Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ой тохиож байна. Тодруулбал Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЮНЕСКО-ийн дүрэмд гарын үсэг зурснаар тус байгууллагын 108 дахь гишүүн орон болж байсан юм.
55 жилийн хугацаанд мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох, ЮНЕСКО-ийн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үндэсний байгууллагууд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн байна.
Ойн хүрээнд “ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлтийг маргааш Гадаад харилцааны яамны “Номин” танхимд зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Дэлхийд данслагдсан Монгол соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэнг гарах юм.
“Дэлхийд данслагдсан Монгол соёлын өв” үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгалийн болон соёлын өвүүдийн гэрэл зургуудыг дэлгэнэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 30 орчим өв байдаг бөгөөд энэхүү үзэсгэлэн нь эдгээр өвүүдийг олон нийтэд сурталчлан таниулах юм. Дэлхийн уураг тархи, оюуны байгууллагатай хамтран түншлэх 55 жилийн түүхийг бичилцсэн манай улсын сор болсон ахмад дипломатч, төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд арга хэмжээнд оролцоно хэмээн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга хэллээ.