Тэртээ жараад оны эхээр улс төрийн товчооны дарга, сайд нартай, урлаг, соёлын авьяастнуудтай хамт билльярд тоглож явсан, ахмад билльярдчин 16 удаагийн аварга Түмэнбуянгийн Алтанцагтай ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-1943 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн. Улмаар 1951 онд бага сургуульд орж, Зүүн хараагийн дунд сургуулийг 1961 онд төгссөн хүн. Ингээд Улаанбаатарт ирж Эдийн засгийн дээд сургуульд дөрвөн жил суралцан Худалдааны эдийн засагч мэргэжилтэй болж төгссөн. Тэр цагаас хойш нийслэл хотод жар гаруй жил аж төрж байна даа.
-Та билльярдыг хэзээнээс тоглож сурсан бэ. Таныг хөгжмийн нэрт мастерууд болох Л.Мөрдорж, Г.Дарамзагд нар болоод тухайн үеийн сайд, дарга нартай билльярд тоглож байсан гэдэг…
-1961 оноос буюу Улаанбаатарт оюутан болж ирээд л билльярдыг тоглож сурсан даа. Тэр үед Улаанбаатарт билльярдын 10 гаруйхан ширээ л байсан. Тэрхүү ширээнүүд нь зөвхөн Оросын пирамид хэмээх бүдүүн том шааригтай билльярд л байдаг байв. Улаанбаатар хотын Хөдөлмөр нийгэмлэг, Хоршоолол нийгэмлэг, Офицеруудын ордон, Их тэнгэр, Нүхт, Импорт нэгдэл, Төмөр замын соёлын ордон, Барилгачдын соёлын ордон зэрэг газруудад билльярдын газар байлаа. За энэ газруудад тухайн үеийн сэхээтнүүд, урлаг, соёлын нэрт мастерууд чинь чөлөөт цагаараа билльярд цохьдог байсан даа. Би ч оюутан залуу хажуугаас нь хараад, хаяа босож тоглочихоод л суудаг байв. Ингэж анх билльярдыг тоглож байхад спорт гэдгээрээ хөгжөөгүй, хүмүүс зүгээр чөлөөт цагаараа, зугаацах гэж л тоглодог байсан юм. Тухайн үед билльярдыг эрдэмтэн, зохиолчид, нам, улс төрийн дарга нар, цэргийн дарга нар л тоглодог байв. Тухайлбал, хар малгайт Жамбал, монхор Базарсад, бүлтгэр Чимэддорж, Багшийн дээдийн багш Бариашир нар, хөгжмийн зохиолчдоос Билэгийн Дамдинсүрэн, Гончигдамбын Дарамзагд, Лувсанжамбын Мөрдорж зэрэг нэрт мастерууд тоглодог байлаа. Ардын жүжигчин Гонгорын Хайдав гуайтай билльярд тоглож байхад тэрээр “Анх билльярд гэдгийг чинь би Цэдэнбал даргатай тоглож сурсан юм” хэмээн бахархан ярьж байсан. Зохиолчдоос Дэндэвийн Пүрэвдорж, З.Баттулга нарын бичгийн хүмүүс тоглож байсан юм. Ер нь билльярд монголд анх дэлгэрч байхад сэхээтнүүдийн л тоглоом байлаа шүү дээ. Би улсад 40 гаруй жил ажилласан хүн. 2003 онд тэтгэвэрт гарснаас хойш л билльярдыг идэвхтэй тоглодог болсон. Тэр үед нөгөө Оросын ширээнүүд цөөрч, снукер билльярд дэлгэрч байсан юм. Өдгөө билльярдыг тасралтгүй 20 гаруй жил тоглож байна даа.
-Билльярдыг сэхээтнүүд тоглодог байсан гэлээ. Тухайн үеийн улс, нийгэм, урлаг, соёлын томчууд ихэвчлэн хаана тоглодог байв?
-Ер нь томчуудын тоглодог газар нь Их тэнгэр, сайд нарын гэгдэх Нүхтийн амралт байлаа. Миний хувьд тэр үеийн томчуудаас нэрт хуульч С.Жалан-Аажав гуайтай тоглож байсан. Тухайн үед залуучуудаас билльярд тоглодог хүн ховор. Нэг сэлгээнд нь би гарч ийн тоглож байлаа. Оросод элчин сайдын албыг хашиж байсан, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайд бэлэглэсэн ширээ хэмээх нээх их хээ, угалзтай тансаг зэрэглэлийн ширээ Их тэнгэрт байдаг байв. Тэр ширээн дээр л их тоглодог.
-Таныг ихэвчлэн Төмөр замын эмнэлгийн зүүн талд байрлах “Наранбилэг” снукер билльярдын “NB” клубт ирж тоглодог гэж сонссон. Энэ газар томчууд их ирж тоглох уу?
-Улаанбаатарт томчууд цуглардаг хоёрхон л газар бий. Нэг нь Замын цагдаагийн ард байрлах снукер билльярдын клуб, нөгөөх нь энэ “NB” клуб юм. Энэ хоёр клуб дээр л монголын хамгийн сайн билльярдчид цуглардаг даа. Ерээд оны ихээр билльярдын газрын доторх тохижилт, орчин их бохир байлаа. Архи, тамхины үнэр, тоос шороо ихтэй, их л заваан, бүдүүлэг байсан. Харин өнөө үед тэдгээр газрууд их цэвэрхэн, орчин нь тохилог, тоглож буй хүмүүс нь соёлтой болжээ. Манай гэр Бэлхэд байдаг. Тэр холоос “NB” снукер клубыг зориод ирнэ гэдэг үнэхээр тоглох сонирхолтой байгаа биз. Улсын хэд, хэдэн удаагийн аварга билльярдчин Дашбазар, хөдөлмөрийн баатар Чимиддорж нарын миний үеийн ахмад тоглогч нар энэ клубт байнга ирж тоглодог л доо.
-Тухайн үед билльярд тоглоход хэдэн төгрөг төлдөг байсан бол. Та бүхэн хоорондоо янз бүрийн мөрий тавьж тоглодог байв уу?
-Элдэв янзын мөнгөний мөрийтэй бол тоглодоггүй байлаа. Харин томчууд ганц, хоёр шил хатуухан юманд үзнэ. Тухайн үед билльярд тоглоход цаг нь зургаан төгрөг байсан юм. Билльярд тоглох газар цөөхөн учир оочер авч, тоглодог байв. Тэр үед хувийн цохиур модтой хүн гэж байхгүй, бүгд л билльярдны газрын модоор цохино. Одооных шиг шохой, дэр хийдэг мод ч байхгүй. Шохойгүй болохоор цохиурынхаа үзүүрийг модон таазанд хэд сайн үрчихээд л тоглодог байсан.
-Монголд хэдийгээс билльярдын спорт орж ирсэн юм бол?
-Өнөө жил Монголд билльярдын спорт үүсэж хөгжсөний 90 жил тохиож байгаа юм билээ. Тэгээд бодохоор анх 1927 онд л Монголд билльярдыг тоглож байжээ. 1950-иад оны үед намайг бага ангийн сурагч байхад Баруунхараагийн дотуур байранд нэг метр хиртээ бага гарын жижиг билльярдын ширээ байсан юм. Шаариг нь гэж цул төмөр. Сургуулийн багш нар тэр ширээг хааяа гадаа гаргаад тавьчихна. Тэгэхээр нь сурагчид нөгөөх дээр чинь тоос манартал тоглоно шүү дээ. Шаариг нь цул төмөр байсан болохоор цохиж буй модны үзүүр тэсэхгүй ээ. Бүр сүүлдээ сумны хонгиог модныхоо үзүүрт углаж байгаад төмөр шааригаа цохино. Тас, тас дуугараад л өнхөрдөг. Хааяа хөл, гар дээрээ унагааж, уйлах нь уйлаад л явдаг байсан юм. Тухайн үеийн хүүхдүүдэд их л содон, сонин тоглоом байсан даа.
-Та өдгөө нас сүүдэр ная руу дөхсөн хүн атлаа их ануухан, хөнгөн шингэн байна. Энэ магадгүй билльярд тоглож байсантай холбоотой болов уу?
-Аливаа спорт хүнд муу, сөрөг нөлөө үзүүлдэггүй ээ. Шатар тархи сэргээдэг, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглохоор их сайхан хөлс гарч, бие хөнгөрдөгтэй адил билльярд тоглох нь оюуны болоод биеийн өндөр үр дүнтэй дасгал болж чаддаг. Нэг цаг билльярд тоглоход ширээгээ тойрч алхсаар дор хаяж гурван километр газар гүйчихсэнтэй тэнцдэг. Ингээд өдрийн хагас тогловол хэдэн арван километр алхчихсан байдаг. Тийм болохоор билльярд тоглох нь эрүүл мэндэд, болоод сэтгэл зүйг тайвшруулж, стресс тайлахад асар ач холбогдолтой спорт. Мөн хүний ой санамжийг их сайжруулж өгдөг. Би хэрэв билльярд тоглодоггүй байсан сан бол өдийд ийм хөнгөн шингэн, ухаан саруул, эрч хүчтэй байхгүй, гэрээсээ гардаггүй, сүүтэй цайгаа уугаад сууж байдаг өвгөн л болох байсан. Тийм болохоор хүүхэд, залуучууд болоод ахмадуудыгаа билльярд тоглож, энэхүү спортоор идэвхтэй хичээллэхийг уриалж байна.