэ. Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан 220В бол 700кВт.цаг, 380В бол 1500кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар буюу 38.55 төгрөгөөр тооцож төлнө. Харин шөнийн тарифийн 50 хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаагүй Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 11, 20, Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Налайх дүүргийн бүх хороо болон Төв аймагт харьяалах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд мөн эдлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *