БХБЯ-ны Сайдын зөвлөлийн анхны хуралдаан 2017 оны аравдугаар сарын 30-нд боллоо. Сайдын зөвлөлийн анхны хуралдаанаар Техникийн ухааны доктор Н.Тогтох, Монгол Улсын зөвлөх инженер Н.Даш нарын “Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын Ердийн болон урьдчилан хүчитгэсэн арматуртай төмөрбетон конусан шон” нэртэй оюуны бүтээлийг танилцуулж, улмаар Төрийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Уг бүтээлийг Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам мөн дээрх шагналд дэвшүүлэхээр дэмжиж байв.
Төмөрбетон шонгийн техник технологийн баримт бичгүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлсний үр дүн нь гарсан нийт хэмнэлт нь одоогийн байдлаар 44.5 тэрбум төгрөгт хүрсэн. Байгаль орчинд ээлтэй шугамаар хөдөөг цахилгаанжуулсан, 35 кВ болон 15 кВ-ын цахилгаан шугамаас модон тулгуурыг чөлөөлж төмөрбетон тулгуур болгосноор 238950 модыг сүйтгэлгүй байгальд ургаагаар нь үлдээсэн нь Ойн судалгаа, хөгжлийн төвийн дүгнэлтээр 37.5 тэрбум төгрөгийн ойн нөөц хэмнэгдсэн болох нь ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогджээ.
Сайд Х.Баделхан “Манай улсын хувьд өндөр үр ашигтай анхдагч шинэ төмөрбетон бүтээц үйлдвэрлэсэн энэхүү дэвшилтэт технологийг нутагшуулсан, Барилга, Эрчим хүчний салбарын хөгжил болон Байгаль орчныг хамгаалахад тодорхой хувь нэмэр бүхий инноваци болсон энэ бүтээлд Төрийн шагнал олгохыг баяртайгаар дэмжиж байна” гэв. Тэрбээр Шинэлэг бүхний эхлэл болсон, байгальд ээлтэй, төсөвт хэмнэлттэй ийм таатай мэдээгээр угтсан барилгын салбарын нэрийн хуудас болсон хоёр инженертээ гүнээ талархан хүндэтгэж байгаагаа илэрхийллээ.