Categories
мэдээ спорт

Улсын харцага Б.Бат-Өлзий: Харцага болчихоод дараагийн даваанд хэнтэй ч барилдсан зоригтой “үзнэ дээ” л гэсэн бодол төрдөг юм билээ

Улсын харцага Б.Бат-Өлзий, нутгийн хүчит заан Б.Пүрэвсайхан, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамт

Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анараар зургаа давж, Монгол Улсын харцага цолыг хүртсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат идэр залуу харцага Баярхүүгийн Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Юуны өмнө таны төрж өссөн нутаг уснаас тань яриагаа эхэлье?

-Алс баруун хязгаар, Алтайн өндөр уулсын дунд орших Ховд аймгийн Зэрэг суманд 1992 оны зургадугаар сарын 8-нд эгэл жирийн малчин ардын гэрт төрсөн хүн. Миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэмээдэг шиг өсөж төрсөн нутгаараа бахархаж, хайрлаж явдаг аа. Монголчууд маань бүгд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асны төрсөн нутаг гэдгээр нь сайн мэдэх байх. Ийм л сайхан нутагт төрсөн, өссөн болохоор нутгаа ярихад их сайхан санагддаг шүү.

-Таны бага нас хаана өнгөрөв. Хүүхэд байхын барилдаж, ноцолдож өсөв үү?

-Миний хүүхэд ахуй цаг Зэрэг сумын төвд өнгөрсөн дөө. Мэдээж хэрэг бусад монгол хүүхдийн адил хөдөө хурга, ишигтэй тоглож, үеийнхэнтэйгээ шороо тоос болтлоо ноцолдож л өссөн. Манай аав, авга ах хоёр маань нутаг усандаа сайн барилдаж, алдар цолоо дуудуулж явсан хүмүүс байсан. Хоёулаа сумын заан цолтой хүчтэнгүүд. Миний ээжийн талд ч гэсэн сумын цолтой мундаг сайн бөхчүүд бий л дээ. Аав, ээжийнхээ талд бөхийн удамтайг ч хэлэх үү, үндэсний бөх хэмээх өв соёлыг багаасаа мэдэрсэн учраас бөх болох хүсэл, сонирхол өөрийн эрхгүй төрсөн байх л даа. Би аав, ах нар шигээ мундаг сайн бөх болно гэсэн бодолтой явсаар өдийг хүрсэн. Энэ нь миний амьдралын гол зорилго болсон байх. Энэхүү зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлж улсын цолонд хүрлээ. Цаашаа улам сайхан амжилт гаргахын төлөө хичээх болно хэмээн санаж явдаг даа.

-Багадаа хэр биерхүү хүүхэд байсан бэ?

-Бага ангийн сурагч байхдаа ангидаа хамгийн биерхүү, том цээжтэй, нуруулаг хүүхэд байсан шүү. Харин ахлах ангид орж ирээд төдийлөн өсөөгүй дээ (инээв). Өндрөөрөө ангийнхандаа дунд хавьцаа л жагсдаг болсон.

-Үндэсний бөхийн цол хүртсэн анхны наадмаа дурсахгүй юу. Бас их урам зориг авч байсан болов уу?

-2009 оны үндэсний их баяр наадмаар 16 настай байхдаа Ховд аймгийн Чандмань сумын баяр наадамд зодоглож, сумын заан хэмээх эрхэм цолонд хүрч билээ. Тэр жил Ховд аймгийн бүх сумаас шалгарч ирсэн сумын заан, залуу бөхчүүд тойргоор барилдаж, цол олгосон юм. Тэр барилдаанд түрүүлчихээд сууж байтал хүмүүс “Бат-Өлзий чамд цол олгоно” гэхээр нь сумын начин болчихож байгаа юм байх даа л гэж бодож байв. Тэгсэн сумын заан боллоо гэхэд нь их л баярлаж билээ. Ямар ч цол хүртэх их сайхан шүү дээ. Цол гэдэг миний амжилт. Энэ амжилтад хүрэхийн тулд багагүй хөлс, хүч, хөдөлмөр гаргана шүү дээ. Тийм болохоор хөлсөө гаргаж олсон хоол амттай гэдэг шиг бэлтгэл сургуулилтынхаа үр дүнгээр хүртсэн цол сайхан, сайхан. Сумын заан болчихоод цаашдаа бөхөөрөө тууштай хичээллээд өшөө илүү өндөр цолонд хүрнэ гэсэн зорилготой болсон. Нутгийн бөхчүүд, зон олон маань ч миний талаар “ам сайтай” байдаг байсан.

Зарим мундаг багш нар “Чамайг шавиа болгоё, бөхийн эрдэм зааж, сургая” хэмээн хэлдэг л байсан. Тэр бүгдээс урам авч, бөхийн спортоор тууштай хичээллэх болсон. 2008 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсэн орж, тогтмол бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн дээ.

-Улсын том цолтой бөхчүүдээс болоод нутгийн хүчтэнгүүдээс хэнийх нь барилдааныг харж, хүндэлж явдаг вэ?

-Би ерээд оных. Миний үеийнхнийг мэдээ орж, юмны наад, цаадах учрыг олж байхад “Зургаан залуу заан” хэмээх монгол бөхийн домог болсон нэг үеийн заанууд ид л барилдаж байсан даа. Сургуулийн дотуур байр, гэрт, хөдөөний айл болгоны номын шүүгээний шилэн дээр эдгээр заануудын зураг наалттай. Хааяа нэг сонин хэвлэлд ярилцлагууд нь гарчихсан байдаг байсан. Хүүхэд байхдаа Б.Бат-Эрдэнэ аваргыг л их гоё бөх юм аа гэж боддог байлаа. Жудагтай, сайхан аварга шүү дээ. Тэр хүн шиг сайхан цолтой, жудагтай бөх болох юм сан гэсэн хүүхэд насны мөрөөдөл бий. Мөн нутгийн олон сайхан хүчтэнүүд, ид барилдаж буй улсын заан, харцагууд гээд хүндэлж явдаг бөхчүүд их ээ.

-Та “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг 2013 онд төгсчээ.Танай ангиас улсын цолонд хүрсэн бөхчүүд бий юу?

-Одоогоор надаас өөр улсын цол хүртсэн бөх гарч ирээгүй л байна. Гэхдээ мундаг сайн барилддаг аймгийн цолтонгууд их ээ. Баянхонгорын Жамбалдорж, Дундговийн Энхболд нарын аймгийн начингууд бий. Оюутан байхад бид улсын том цолонд хүрэх нэг л зорилготой байсан. Тэр зорилгынхоо төлөө бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж л байна. Хүн том зүйлийг мөрөөдөж байж л түүндээ хүрдэг байх. Анх бөхөд хөл тавьж эхлэх үедээ сумын, аймгийн цолонд хүрчих юмсан гэсэн бодолтой явдаг байлаа.

Аймгийн цолонд хүрчихээд улсын цол гэж бодно. Өдгөө улсын харцага болчихоод цолоо ахиулахын төлөө хичээнэ. Улмаар төрийнхөө их баяр наадамд түрүүлэхийн төлөө л бэлтгэл сургуулилтаа хийдэг дээ.

-Өнгөрсөн жилийн баяр наадмаар одоогийн улсын начин Д.Анартай зургаагийн даваанд тунан барилдаж, давснаар улсын харцага болсон. Улсын их баяр наадамд хэдэн жил зодоглож энэхүү цолонд хүрэв дээ?

-Төр, түмний их наадамд хоёр дахь жилдээ зодоглож улсын харцага цолонд хүрсэн. Эхний жил буюу 2015 онд гурав давж, дөрвийн даваанд Ч.Санжаадамба аваргад, тухайн үед заан цолтой байхад нь өвдөг шороодож билээ. Манай сум үүсгэн байгуулагдаад өдгөө 90 гаруй жил болж байна. Түүхэндээ улсын цолтой бөх, нутгаас минь төрөөгүй юм билээ. Харин өнгөрөгч жил төрийнхөө их баяр наадамд зодоглож, улсын начин Д.Анартай тунан барилдаж, давснаар Монгол Улсын харцага хэмээх эрхэм цолыг хүртэж Зэрэг сумаас төрөн гарсан хамгийн анхны улсын цолтон болсон доо. Нутгийн зон олон маань ч үнэхээр их талархалтай хүлээж авсан. Үүгээрээ их бахархдаг юм. Монголчуудынхаа итгэлийг алдахгүй өшөө дээшээ цолоо ахиулан барилдах болно.

-Харцага болдог жилээ хаана бэлтгэл сургуулилтаа базаасан бэ?

-Өнгөрсөн жилийн зун наадмын бэлтгэл сургуулилтаа Г.Эрхэмбаяр аваргын удирдлага дор Төр хурахын аманд хангаж, улсын наадамд зодоглосон доо. Тэр жил яалт ч үгүй миний бэлтгэл сургуулилт маш сайн байсан л даа. Зургаагийн даваанд Д.Анар начинтай тунан барилдаж даваад, долоогийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр багшдаа амлуулж, өвдөг шороодсон байгаа.

-Харцага болчихоод “За одоо нэг давчихвал заан болно, хоёр давчихвал гарьд” хэмээх бодол орж ирэх юм уу. Эсвэл бүр түрүүлнэ дээ гэж бодох уу?

-Аймгийн арслан цолтой байхдаа улсын баяр наадмын өмнөхөн болсон Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд түрүүлж билээ. Тухайн үед “Бэлтгэлээ сайн хийчихвэл, дээшээ ямар ч цолонд хүрэх боломжтой юм байна” хэмээн бодож л байсан. Ингээд улсын баяр наадамд зургаа давж, харцага болчихоод бие, сэтгэл их тавирч, дараагийн даваанд хэнтэй ч барилдсан зоригтой “үзнэ дээ” л гэсэн бодол төрдөг юм билээ.

-Ховд нутгаас сүүлийн 70 гаруй жил улсын баяр наадмын түрүү бөх тодорсонгүй ээ. Тэртээ 1940 оны улсын наадмаар ес даван түрүүлсэн Ш.Ванчинхүү арслангийн амжилтыг давтах Ховдын бөхчүүд өнөө цагт их бий. Тэр дундаа таныг ирээдүйд өндөр цолонд хүрч, төрийн наадмын түрүү бөхөөр тодрох байх гэсэн итгэлтэй улс олон шүү дээ…

-Нэг үеэ бодвол Ховд нутгаас минь шинээр төрөн гарч байгаа улс, аймгийн алдар цолтой бөхчүүд их болж. Тухайлбал, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Н.Батзаяа, улсын начин Ч.Цогбаяр нарын улсын цолтнууд болоод шилдэг аймгийн цолтнууд бий. Ховдчууд эдгээр хүчтэнүүдийн нэг нь түрүүлнэ хэмээн итгэж явдаг. Тийм дээ ч төрийн наадмын түрүү бөх Ховдоос тодрох мөч ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Танд “Манай нутгийн тэр бөх, бэлтгэл сургуулилтаа сайн хийж, ингэж барилдвал, улсын том цолонд хүрнэ дээ” гэсэн бодол байдаг уу. Тухайлбал, Ховдын Ч.Цогбаяр начинг хүмүүс “Аралтай, бяртай бөх өө, улсын өндөр цолонд хүрэх бүрэн боломжтой хүчтэн” хэмээн ярьдаг шүү дээ.

-Цогоо ах маань бие хаагаараа өнөө цагт барилдаж буй аралтай, бяртай цөөхөн хэдэн бөхчүүдийн нэг л дээ. Хэнээс ч дутахгүй. Цогоо ах хүчний бэлтгэлээ сайн хийж, сэтгэл зүйгээ хурцалж барилдвал хэнд ч дийлдэхгүй л дээ. Ухаалаг, хараатай сайхан барилдвал улсын заан цол ч ойрхон байна даа.

-Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх хайрханы хишиг, чансаа өндөр 128 бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Ховдын хоёр харцага түрүү булаалдлаа. Нэг нутгийн хоёр бөх ингэж үлдэх тохиолдол тийм ч олон биш шүү.

-Тэгэлгүй яахав. Миний хувьд хоёр удаа нутгийнхаа бөхтэй түрүү булаалдаж байна. Өнгөрсөн хавар болсон улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд Ч.Цогбаяр начинтай үлдэж байв. Харин өнгөрсөн долоо хоногт болсон хишиг барилдаанд О.Хангай харцагатай үлдэж, тэр барилдаанд үзүүрлэлээ. Нутгийнхан маань “бэлгэшээлтэй байна” хэмээн ам дамжин ярьж л байна лээ.

-Таны барилдааны онцлог юу вэ?

-Баруун, зүүн аль ч талаараа барилдахыг хичээдэг. Ерөнхийдөө золгооны барьцнаас мэх хийж, барилдаан гаргадаг даа. Таньдаг хүмүүс “Бат-Өлзий чи жоохон явж барилд. Сийрэг барилдах хэрэгтэй” хэмээн хэлдэг. Аль болох хүмүүсийн хэлсэн, зөвлөснийг сонсож, барилдаандаа тусгахыг хичээдэг дээ.

-Таны үеийн бөхчүүд гэвэл улсын арслан Э.Оюунболд нарын тэргүүтэй улсын цолтой ерээд оны бөхчүүд их ээ. Тантай барилдаан таардаггүй ч гэх үү, хэцүүхэн өрсөлдөгч тань хэн бэ?

-Үндэсний бөх мэргэжлийн түвшинд хөгжчихсөн болохоор бөхчүүд жигдхэн бэлтгэл сургуулилт хийж, барилддаг болсон л доо. Гар амар давна гэж байхаа болчихсон. Нэгийн даваанаас эхлээд л чанга, хатуу болчихоод байгаа. Тийм болохоор бүгд л миний өрсөлдөгч өө.

-Таны ирээдүйн зорилго юу вэ. Мэдээж хэрэг улсын цолоо ахиулан барилдана гэсэн бодолтой байгаа байх…

-Мэдээж хэрэг. Ард түмнийхээ итгэлийг алдалгүй, урамтай сайхан барилдаан гаргаж, цолоо ахиулан барилдахын төлөө л бэлтгэл сургуулилт хийж, хөлсөө гаргаж байгаа. Тийм болохоор түмэн олныхоо итгэлийг алдалгүй барилдаж, Төрийнхөө их баяр наадамд түрүүлнэ гэсэн бодолтой. Түүндээ хүрэхийн төлөө хичээх болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *