Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдоржийг хууль зүйн сайдаар томиллоо

Ц.Нямдорж зурган илэрцүүд

Санал хураалтад 69 хүн оролцсоноос 62 хүн зөвшөөрч 89,9 хувийн саналаар Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар томиллоо.

Л.Болд: Хэт битгий муйхарлаарай. Шинэ хуулиар авлига өгсөн хүн буруутахгүй болсон. Авлига өгсөн хүмүүсээ илчлээрэй. Авсан хүн л буруутна.

Ж.Мөнхбат: Зарим хэргүүд алга болчих юм. Хөгжлийн банкны хэрэг, Төмөр замын хэрэг, Тагнаж чагнасан хэрэг гээд хаачсан бэ. Сонгууль болохоор л яриад байдаг. Гэтэл 10 мянган төгрөг хулгайлсан хэрэг алга болдоггүй. Шударга ёс хаачсан бэ. Баахан улстөржиж хүн гүтгэчихээд зүгээр яваад байдаг хүмүүсийг яах вэ. Намайг замын концесстой холбоотойгоор баахан гүтгэсэн.

Д.Эрдэнэбат: Нямдорж гишүүнийг хувийн өмчийн эсрэг, хувь хүний эсрэг ярьдаг. Бид ардчилсан улсын ард түмэн. Хүрэлсүхийн засгийн газарт та түшиг болно гэдгийг мэдэж байна. Та гэхдээ энэ Засгийн газрыг хүчирхийллийн засгийн газар луу битгий оруулчихаарай. Өнөөдрийн нөхцөлд хувийн бизнес, үндэсний компаний дэмжихгүй бол үзэл бодлын эсэрг гээд бүгдийг нь шалгана гэвэл наадх чинь буруу. Та сая энэ танхимд сууж байгаа хүмүүс луйврын асуудлаа зогсоо гэлээ. Энд байгаа хөрөнгө мөнгөгүй мөртлөө баяжаад байна гэдэгтэй би санал нийлж байна. Хэн оффшор компанитай байгааг та зарлаач. Оюутолгойн 4 компанийн 2 нь огт дурьдагдахгүй байна вэ. Эндээс бүх зүйлийн чагт эхэлнэ. Та хэлээч?

Бүлэглэл гэдэг үгийг болиулаад, бүлэглэл гэж энэ байна гээд гаргаж тавья. Та 60 тэрбумын эвлүүлгийн талаар ярилцлага өгсөн. Энэ эвлүүлэг биш гэж та хэлсэн. Эвлүүлэг биш бол энэ гэмт хэрэгт тооцогдох уу?

Ц.Нямдорж: Сүүлийн асуултаас эхэлье. Тэр Ганбаатар нарын хооронд болсон яриа бол эвлүүлэг биш. Тэр нь гэмт үйлдлийн шинжтэй байна уу гэдгийг шийддэг нь шүүх, прокурор. Нийгэмд энэ асуудлын эцсийг үзэх хэрэгтэй гэдэг дээр би хатуу байна. Би улстөрийн хариуцлагын тухай ярьсан юм. Сандуйгийн тухай асуудлыг ярьсан юм. Улстөрийн хариуцлага тооцогдсон. Би УИХ-ын дэд даргаар сонгогдсон хүн. Би М.Энхболд даргад мөнгө өгөөгүй. Цолмонд мөнгө байхгүй, өгөөгүй. Ингээд дэмий юм ярьдаг хүний үгээр улстөр хийгээд бүхнийг харлуулаад байх чинь утгагүй.

Би хувийн өмчид өөрөөс чинь илүү хайртай байж мэднэ. Хувийн өмчийг дөнгөж гарч ирж байхад нь хүчирхийлэл үйлдээд байхад нь би дарамт шахалтаас чөлөөлж байсан. Харин хулгайлж авсан юмыг төрийн өмч гэж байвал би харин зөвшөөрөхгүй. ХХБ-ыг хувиасаа гаргасан бол хэлэхгүй. Улсаас авсан бол наадх чинь хулгай. Үүн дээр бол ёстой санал нийлэхгүй шүү. Хууль ёсоороо явж байгаа хувийн өмчид хэн ч гар хүрэхгүй, хуулийнхныг тийш нь явуулахгүй. Харин хууль бус бол хатуу ярина. Хүнийг хоёр гурван сараар барьж хориод гаргадаг. Тэгээд юу болсон нь мэдэгдэхгүй, гаргадаг. Ийм зүйл болж байна гэсэн. Би энийг шалгана. Хэт олон бизнес эрхэлж багйаа хүмүүсийг барьж хорьсон.

Танил тал албан тушаалын сүлжээнд дулдуйдаж улсын өмч хулгайлсан бол асуудал ярина. Ингэсний төлөө фашист гэнэ үү, коммунист гэнэ үү хамаагүй. Хулгайд улстөрийн нам гэж байдаггүй юм. Ингэж хөлжиж ирсэн хүмүүс одоо зогсох хэрэгтэй.

Т.Аюурсайхан: Оффшорын хуультай холбоотой Засгийн газрын тогтоолыг гаргахдаа оффшор данс бүхий гол улсуудыг хасаад, хүмүүс огт мэдэхгүй улсуудыг оруулсан байна билээ. Та энэ дээр ажиллаж өгөөрэй.

Ц.Нямдорж: Засгийн газрын цаашдын ажилд хэрэг болохоор гол санаануудыг би бичиж авч байна. Энэ оффшорын асуудлыг анхаарна. Бас зарим хэрэггүй хуулийг өөрчилнө. Хэт олон хүнээс асуудаг хууль чинь буруу. Цэгцлэх хэрэгтэй. Оффшорын асуудлаар ч гэсэн тодорхой байр суурьтай. Хэрэгжилтийг нь үзэж байгаад өөрчлөлт хийх шаардлагатай бол саналыг нь оруулж ирнэ. Гэхдээ нэг зарчим бий. Би юмыг уншиж, судалж үзэлгүйгээр хуулийн талаар үг хэлдэггүй. Судалж үзээд, шийдвэрлэнэ. Сүүлийн үед гараад байгаа нэг зүйлд анхаарал хандуулахгүй бол болохгүй. Сошл ертөнцөөр дутуу ойлголттой цацсан асуудал гэнэт нийтийн давалгаа болж хувиргаад юмыг буруу тийш нь эргүүлэх гээд байгаа асуудал байна. Ийм байдлаар дүгнэлт хийж болохгүй. Хүүхдийн эрхэд халдсан гэдэг асуудал гараад байна. Энийг очиж байгаад судалж үзнэ. Би шал өөр юм сонссон шүү. Хуулийн ажлыг баталгаатай болгож байж амнаасаа үг алдахгүй бол болдоггүй. 60 тэрбумын асуудлыг эцэслэн шалгах ёстой.

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Нямдорж гишүүнийг сайд болооч гэж ятгасан хүмүүсийн нэг нь би байна. Шударга бус зүйлийг хийхгүй л бол би энэ Засгийн газрыг дэмжин ажиллана. Шударга ёсыг тогтоож чадна гэсэн ард түмний итгэл байна. Хэрэв энэ Засгийн газар үүнийг хийж чадахгүй бол дараагийн сонгуулиар гуравдагч хүчин гарч ирнэ. Эсвэл хувьсгал болно. Тиймээс үүнийг сануулж байна. Засгийн газрын 100 хоног гэж бий. Ард түмний хүлээлт Засгийн газрын ерөнхий хүлээлтийн огтолцлолыг харуулдаг юм билээ. Тиймээс 100 хоногийн дотор Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэхэд УИХ-аас ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ. Б.Золжаргал тэргүүтэй нөхдүүд хэзээ хариуцлага хүлээх вэ?

Ц.Нямдорж: Эрдэнэтийн асуудлаар маш яаралтай шийдвэр гаргах ёстой. Би 100 хоногоос наана шийдвэр гарах ёстой гэж үзэж байна. Ер нь бол улс төр дэх мөнгөний нөлөөллөөс ангижрах, мөнгөний богцноос улс төрийг гаргах ажлыг би тууштай хийнэ. Ийм зүйл хийдэг хүмүүст би энэ индэр дээрээс хэлчихье, энэ ажлаа зогсоо, хууль бусаар авсан зүйлээ буцааж өг. Тэгэхгүй бол хууль хөдөлнө шүү. Энэ Монголын оршин тогтнох эс тогтнох асуудал. Миний гол зорилго мафигүй ирээдүйг бий болгох. Гурван сая хүн энэ зүйлийг тасалж байж зөв амьдрах ёстой. Хөгжлийн банк 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан байшингаа буцааж өгөх ёстой. Би өмнө нь сайд байхдаа улс төр ярьдаггүй байсан. Одоо бол улс төр, хууль, хариуцлагыг нь ч ярина. Ертөнцийн жамаар миний амьдрах хугацаа цөөрч байгааг би мэдэж байгаа учраас хэлэх юмаа хэлж, хийх юмаа хийнэ. Засгийн газраас хууль бус ямар ч шийдвэр гаргуулахгүй байхын тулд хуулийн сайд ажилладаг. Хууль дагасан улстөр гэж бий. Улстөрийн алдаатай хуулийн шийдвэр гаргуулахгүй байхад анхаарна. Хүчний байгууллагыг улстөрийнх болсон явдлыг зогсоох бол миний хийх эхний ажил. Хууль зөрчсөн бол албан тушаалаар бамбай хийж, хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй шүү. Маш хариуцлагатай ажил гэдгийг би мэдэж байна. Тиймээс олон хоног бодсоны эцэст “Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай” гэдгийг бодож л ирсэн.

Ц.Нямдорж: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧИЙГ ГАРГАЖ ИРЭХИЙГ ШААРДАНА

С.Зориг агсны хэрэгтэй танилцах боломж надад байгаагүй. Гэхдээ олон жилийн туршлага байна, энэ мэтийн хэргийг би гадарлана. Захиалагчийг олох ажлын хэсэг байгуулагдаад хагас жил боллоо. Дахиад хагас жил болсон ч илрэхгүй. Ийм ер бусын балмад юм хийсэн учраас энэ хэргийг би яриад байгаа юм. Энэ бүхнээс Монголын Үндсэн хуулийн систем бүхэлдээ нурж унаж байгааг харж байна. Тиймээс би сайдаар томилогдохоороо энэ асуудлыг оруулж ирнэ. Захиалагч нь хэн гэдгийг зарла гэдгийг шаардана.

Хэргийн гэрчийг шүүх хуралд оруулдаггүй, эргэлзээ ихтэй хэрэг. Монголын хууль монголын орчинд таарсан байх ёстой. Хэрэв ийм биш бол залруулах арга хэмжээ авна. Монголд таараагүй хууль баталчихаар систем нь нурж унаад байдаг юм.

Ж.Мөнхбат: Би их олон зүйл дээр танаас зарчим суралцаж, суралцсаар ч байна. Засгийн газар огцруулахад гарын үсэг зурсан нэг ч хүн сайд болох ёсгүй гэсэн зарчим та ярьж байсан. Энэ зарчим хаана байна вэ?

Ц.Нямдорж: Засгийн газрыг огцруулахад 30 гишүүн гарын үсэг зурсан байсан. Би хожим нэмэгдэхгүй. Би ганц зүйл асуусан. Ийм асуудал гаргачихаад Засгийн газрын гишүүн болохгүй шүү гэж хэлсэн. Я.Содбаатар, Н.Учрал, Т.Аюурсайхан байна. Энэ залуус хэлсэн үгэндээ хүрсэн. Харин миний асуудал өөр. Хувь заяаны тоглоом, шоглоомоор гэх юм уу өнөөдөр сайд болох эсэх талаар яриулаад сууж байна. Энэ салбар хамгийн хүнд үед л би энэ албан тушаалд явдаг. Одоо ч амаргүй нөхцөлд би тал талаас энэ ажлыг хийгээч гэсэн учраас албаны саналыг хүлээн авсан. “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдэхийн тулд би явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *