Categories
мэдээ цаг-үе

Б.Гэрэлмаа: МҮЭХ-ны дарга нар Эв санааны нэгдлийн талбай байгуулахаар төлөвлөсөн газраа хивсэнцрээр сольчихсон

-20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨР ӨНГӨТЭЙ БАЙСАН МҮЭХ ӨДГӨӨ ӨВ ОФФИСЫН БАРИЛГААС ӨӨӨӨӨГҮЙ ШАХАМ БОЛСОН ГЭВ-

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нарын хууль бус үйлдлийн талаар тус холбооны нягтлан бодогч Б.Гэрэлмаа ноцтой баримт дэлгээд байгаа. МҮЭХ-нд 20 гаруй жил ажилласан тэрбээр “Манай холбоо асар их хөрөнгөтэй газар байлаа. Зах зээлийн эхэн үед л гэхэд тэтгэвэр тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч оффистой, спорт заалтай, уулын ам болгонд шахуу нийт 130 гаруй зуслантай, аймаг болгонд контортой, ахмадын сувилалтай, хүнсний ногооны өргөн уудам талбайтай, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 650 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 300 гаруй авто машинтай, адуу, үхэр, хонин сүргийн сууриудтай байсан. Гэвч үе үеийн дарга нар дээр дурдсан хөрөнгүүдийг хувьдаа завшаад дуусч байна. Одоо МҮЭХ-нд Сүхбаатарын талбайн баруун хойд талд байх төв оффисын барилга зэрэг цөөхөн зүйл үлдээд байгаа” гэв. Энэ талаар Б.Гэрэлмаатай ярилцлаа.

-Та саяхан “Хулгайч нарын орогнодог газар МҮЭХ болжээ” гээд нийтлэл гаргасан байсан. Таны бичсэн зүйлд их ноцтой олон баримт байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ярилцлагынхаа өмнө өөрийнхөө талаар товч мэдээлэл хүргэх нь зүйтэй болов уу. Би МҮЭХ-ны харьяа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн нягтлан бодогч Б.Гэрэлмаа гэж хүн байна. Монгол Улсад 27 дахь жилдээ ажиллаж байна даа. Үүнээс 21 жилийг нь МҮЭХ-нд ажилласан.Тооцооны нягтлан, ерөнхий нягтлан бодогч гэсэн ажлуудыг энэ хугацаанд хийж байсан. Миний амьдралын 27 жилийн түүх МҮЭХ-той холбоотой. МҮЭХ-нд 18 настай хүүхэд элсэн ороод батлах авч байлаа. Эндээс эхлээд эгэл жирийн ажилтан түмний жаргал зовлонг хамтдаа үүрэлцээд өдий хүрч байна. Би МҮЭХ-г хувьдаа ашиг мөнгө хүртэгч, гэмт хэрэгтнүүдийн орогнодог газар биш. Монголын хэдэн мянган жирийн ажилтны дуу хоолой, өмөг түшиг нь болсон газар байгаасай гэж хүсдэг. Тэр ч утгаараа 2013 онд МҮЭХ-ын Ерөнхийлөгчид өөрийнхөө нэрийг дэвшүүлж байсан. Гэхдээ тус хурлын үеэр нэрээ татаж байсан. Миний хувьд 2013 онд МҮЭХ-ын Ерөнхийлөгч сонгох хурал болохын өмнө үйл ажиллагааны чиглэл буюу дүрмийн хувьд өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн. Дүрмийн тухай асуудал дэвшүүлсэн нийтлэл бичиж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрийнхөө бодож төлөвлөж байгаа зүйлсийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцлага хүртэл өгсөн. олон хүнд МҮЭХ шинэчлэлт өөрчлөлтийг хийх болов уу гэсэн хүлээлт байсан. Гэвч тэгж чадаагүй. Миний хувьд удахгүй болох МҮЭХ-ны хурлаар Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх бодолтой байгаа. Одоогоор нэр дэвшигчийн бүртгэл эхлээгүй байна. МҮЭХ-ны Ерөнхийлөгчид хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр 20 гаруй зүйлийг санхүүгийн аргаар шамшигдуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудалд өөрийнхөө албан ёсны байр суурийг илэрхийлэх нь зүйтэй болов уу гэж үзэн өөрийнхөө мэдэж байгаа 11 зүйлийн талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэсэн байгаа. Би хөдлөшгүй баримтан дээр тулгуурлаж ярьж байгаа гэдгээ ч тодотгоод хэлмээр байна.

-“Макс” группт газраа өгөөд мөнгө авч чадалгүй хивсэнцэр авсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үйлдвэрчний Соёлын ордонг хүн бүр мэдэх биз ээ. Дээрх Соёлын ордны хажуу талд 700 квадрат метр модтой цэцэрлэгт хүрээлэн байсан. Хотын “А” бүст байрладаг гэдгээрээ нэлээд өндөр үнэ хүрэх байсан газар. Гэтэл тус газрыг МҮЭ-ийн одоогийн удирдлага “Макс” группт 500 сая төгрөгөөр зарчихсан. Тэгээд 500 сая төгрөгөө ч авч чадаагүй. Мөнгөнийхөө оронд хивсэнцрээр бартер хийчихсэн байна билээ. Тэр хивсэнцрээ “Альфа” зочид буудалдаа дэвссэн гэдэг. Юу гэсэн үг вэ, хотын А зэрэглэлийн бүсэд хамаарах газрыг ердөө хивсэнцрээр сольчихоод сууж байгааг юу гэж ойлгох вэ. Ямар ч хүн ийм зүйл хийхгүй нь тодорхой. Үүний цаана давхар наймаа, дарга нарт ашигтай зүйлс явагдсан болов уу гэсэн гишүүдийн хардлага бий. Газраа заран заран хивсэнцэр авах шаардлага байсан уу гэх асуулт зүй ёсоор тавигдана биз ээ. Уг нь хивсэнцрээр зарсан газар нь эв санааны нэгдлийн талбай байгуулахаар төлөвлөсөн байсан. Нийслэлийн Засаг дарга, дүүргийн дарга нараас зөвшөөрөл авалгүйгээр шууд үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ өмнөөс дуу хоолойгоо нэгтгэдэг газар бий болгох байсан юм. Мөн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн орон сууц барих ажил хэрэгжих дээрээ тулаад байлаа. Харамсалтай нь энэ хоёр ажил хэрэгжээгүй, газраа зараад л өнгөрсөн.

-МҮЭХ хоёр мянга орчим малтай байсан гэсэн. Одоо 200 ч хүрэхгүй малтай болчихсон гэсэн. Тэр олон малыг хэн авчихсан юм бэ?

-Би Монголын үйлдвэрчний холбооны тээвэр үйлчилгээний газраас эхлээд холбооны ерөнхий нягтлангаар ажиллаж байх хугацаанд буюу 2012 онд малаа тоолж бүртгэлжүүлэх талаар хэд хэдэн удаа санал гаргаж байсан. Гэвч миний тэр саналыг огт хүлээж аваагүй. МҮЭ-ийн сүрэг гэж хэдэн мянгаар тоологдох нуур далай шиг мал бэлчдэг байлаа. 2000 оны дунд үеэс илэрхий хорогдсоор мянган хонь, ямаа үлдсэн. Үхэр, адуу бол хамгийн эхэнд дуусдаг юм билээ. МҮЭ-ийн даргын хамаатан садан малчин залуус хулгайд алдчихлаа, чоно нохойд идүүлчихлээ, зудад уруудуулчихлаа гэдэг. Бусад айлын мал өсөөд байдаг. МҮЭ-ийн мал үрждэггүй, өдгөө буурсаар 160 орчим толгой хонь, ямаа үлдсэн. Уг нь бол зуд турхан болоогүй он жилүүд байсансан. Малчид маань ичих ч үгүй хадлан, тэжээл гээд мөнгө цохуулаад авдаг. Тэгсэн мөртлөө мал нь жилээс жилд буураад л байна. Манай МҮЭХ-ны мал өсөх биш буурах циклиэр явсаар дуусах дөхөж байна даа. Энэ янзаараа хоёр жил болоход хоёр мянган малтай байсан МҮЭХ чаа гэх ямаа, хонь байхгүй болоод үлдэх юм шиг байна лээ.

-Ажиллахгүй сэрүүцүүлэх төхөөрөмж тавьсан гэх асуудал сүүлийн үед МҮЭХ-нд нэлээд яригдаж байгаа юм байна лээ?

-Тийм ээ. 2013 оны МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч “Сэрүүн” компанитай 271 сая төгрөгийн үнэ бүхий сэрүүцүүлэх төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулсан байдаг. МҮЭХ-ны санхүүжилтаар барьсан “Альфа” зочид буудал баригдаад дуусах гэж байхад барилгын үндсэн хэв хийцийг эвдэж суулгасан юм. 2015 он хүртэл төхөөрөмж суулгасан. МҮЭХ-ны санхүүгийн асуудлыг дэд ерөнхийлөгч мэддэг. Гарын үсгийг тэр зурдаг шүү дээ. Тэр л огт ажиллахгүй байгаа сэрүүцүүлэх төхөөрөмж авах гэрээ хийсэн. мянган ажилтны сэтгэл гаргаж өгсөн мөнгийг ингэж шамшигдуулж салхинд хийсгэж болохгүй биз дээ. Үүнд хэн хариуцлага хүлээх нь одоо хүртэл тодорхойгүй байгаа.

-МҮЭХ газар зарлаа гэх олон асуудал яригддаг. Үнэхээр газар зарсан асуудал байдаг юмуу?

-Шар хадны ойролцоо МҮЭ-ийн ногооны талбай байсан байгаа юм. “Жил жилээр дундарсан Жирмийн цагаан нуур” гэдэг шиг жилээс жилд хумигдсан газар даа зайлуул. Хэдэн жилийн дараа 1.6 га газар үлдсэн байсан бөгөөд өдгөө ор мөргүй болсон байна. Барилгын компани, иргэдийн ярьж байгаагаас үзвэл мөн жижиглэн зарж орхижээ. Зарсан мөнгөний бараа сураг байдаггүй. Мөн Зуун айлын ойролцоо МҮЭ-ийн ажилчдын хашаа гэж байлаа. Бас л багасч жижгэрээд ирэхээр нь үлдсэн газрыг нь 1.4 квадрат метрийг МҮЭХ-ноос хашаалаад авсан. Их юмны үлдэгдэл газрыг МҮЭХ-ны удирдлагууд хотын даргатай зөвшилцсөн нэрээр “Бэрэн” компанид хоёр өрөө байраар зарсан гэх мэдээлэл байгаа. Та бүхэн бод доо. Зуун айлд тийм хэмжээний газартай байсан бол та тэрбум төгрөг нэхээд суучихна биз дээ. Бас болоогүй нөгөө хоёр өрөө байрны асуудал огт байхгүй алга болчихсон. Монголын Үйлдвэрчний Эвлэлээс “Үйлдвэрчин” хотхон гэдгийг барьсан байгаа юм. Ингээд 180 айлын орон сууцанд хөгшин залуу ажилтнууд, ахмадуудаа 1-2 өрөө байранд оруулсан. Метр квадратын үнэ нь 800 мянган төгрөгөөр өгсөн. Гэтэл тэр байрнаас 40 ширхэг байрны мөнгө сох дутсан байгаа юм. Өөрөөр хэлбэл 40 ширхэг байр хэнд өгсөн ч тодорхойгүй. Үүнийг эрж сурдаг хүн ч алга. Бүгд чимээгүй сууцгааж байна.

МҮЭХ-ны төв оффистой залгаад спорт заал байсан юм билээ. Тэр спорт заалыг тус холбооны Ерөнхийлөгч асан “Мөлхөө сайд” хэмээн алдаршсан Ши.Батбаярын хүү авчихсан гэсэн. олон жил шүүх цагдаа болсны эцэст тохиролцоонд хүрсэн байгаа юм. Өдгөө баригдаад буй 16 давхар шилэн барилгаас нь 750 квадрат метр оффис авахаар гэрээ хэлцэл хийсэн байдаг. Гэтэл тэр 750 квадрат метр талбайгаас 200 квадрат метр нь дутчихсан, олдохоо байжээ. Учрыг нь сураглаваас одоогийн дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат л дээрх асуудалтай холбоотой юм билээ.

-Та МҮЭХ-ны дарга нараа хөдөөгүүр зугаалаад алга болчихдог. Машинаа байнга сольж унадаг гэж шүүмжилсэн байна лээ?

-МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар гурван жилийн хугацаанд дөрвөн автомашин авч унажээ. 130 сая төгрөгөөр “Toyoto escalade” тус бүр нь 30 сая төгрөгийн үнэтэй “Toyoto camry”, “Toyoto crown” машин авч сэлгэн унадаг. МҮЭХ-ны ихэнх оффис давхар түрээстэй, ашиглалт муу, алдагдалтай явж ирлээ. Тиймдээ ч тус холбооны дарга нар 300 гаруй сая төгрөгийн машин хөлөглөдөг биз. МҮЭХ-ны 100 жилийн ой нүсэр болж байна. Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Г.Адъяа нар улс орноо тойрон аялж явна. Тэднийг ингэж жаргаж цэнгэж явахад олон мянган эмч, багш нар ажил хаян тэмцэж байна шүү дээ. Уг нь МҮЭХ-ны дарга тэдний эрх ашгийг хамгаалаад хамгийн түрүүнд жагсаалыг тэргүүлээд явах ёстой, үүрэг хүлээсэн байгууллага. Гэтэл манай эрхэм дарга нар Хөвсгөл далайн эрэг дээр хундага жингэнүүлэн мэндчилж сууна. Нийтдээ 300 сая төгрөгийг баярын арга хэмжээндээ зориулж байгаа гэх мэдээлэл ч байгаа. Тэд ингэж тансаглаж явахын оронд тэр мөнгөө хэдэн багш нарт цалин болгоод өгсөн ч яах вэ дээ.

-Засгийн газар МҮЭХ-той хаалтын гэрээ хийсэн гэж үнэн юм уу?

-2014 оны тавдугаар сарын “Үнэн” сонингоос эхлээд бүх сайтыг шүүрдээд үзээрэй. “Засгийн газар МҮЭХ-той 760 сая төгрөгийн хаалтын гэрээ хийлээ” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Энэ гэрээний үндэс дээр 2014 оноос хойш багш, эмч болон төрийн албан хаагчдын цалин нэмэгдээгүй юм билээ. Ерөнхийдөө бол Монголын Үйлдвэрчний Эвлэл гэдэг байгууллага эмч, багш нарыг жагсаахгүй, өдөөхгүй байх үүрэг хүлээжээ.

Цаг тухайд нь эмч багш нарын цалин хөлсийг нэмээд явсан бол одоогийнх шигээ доод ёроолдоо хүрэхгүй байлаа. Ер нь МҮЭХ ямар байгууллага юм бэ, Засгийн газартай хэлэлцээрт орж тэврэлдэх ёстой юм уу гэдгийг гишүүд дэмжигчид хэлэх биз. Хаалтын гэрээ одоо ч хүртэл үргэлжилж байгаа бололтой. Багш, эмч нарын тэмцлийг МҮЭХ-ноос дорвитой дэмжлэг үзүүлсэнгүй. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Сонордуулга” гэсэн сонин зүйл хүргүүлжээ. Сануулга, шаардлага биш сонордуулгадаа “Хөнжлийнхөө хэмжээг томсгоорой” гэсэн байгаа юм.

Энэ юу гэсэн үг вэ гэвэл мөнгөтэй болоод эмч нарын цалинг нэмнэ гэсэн санааг нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж байгаа утга юм. Хамгийн ноцтой нь эмч багш нарын цалин нэмэх, нэмүүлэх сонирхол МҮЭХ-нд алга байна гэдгийг шуудхан хэлмээр байна. Уг нь багш, эмч нарын цалинг нэмэх боломж харагдаад л байгаа. Эдийн засгийн хүндрэл, данс улайсан гэх хэрнээ сонгуулиар “Хүүхдийн мөнгө”, “Эрдэнийн хишиг”, “Ахмадын хишиг” тараачихдаг улстөрчид шүү дээ. Өнөөдөр л гэхэд Таван толгойн компанийн орлого 500 гаруй тэрбумаар давчихлаа. Хааш нь хийхээ мэдэхгүй булаалдаж байгаа нөхдүүд эмч багш нарт 100 тэрбумыг шидчихэд л асуудал намжина биз дээ. Энэ талаар УИХ дээр Л.Энх-Амгалан ярина лээ. Сүүлийн жилүүдэд МҮЭХ-г удирдаж байгаа хүмүүс дандаа нь эд хөрөнгө, газрыг нь зарж, хувьдаа ашиг олох сонирхолтой хүмүүс ирээд байх шиг санагддаг. одоо эрс шинэчлэл хийж, эгэл жирийн ажилтнуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тэднийхээ төлөө ажил хийдэг хүн МҮЭХ-нд ус агаар мэт хэрэгтэй байна. Монгол Улсын хувь заяаг нуруун дээрээ үүрч яваа эгэл жирийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалж, дуу хоолой нь болох нь МҮЭХ үүрэг, гол зорилго. Түүнээс байгаа зүйлсийг нь хувьдаа завшчихаад юу ч болоогүй юм шиг сууж байгаа хүмүүс МҮЭХ-нд байх ёсгүй.

-Таныг АТГ-т хандаж байгаа гэж сонссон?

Тийм ээ. МҮЭХ-ны алга болсон зүйлс хаашаа орсон хэн авсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ өгч байгаа. Шударга бус зүйлтэй хатуухан тэмцэх хэрэгтэй. Хууль зөрчсөн авлига, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, өөрийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр, тогтоол гаргасан нь тогтоогдох юм бол үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *