Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малалагийн ялгуусан амжилт дэлхийн охидод үлгэр дуурайллын манлайлал болох ёстой

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр саяхан болж өнгөрлөө. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн аравдугаар сарын 11-нд дэлхий нийтээрээ охидын эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байхыг уриалсан билээ. Энэ өдрийн гол утга учир нь ерөөсөө охидын сурч боловсроход нь анхаарах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэхэд оршдог юм. Мөн нийгэмд охидын эрхийн тухай ойлголтыг таниулан нэмэгдүүлэх зорилготой. НҮБ-ын уг тунхаглал 2012 онд гарснаас хойш олон улс охидын өдрийг идэвхтэй тэмдэглэж ирлээ. Манай монголчуудын хувьд хэзээнээсээ охин үрээ дээдэлдэг ард түмэн. Ирээдүйд эх хүн болох охидыг бага балчраас нь хайрлан хамгаалж, хүндэтгэдэг уламжлалтай. Хэдэн жилийн өмнө манай улсад айлчилсан гадаадын иргэн өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцахдаа “Монголчууд балчир хүүхдүүдээ их хүндэтгэдэг ард түмэн юм байна. Ялангуяа охид нь илүү их эрх дархтай юм” гэж хэлж байсан. Үнэхээр манайхан хүнд хүчир ажлаас охидоо чөлөөлдөг. Тэгсэн мөртлөө эрдэм номын зам руу эрчүүдийгээ илгээх талдаа хойрго. “Энэ маань охин юм. Сурч боловсрох хэрэгтэй. Хүү бол яахав дээ. Хар ажил хийгээд ч болох нь ээ амьдарчихна” гэсэн хандлага одоо ч бий. Их, дээд сургуулиудад суралцагчдын дийлэнх нь эмэгтэй оюутнууд байдаг шүү дээ. Гэтэл амьдрал дээр охидуудын маань сурч, боловсрох, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох чадвар нь тун тааруу байдаг. Тэд дөрвөн жил оюутны ширээний ард сурч мэдсэнийхээ шидийг гаргаж чадахгүй байна. Их дээд сургууль төгсөөд дэлгүүрийн худалдагч юм уу бензин колонкуудын түгээгч болж байгаа нь худлаа биш юм. Харин аливаа удирдах албан тушаалд очдог хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байдаг. Монголын нийгэмд улс төр, урлаг, соёл, шинжлэх ухаан гээд бүхий л салбарын алдартнуудыг хараад байхад дандаа л эр хүйсийнхэн давамгайлж байна.

Энэ ертөнцийн хаана ч эрэгтэй, эмэгтэй гэсэн тусдаа оюун ухаан байдаггүй. Хүн төрөлхтөн адгуусан амьтдаас оюун ухаанаараа ялгардаг нь хөдөлмөр бүтээлийн арвин ундарга юм. Сүүлийн үед дэлхийд охидын хүч чадал, оюун ухаан, авьяас билгийг асар их сурталчилдаг болсон. Холливудын кинонуудад хүртэл эмэгтэй супер баатрууд моодонд ороод байгаа. Эмэгтэйчүүд эрчүүдээс эр бяр, хүч чадал, авхаалж самбаагаараа дутахгүй гэсэн санааг бүхий л насныханд зориулсан киногоороо харуулж байна. Дээрээс нь охид эмэгтэйчүүдийн баатарлаг үйл хэргийг олон улс өндрөөр үнэлж, шагшин бахархдаг. Жишээлбэл, Малала охиныг хүн бүр мэднэ. Дэлхийн охидын үлгэр дуурайлал болсон Малала Юсафзай лалын хаалттай ертөнцөөс тод мандсан нар юм. Тэрбээр ердөө арваадхан настайгаасаа охид хүүхдүүдийн мэдлэг боловсролын төлөөх тэмцлээ эхлүүлж байв. Малала охин сурч боловсрох туйлын мөрөөдөлдөө хөтлөгдөж, тэр аймшигтай алан хядлагууд өдөр бүр давтагддаг дарь ханхалсан суман мөндрийг яаж сөрөн гаталлаа даа. Охид эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр боомилогдсон лалын бодлогын эсрэг Малала хатуу тэмцсэнийхээ төлөө талибанчуудад буудуулсан. Түүний сууж явсан сургуулийн автобусыг алан хядагчид эзэлж, хөөрхий охиныг сурагчдын өмнө тархи руу нь буудсан аймшигтай түүхийг дэлхий дахин цочир хүлээж авч байлаа. Тэрбээр таван сарын турш Их Британид эмчлүүлсний үр дүнд амьд үлдэж чадсан. Малала Юсафзайгийн охид эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх амь өрссөн зоригтой, тууштай тэмцэл нь дэлхий дахинд үнэлэгдэж 17хон настайдаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн. Малала охин хүний эрхийн төлөөх нэр хүндтэй шагналын хамгийн залуу эзэн болов. Тэрбээр энэ шагналыг авахаас өмнө Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал, Үндэсний залуучуудын энх тайвны шагнал, Канадын хүндэт иргэн, Европийн холбооны Сахаровын нэрэмжит шагнал зэрэг нэр хүнд бүхий 34 шагналыг хүртэж байсан байна. Одоо тэрбээр дэлхийд чансаагаар тэргүүлдэг Оксфордын их сургуульд сурч байгаа билээ.

Малала охин дөнгөж есдүгээр ангид байхдаа дэлхийд нэрээ тамгалж, дээрх олон бахдам амжилтын эзэн болсон юм. Ер нь хүнд хүсэл тэмүүлэл байвал тамын тогооноос ч амьд гарч ирж чаддагийн тод жишээ бол энэ. Өөр бас нэгэн үлгэр дуурайлал болсон эмэгтэй бол Опра. Өнөө цагийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг гэж нэрлэгддэг тэрбээр “Опрагийн шоу”-гаар дэлхийд танигдсан хүн. Тэрээр ядуу зүдүү амьдралыг биеэрээ туулсан. Хүчирхийлэл, доромжлол, арьс өнгөний ялгаварлан гадуурхалт зэрэг дарамтыг даван туулж өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан билээ. Түүний од болон гялалзсан нууц нь гэвэл ердөө түүний чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл, тууштай тэмцэгч зан чанар нь мөрөөдлийнх нь түлхүүр байв. Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээж чадсан өсвөр насны охин Анне Франкийг ч энд цохон тэмдэглэмээр байна. Дэлхийн II дайны үед Германы хорих лагерт хоригдож байгаад нас барсан еврей охины тухай бөмбөрцгийн өнцөг булан бүрт бахархан дурсдаг. Өнөө маргаашаа яая даа гэсэн өлмөн зөлмөн дайн дажинтай амьдрал дунд энэ охин зохиолч болох аугаа хүсэл мөрөөдөлтэй байв. Анне Франк охины өөрт тохиолдсон баяр хөөр, айдас, гэр бүлийн харилцаа, эцэг, эхийн хайр хүндлэл, найз нөхдийн үерхэл зэргийг бичсэн тэмдэглэлийн дэвтэр нь хожим ном болон хэвлэгдсэн. Улмаар борлуулалтаараа тэргүүлдэг шилдэг номын жагсаалтад багтдаг. Өнөөдөр шашин хоорондын мөргөлдөөнт дайн байлдаантай улс оронд өсвөр насны охидын 90 орчим хувь нь сурч, боловсорч чадахгүй байгаа. Лалын шашны дэг жаягтай оронд аравхан нас хүрээгүй охиноо хөгшин эрд эхнэр болгоод өгөөд явуулчихдаг.

Эсвэл төрсөн охиноо өрөндөө өгөх юм уу хэн нэгэн баян эрд зарах тохиолдол энгийн үзэгдэл. Энэ ертөнц дэх охид амьдралаа сонгох эрхгүй. Нэг хэсэг нь эцэг, эхийнхээ шахалтаар бусдын өмчлөлд очихын зовлон туулдаг бол зарим нь террористуудад барьцаалагдаж, хулгайлагддаг. Негерийн “Боко Харам” зэвсэгт бүлэглэл охид, бүсгүйчүүдийг хоёр гурван зуугаар хулгайлсан сэтгэлд сэртхийлгэм үйл явдал болж л байлаа. Алан хядагчид охидыг хүчирхийлж, боолчилж, заримыг нь бүр хүний наймааны золиос болгосон. Энэ мэтчилэн дайн байлдаантай орнуудын ард иргэд өдөр хоногийг асар их айдас дунд өнгөрүүлж байна. Тэр дунд бүтээлч сэтгэлгээтэй, авьяас билэгтэй, онцгой ухаантай охид олон. Гэвч ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл гээд ямар их доромжлолыг амсдаг билээ дээ. Өдөр бүр түгшүүрийн харанга дэлддэг тийм ертөнц дэх хүмүүсийн дэргэд Монголын охид дэндүү эрх чөлөөтэй, амар амгалан нийгэмд амьдарч байгаа. Өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох боломж нь нээлттэй. Наад зах нь лалын орнуудын охид хүүхнүүд шиг хар даавуугаар нүүр, биеэ битүү ороохгүй байгаа биз дээ. Өмсч зүүх, идэж, уух гээд хэрэглээний хязгааргүй орон зай тэдний өмнө байна.

Гэтэл манай охид 16 нас хүрээгүй байж л хайр дурлал яриад туйлширдаг алдаа байна. Үнэндээ дурлал бол амьдралынх нь зорилго биш. Мэдээж нөхөрт гарч, сайн ханьтай учирч үр удмаа үлдээх нь биологийнх нь үүрэг л дээ. Харин охидын эрх чөлөө адгууслаг чиглэл рүү яваад байна уу даа гэмээр. Ийм үзэл суртлыг Монголын уран бүтээлчид, зохиолчид дэлгэрүүлж байгаа нь буруу юм. Тэд юм л бол адуу мал, хайр дурлалын сэдэвтэй уран бүтээл туурвидаг. Бичсэн шүлэг, дуу болгон нь өсвөр насныханд буруу үлгэр дуурайлал болохоор байна. Хатуухан хэлэхэд энэ бол эвцэлдэх уриалга гэж харагддаг. Ер нь хайрыг манайхан хэтэрхий жижиг хүрээнд оруулж, зөвхөн эвцэлдэх төдий ухамсраар хайрцаглаад байх юм.Үүн дээр Монголын зохиолчдын эвлэлийн хороо анхаарч, бодлогоо гаргах хэрэгтэй. Дурлалаас урьдаар олон нандин хайр гэж байдаг. Аав, ээж, ах, эгч, дүү, хамаатан садан, анд нөхөрлөл, багш шавийн гээд дотны хүмүүсээ хүндлэн дээдлэх хайр байна. Мөн эх орноо, байгаль дэлхийгээ, улс орныхоо хөгжилт цэцэглэлт зэрэг амьдралд тохиолдох олон сайхан зүлийг хайрла. Энэ бүхний эцэст хайр дурлал байх ёстой.

Монголын охид сайн оюун ухаан, сайн боловсрол эзэмшиж, дэлхийд гайхуулсан шинжлэх ухааны нээлт хийж, сайн уран бүтээл туурвимаар байгаа юм. Ер нь бол эмэгтэй хүн аливаа ажлыг төгс хийдэг. Хэзээ ч урдах ажлаасаа ухарч, хойш суудаггүй. Тэдэнд гүйцэтгэх ажлыг даалгахад огтхон ч санаа зовох хэрэггүй. Тун хариуцлагатай, чамбай хүмүүс шүү дээ. Дэлхийд данстай эмэгтэйчүүдийн туулсан замналыг харахад энэ мөн чанар тод харагддаг. Иймд Малалагийн ялгуусан амжилт дэлхийн охидод үлгэр дуурайллын манлайлал болох ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Малалагийн ялгуусан амжилт дэлхийн охидод үлгэр дуурайллын манлайлал болох ёстой” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Энэ удаагийн “Танайд өнжье” буланд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор, Соёл урлагийн их сургуулийн тэнхмийн эрхлэгч Найдангийн Ганхуягийнд өнжлөө.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд “Малалагийн ялгуусан амжилт дэлхийн охидод үлгэр дуурайллын манлайлал болох ёстой” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Орос-Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Төрийн Думын гишүүний зөвлөх А.С.Бабушкинтэй ярилцсан сонирхолтой ярилцлага энэ удаагийн дугаарт нийтлэгдлээ. Тэрээр Орос Монголын эдийн засгийн форумд оролцсон билээ .

УИХ-ын гишүүн, Их хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа. Энэ тухай улс төрийн нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай улс төр ярьсангүй. Дээр үеийн Улаанбаатар хот, тэр үеийн залуусын тухай энгийн сайхан дурсамж яриа өрнүүлсэн билээ. Энэ сонирхолтой ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Эдгээр болон бусад сонин, содон, сонирхолтой ярилцлага, нийлтлэл “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт багтлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *