Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.
-Хүний эрхийн 16 дахь илтгэлийг өнгөрсөн хавар уиХ-д өргөн барьсан ч одоо хүртэл хэлэлцээгүй байна. Та сая(өчигдөр) Хүний эрхийн дэд хороонд уг илтгэлийн тухай танилцуулгадаа нэлээд ноцтой асуудлууд тусгасан тухай онцоллоо. сүүлийн үед насанд хүрээгүй охидыг хүчиндэж, амь насыг нь бүрэлгэсэн гээд нийгмийг цочроосон хэргүүд ар араасаа гарах боллоо. Хүний эрхийн байгууллагын хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Хараат бус хүний эрхийн байгууллагын гол эрхэлдэг ажил бол хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлийг жил болгон боловсруулж д өргөн мэдүүлдэг журамтай. Хуулинд эхний улиралд багтааж, энэ илтгэлийг д өргөн мэдүүлж байхаар заасан байдаг. тиймээс Хүний эрхийн 16 дахь илтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр уиХ-д өргөн барьсан. Гэтэл хэлэлцэлгүй хойшилсоор өдий хүрлээ. Сонгуультай жил заримдаа ингэж хойшилдог тал бий. 16 дахь илтгэлд нэлээд анхаарал татсан асуудлууд оруулсан. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн байдалд хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байна. Мөн хүүхдийн тэр дундаа охидын эрх зөрчигдөж буй нэлээд ноцтой асуудлууд байна. Үүнийг чуулганы хуралдаанаар нухацтай ярих байх гэж бодож байна. Үүнээс улбаалаад ХэҮК бүтэн жилийн хугацаанд Хүн амын сантай хамтарч томоохон судалгаа, хяналт шалгалтын ажил хийж байна. энэ бол өсвөр насны охидын нөхөн үржихүйн асуудал байгаа. Өсвөр насны охидын төрөлт, бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, зулбалт, бэлгийн хүчирхийлэл гээд маш эмзэг асуудлуудаар Хүн амын сангийн тусламжтайгаар холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч, хяналт шалгалтын судалгаа хийж байна. Ноцтой баримтууд гарч байгаа. Зарим тохиолдолд нууцын зэрэглэлтэйгээр ҮАБз-ийн хэмжээнд яригдах зүйл ч бий. тэгэхээр уиХ энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцээсэй гэж хүсч байна.
-Та сая охидын асуудлыг ҮАБЗ-ийн хэмжээнд авч үзэх ёстой гэж хэлснээ дэлгэрүүлэхгүй юу?
-Үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болоод байна. Санаанд багтахгүй тоо баримт байна. Үнэндээ тэр мэдээллийг аваад миний нойр хүрээгүй. Саяхан хүртэл ой дөрвөн сартай охиныг сэтгэцийн өвчтэй хүн хүчиндсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Ээж нь архины хамааралтай учраас хүүхдээ хамгаалж чадаагүй гэж байгаа. Хэвлэлээр ил гарсан нь энэ гээд бод доо. Ер нь хүчингийн хэргийн хохирогч болж байгаа охидын байдал ийм л насанд байна. Хүний эрхийн 16 дахь илтгэлд 2015, 2016 онд 298 охин хүчиндүүлсэн тухай аймшигтай тоо баримт бий. Тэрний цаана хэн хүчиндсэн, хохирогчид хэдий хэр насныхан гэдгийг аваад үзвэл үнэхээр сэтгэл өвдөм. Булган аймагт өнгөрсөн жил нэг тохиолдол гарсан байна. 13 настай охин гадуур янз бүрийн юм болоод байхаар нь цагдаагийн байгууллага анхааралдаа аваад эрүүл мэндийн шинжилгээ хийлгэтэл бэлгийн замын халдварт өвчтэй байсан нь илэрсэн гэсэн. Тэр охин өвчин халдаасан байж болзошгүй хүмүүст нь эрүү үүсгэж байгаад хэрэгсэхгүй болгосон байна лээ. Бид үүнийг дахиж шалгахыг шаардсан. Насанд хүрээгүй охидын төрөлтийн хувьд 12-той охин ээж болж байна. 12-17 насны төрөлт өндөр хувь эзэлж байгаа. Ийм насны хүүхэд төрж байна гэхээр нэг бол хүчиндсэн. Эсвэл бага насны хүүхдийг бэлгийн замд уруу татсан хэрэг учраас зайлшгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл гэмт этгээдүүдийг шийтгэсэн болоод эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тун бага. Өнгөрсөн хоёр жилд өсвөр насны 1613 охин төрчихөөд байхад 298-д нь л эрүү үүсгэж шалгасан байгаа юм. Үүнийг цаашаа нягтлах ёстой. Дээр нь бага насны хүүхдүүд үр хөндөлт их хийлгэж байна. Тэд ээж, ааваасаа нууж ийм эрсдэлтэй учирдаг юм байна. Хэрэв эцэг, эхдээ мэдэгдвэл хоорондоо маргалдаж, муудалцах асуудал үүснэ. Ингээд л үр хөндөлт хийлгэдэг болох нь судалгааны явцад илэрсэн. Харин үр хөндөлт хийх боломжгүй охид нь зулбуулах эмийг аптекуудаас чөлөөтэй авч хэрэглэж байна.
-Охид бэлгийн замд уруу татагдаж байгаа шалтгаан нь юу юм бол?
-Шалтгааныг нь аваад үзэхээр нөгөө л гэр бүлийн хүмүүс нь хол амьдардаг. Уул уурхайн бизнес эрхэлдэг, гадаад дотоодод ажилладаг хүмүүсийн эхнэр нь хүүхдүүдтэйгээ гэртээ үлддэг юм байна. Гэтэл ардуур нь янз бүрийн юм болдог. Баар цэнгээний газруудаас өгсүүлээд хүнд асуудлууд их байна. Иргэний нийгмийн байгууллагуудын судалгаанаас үзэхэд өсвөр насны охид бие биеэ уруу татах хандлага нэлээд байдаг бололтой. Тэд хүнтэй унтаж үзээгүй нэгийгээ дооглож, тохуурхдаг болжээ. Энэ талаарх гашуун үнэнийг чуулганы хуралдаанд гишүүдэд хаалттай мэдээлэл хийнэ гэж бодож байгаа. Монголчууд хэзээнээсээ охид, эхнэр, ээжүүдээ дээдэлдэг ард түмэн шүү дээ.
-Одоогийн парламент түүхэнд байгаагүйгээр олон эмэгтэй гишүүдтэй. Гэтэл эмэгтэйчүүдийн эрх удаа дараа зөрчигдөөд байхад эд нар юу ч дуугарахгүй юм. Ийм байтал яагаад хаалттай мэдээлэл хийнэ гэж?
-Тэр бол тийм. Хүний эрхийн 16 дахь илтгэлийг хэлэлцэгдсэний дараа эмэгтэй гишүүд дуугарах болов уу гэж бодож байна. УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл хийх ч асуудлын тухайд Монгол Улсынхаа нэр хүндийг бодож байна. Нөгөөтэйгүүр ийм юм байдаг юм байна шүү дээ гэдэг сэтгэлгээг олон түмний дунд гаргачихгүй юм сан. Төрийн бодлогыг яаралтай зохицуулах үүднээс асуудлыг тавьж байгаа.
-Ер нь өсвөр насны охидын нөхөн үржихүйн асуудлыг боловсролын тогтолцоонд гүнзгий тусгах ёстой юм биш үү?
-Бид Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байгуулагдсаны дараа Эрүүл мэндийн яамтай бэлгийн замын өвчлөл болон өсвөр насны охидын асуудлаар ярилцсан. Боловсролын яамтай ч бас хүүхдийн эрхийн зөрчил, багш сурагчдын хоорондын зөрчил, эцэг эхтэй харилцах харилцааны асуудлаар уулзсан. Харамсалтай нь Засгийн газар нь огцорчихлоо. Шинэ Засгийн газар байгуулагдангуут энэ асуудлыг дахиад тавих болно. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтын асуудал яригдахад боловсролын байгууллага үүнээс хол хөндий яваа шүү дээ. Ер нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг хэр зэрэг заадаг юм бэ гэхээр бүтэн жилд нэг, хоёр цаг ордог гэнэ. Үүнийг ямар сургалт гэдэг юм бэ. Үнэхээр олон талын арга хэмжээ авахаас өөр арга байхгүй. Миний хувьд 1970-аад онд арван жилийн сургуулиа төгссөн. Тэр үед явагддаг байсан охидын үзлэг одоо ч үргэлжилж байгаа. Нэг талаар охидын үзлэг хийж байгаа нь сайн хэрэг ч үүний цаана хүүхдийн эрх зөрчигдөж байна. Эмч нар нь охидын тухай мэдээллийг багш нарт нь өгчихдөг. Үүнээс болж хүүхдийн эрх зөрчигдөөд зогсохгүй асар том хохирол учирч байгаа.
-Та жишээ хэлэхгүй юу?
-Нэг ноцтой хэрэг болсон. Орон нутагт амьдардаг охин багадаа хүчирхийлэлд өртсөн. Тэр охиныг хээр аваачаад нүүрийг нь сийчээд айхавтар хүчингийн хэрэг үйлдсэн этгээд дороо олдоод шийтгэгдсэн. Гэтэл хохирогч охин нутагтаа сургуульд суухын аргагүй болж хотод шилжин ирсэн юм. Түүний сурч байсан сургуульд нь охидын үзлэг хийсэн юм билээ. Тэр эмч нь өнөөх охины тухай ангийн багшид нь хэлчихэж. Анги дүүрэн хүүхдүүдийн дэргэд охиныг багш нь зэмлэж, замбараагүйгээр нь дуудсан байгаа юм. Үүнээс болж тэр охин цочролд орж сэтгэцийн өвчтэй болчихсон. Одоо энэ хүүхэд аймагтаа байгаа. Эцэг, эхийнх нь гомдлоор хэрэг үүсгэгдсэн байгаа. Ер нь охидын үзлэгийг эрүүл мэндийн үзлэг нэрийн дор үзэж яагаад хийж болдоггүй юм бэ. Яахаараа хүүхдийн эрүүл мэндийн байдлыг эмч хүн эцэг, эх, асран хамгаалагчид нь биш багшид хэлэх ёстой юм бэ. Энэ мэтчилэн төрсөн, аборт хийлгэсэн, зулбасан охидын сэтгэл зүй их эмзэг байдаг юм байна. Амиа хорлож байгаа зарим хүүхдүүдийн сэтгэл санаа үүнтэй холбоотой.
-Эрдэнэтэд өнгөрсөн зун хоёр охин есөн давхраас үсэрч амиа хорлосон. Энэ асуудалд танай байгууллага анхаарлаа хандуулсан уу?
-Бидэнд энэ талаар гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа асуудал.
-Жирэмсэн эмэгтэйчүүд хилийн чанадад төрөөд хүүхдээ худалдаж байгаа тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Хүний наймааны тухай хууль 2008 онд ХЭҮК-ийн идэвхтэй оролцоотойгоор батлагдсан юм. Ер нь хүүхдийн наймаа зогссон байх гэж найдаж байгаа. Өнөөдөр насанд хүрээгүй хүүхдийг хилээр гарагахад заавал эцэг, эхийн итгэмжлэх авдаг болсон. Эх нь хүүхдээ аваад явж байгаа бол эцгийнх нь итгэмжлэх заавал шаарддаг. Харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд хяналт тавьж чадахгүй байна. Сая манай П.Оюунчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Эрээн хотод ажиллаад ирлээ. Тэнд ноцтой зүйлүүд их гарч байна. Заримыг нь ил хэлмээргүй байна. Ер нь бол гурван сар доторх жирэмслэлтийг хянаж чадахгүй байгаа. Монголоос жирэмсэн гараад хилийн цаана төрчихөөд хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй буцаж орж ирэх үзэгдэл байна. Тиймээс хил гарч байгаа эмэгтэйчүүдийн гэдэс нь томорч мэдэгдэж байгаа үед “Жирэмсэн явлаа шүү” гэдгийг нь хилийн цэргийнхэн мэдэгдээд буцаад ганцаараа орж ирвэл хүүхдийг нэхэх ёстой.
-Өнгөрсөн жил хурдан морь унуулах нэрийн дор баахан хүүхэд урагшаа гарсан тухай дуулиан дэгдэж байсан байх аа. Ийм асуудал давтагдсан уу?
-Өнөө жил мэдээ тайлан ирээгүй байна. Тэгэхээр зогссон болов уу. Өнгөрсөн жил морь унана гээд урагшаа явсан хүүхдүүдийг бид хилийн шалган нэвтрүүлэхийнхэнтэй хамтран хөөцөлдөж байж хамгийн сүүлийн хүүхдийг есдүгээр сарын 7-нд авчирч байсан юм.
-Та ярилцлагынхаа эхэнд Хүний эрхийн илтгэлдээ хөдөлмөрлөх эрхийн асуудалд ноцтой зөрчлүүд байна гэж дурдсан. Үүнээс үүдсэн сөрөг үр дагаврууд хэр их байна вэ?
-Хүний эрхийн зөрчлийн хамгийн эхэнд энэ асуудал тавигдаж байна. Монголчуудын 90 гаруй хувь нь цалин, тэтгэврээрээ амьдарч байгаа. Гэтэл ажилтай мөртлөө хууль тогтоомж зөрчдөг, үндэслэлтэй, үндэслэлгүйгээр ажлаас халдаг, ажлын байрны янз бүрийн дарамт үзүүлдэг. Үүнээс болж ажиллагсдын сэтгэл санаанд цочирол үүсч заримдаа амиа хорлох асуудал гарч байна. Мөн бид илтгэлдээ цэргийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг авч үзсэн. Тушаалаар ажилладаг нэрийн дор ажлын нөхцөл байдал нь хүнд байна. Цагдаагийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар тодорхой судалгаа хийж, холбогдох асуудлыг УИХ-д асуудал тавьснаар цагдаагийн хуулийг шинэчлэхэд хэрэг болсон. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар бас хяналт шалгалт судалгаа хийсэн. Мөн хил дээр ажиллаж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг авч үзлээ. Ингээд төрийн албаны нэлээд онцлог хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийн асуудлыг гаргаж тавьж байгаа нь хууль тогтоомж нь боловсронгуй болоход ашиглаасай гэж боддог юм. Бас нэг асуудал нь жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг 2 жил тутамд Хүний эрхийн илтгэлдээ оруулж мэдээлдэг. Энэ мэтчилэн олон асуудалд хууль гарсан. Зарим нь зөв хэрэгжиж байна. Заримынх нь хэрэгжилт тааруу байна. Ганц жишээ хэлье. Хүчирхийллийн эсрэг хууль саатаж байгаад гарсан. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа нөхрийг баривчлах шийтгэл оногдуулдаг болсон шүү дээ. Миний бие саяхан гурван аймагт ажиллаа. Саатуулах байр, баривчлах байраар явж байхад Монголын онцлогт, тухайн аймаг орон нутгийн онцлогт нийцээгүй зүйл гардаг л юм байна. Сэлэнгэ, Дарханы баривчлах байр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад харьяалагдах ёстой. Гэтэл цагдаагийн газар дээрээ байна. 20-иод хүнийг нэг өрөөнд баривчлах шийтгэлийн ялыг нь эдлүүлж байх жишээтэй. Тэнд янз бүрийн нөхцөл байдлууд байна. Түүнчлэн шүүх шийтгэлийг оногдуулахдаа нотлох баримтдаа бүрдүүлж байгаа материалдаа анхаарах хэрэгтэй нь харагдлаа. Багийн даргын тодорхойлолт авдаг бололтой юм. Мөн эрсэдлийг янз бүрээр үнэлдгээс болоод сөрөг үзэгдлүүд их гарч ирж байна. Нөгөө хүчирхийлэгч ихэвчлэн өрхийн тэргүүнүүд бөгөөд хэд гурван төгрөг олдог хүн юм байна. Ингээд олон хоног баривчлахаар хүчирхийлэлд өртсөн эхнэр нь хүүхдээ тэврээд цагдаагийн үүдэнд хүрээд ирдэг. “Хоолгүй, мөнгөгүй болчихлоо нөхрийг маань гаргаж өгөөч” гээд суучихдаг гэнэ. Харин тэнд хоригдож байгаа хүн гарч ирээд эхнэр хүүхдээ тэврээд үнсэх үү. Үүнийг шүүх анхаарах ёстой. Эрдэнэт хотод гэр бүлийн хүчирхийлэл харьцангуй бага байна. Гэхдээ судалгаагаар бол “Эрдэнэт” үйлдвэрт ажиллагсад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь их байдаг гэнэ. Учир нь цалин өндөртэй газар учраас дараалан хоёр хоног ажлаа тасалбал халчихдаг юм байна. Тэгэхээс ч аргагүй байх. Харин баривчлах шийтгэл 7-30 хоног байдаг болохоор ойлгомжтой шүү дээ. Өндөр цалинтай ажлаас нь салгачихгүйн тулд гэр бүлийнхэн нь нуун дарагдуулдаг байна. Энэ мэтчилэн аймаг аймгийн, ажиллаж байгаа газруудын онцлог байна л даа. Магадгүй нэр хүндтэй хүмүүс ч гэсэн гэр бүлээ хүчирхийлдэг тухай иргэний нийгмийн байгууллагуудын судалгаа харуулж байна. Яваандаа хүчирхийлэл далд хэлбэрт орох аюултай байна. Яаралтай Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх шаардлагатай болжээ. Хөдөлмөрийн харилцаан дээр цалин өгөхгүй байна гэсэн гомдол их ирж байна. Туршилтаар 14 хоног, бүтэн сар ажиллуулаад “Та тэнцсэнгүй” гээд цалинг нь өгөхгүй явуулчихдаг. Энэ бол хөдөлмөрийн мөлжлөг. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээг заавал хийдэг байх ёстой.
-“Оюу толгой”-д ажилд орохоор мэргэжлийн шалгуурт нь тэнцсэн залууг тарган байна гээд аваагүй гэсэн. Энэ хүний эрх зөрчигдсөн асуудал болж чадах уу?
-Тэр залуу манай байгууллагад хандсан. Энэ бол яах аргагүй хүний эрх зөрчигдсөн асуудал. Бид ХЭҮК-ын гишүүний шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг “Оюу толгой” компани биелүүлэх ёстой. Энэ асуудал захиргааны хэргийн шүүх дээр явж байгаа.
-Ер нь орчин үед бизнесийн байгууллагууд ажилтан авахдаа хатуу шаардлага тавьдаг болсон шүү дээ. Тэр утгаар нь “Оюу толгой” компани тэр залууг ажилд аваагүй байх талтай юм болов уу?
-Тухайн ажлын онцлогоос шалтгаалж, зайлшгүй шаардлага тавьдаг байх. Хурдан хөдөлгөөнтэй ажлын байрны онцлогт бол жин зааж болно. Харин тэр залуугийн тухай уг ажлын байр нь тийм биш юм билээ.
-Мөрдөн байцаалтын явцад, хорих ангид эрүү шүүлт ямархуу байна?
-ХЭҮК 16 дахь илтгэлийнхээ ихэнхэд нь энэ тухай бичсэн байдаг юм. Заримдаа Их хурлын гишүүд биднийг “Шоронд орсон хүмүүсийн эрхийг хамгаалах юм” гэдэг. Тийм биш л дээ. Эрүү шүүлтийн асуудал дэлхийд үнэхээр анхаарал татдаг болчихсон. Тэр утгаар цагдан хорих 461 дүгээр анги шинэ байртай болоод нэлээд олон жил боллоо. Одоо бүх аймагт цагдан хорих байрууд шинэчлэгдэж дуусч байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон. Өөрөөр хэлбэл, нөхцөлийн эрүү шүүлт арилсан гэж хэлж болно. Монголын төр үүн дээр онцгой анхаарч, арга хэмжээ авсан. Харин хэрэг үүсгэхээс өмнөх шатанд цагдаатай холбоотой гомдол тасрахгүй байна. Боловсролгүйгээр нь, айж сандарсанаар нь далимдуулж, аав, ээж, эхнэр хүүхэд, нөхрийг чинь хорино гэж айлгаж байгаад хэрэг хүлээлгэж, баахан цаасан дээр гарын үсэг зуруулсан гэдэг гомдол олон байдаг. Хүн өөрийгөө өмгөөлүүлэх эрхтэй гэсэн үндсэн хуулийн заалттай. Дэлхийд бол хүн хэрэгт холбогдонгуут өмгөөлөгч рүүгээ утасдаж, дагуулж очдог. Харин манайд тэр бүр мэдэхгүй байна. Зарим хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар “Чиний хэрэгт өмгөөлөгч шаардлагагүй” гэж хуурч мэхлээд мэдүүлэг авчихдаг асуудлууд ч байна.
-Цагдаа дээр өдөржин суулгадаг нь эрүү шүүлтийн нэг хэлбэр байх аа?
-Энэ бол манайд хавтгай байгаа. Дэлхийд үүнийг эрүү шүүлтийн хэлбэр гээд үзчихсэн байна. Гэхдээ юм л болбол барьж хорьдог байсан зүйл харьцангуй багассан байна.
-АТГ-ынхан шөнө дөлөөр буу шийдэмтэй айл руу дайрч, нялх балчир хүүхдүүдийнх нь нүдэн дээр баривчлагаа явуулдаг талтай. Энэ бол хүний эрхэнд халдаж байгаа үйлдэл биз дээ. Тэд яаж ажиллах ёстой юм бэ?
-Тэр бол хүний эрх зөрчсөн үйл ажиллагаа мөн. АТГ-ыг зарим нь хараах юм. Зарим нь байгаасай гэх. Зарим нь хүмүүсийг нь муу, байгууллага нь гайгүй гэх. Олон янзаар хүмүүс хандах юм. Авлига бол эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний хийдэг зүйл. Тэр хүний хэргийг шийдвэрлэж, шалгана гэдэг бол тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд маш хүнд ажил. Тэглээ гээд тэд хууль зөрчиж болохгүй. Улстөрчид, эрх мэдэлтэй хүмүүс АТГ-т нөлөөлж болохгүй. Үнэхээр монголд шударга ёс гээчийг тогтоочихмоор байгаа юм даа. Манайхан чинь шударга ард түмэн шүү дээ. Даанч төрийн албан тушаалтнууд, төрийн байгууллагуудад шударга байна гэдэг зарчим алдагдсан. ХЭҮК-оос тавьдаг ганц шаардлага байдаг юм. “Чиний хажууд байгаа хүн үнэхээр жигшмээр хэрэг хийсэн ч хүн гэдэг талаас нь авч үзэж, харилцаж бай” гэдэг. Харин манайхан хэргийг хурдан шийдэхийн тулд хүний эрх, хууль зөрчсөн үйлдэл гаргаад байгаа нь буруу.
-Д.Гантулга гишүүний асуудлаар хохирогч эмэгтэй ХЭҮК-т омдол гаргасан уу?
-Тэр талаар гомдол ирүүлээгүй байна.
-Нийслэлийн иргэдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж байгаа асуудал бол замын түгжрэл, агаарын бохирдол байна. Эдгээрийг шийдэх ямар гарцууд байж болох уу?
-Энэ хоёр хүчин зүйлээс болж яах аргагүй нийслэлчүүдийн эрх зөрчигдөж байна. Замын түгжрэлийг зохицуулах боломж байгаа. Нэг үеэ бодвол гудамж талбайн гарцууд сайжирсан. Өнөөдөр түгжрэлийг үүсгэж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Гэрлэн дохиотой уулзваруудад цагдаа нар зохицуулах гэж байгаа нь гээд түгжээд хаячихдаг. Нэг талаа чөлөөлсөн юм шиг боловч нөгөө талдаа овоолчихдог. Замын цагдаагийн албаны дарга нарыг битгий контортоо суугаач ээ гэж хүсэх байна. Аль зам дээр хаана, ямар зөрчил гараад байгааг замын цагдаагийн албаны дарга нар энгийн хувцас, машинтай явж үзэх хэрэгтэй. Ингээд камержуулалтаа сайжруулчихвал болох ажил юм. Хамгийн энгийн ажлыг хийж чадахгүйгээс болоод иргэд өнөөдөр хохирч байна. Хотын агаарын бохирдлын асуудлыг монголчууд бүгд мэднэ. Өчнөөн арга хэмжээ аваад үр дүн алга шүү дээ. Үүнтэй уялдуулаад хэлэхэд, 2015 онд НҮБ-ын 70 жилийн ойтой зэрэгцсэн Ерөнхий ассамблэйгаас нэг баримт бичиг баталсан. Манай Ерөнхийлөгч очиж оролцсон. Тэр нь 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт гэдэг баримт бичиг л дээ. Энэ бол тухай улс дайн байлдаантай байна уу, эдийн засаг нь муу байна уу, улс төрийн дэглэм нь ямар байна гэдгээс үл харгалзан хүн төрөлхтөн 2030 он хүртэл ийм байх ёстой гэсэн зорилтыг тавьсан. Өнөөдөр НҮБ тогтвортой хөгжлийн зорилтыг улс болгоноос шахаж байгаа. Тогтвортой хөгжлийн зорилтыг батлаад хоёр жил өнгөрөхөд манай улс юу ч хийгээгүй сууж байгаа. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр айх аюулгүй, гачигдах зовлонгүй ертөнцийг бий болгохын төлөө зүтгэх ёстой” гэдэг. Мэдээж дайн байлдаантай оронд янз бүрийн асуудал л байна. Манайд тийм аюул нүүрлээгүй ч хүйтэнд осгоод эндчих вий, хоолонд хордчих вий гээд айх аюул бас байна.
-ҮАБЗ цус ойртолтын асуудлыг анхааралдаа авсан. Энэ нь хүний эрх зөрчсөн асуудал мөн үү?
-Хүн бол эрүүл саруул төрөх ёстой. Эмэгтэй хүн бол жирэмсэн болсон цагаасаа бурханд залбирдаг. Цус ойртолт гэдэг эх хүний болон эх орны шаналан болчихоод байна. Суманд хурим болохоор хэний урилгаар хэний талд гарах уу гэдэг асуудал зөндөө байна шүү дээ. Энэ бол Монголын сум болгонд байгаа асуудал. Дээрээс нь архины хамаарал нэмэгдлээ. Сум, суурин газар болгонд архины асуудал элбэг байгаа. Архины хамааралтай хүмүүсийн хүүхэд оюуны хомсдолтой төрж байна. Монголын төр үүнд бодлого гаргах ёстой.
-Цахим орчинд хүний эрх зөрчигдөж байгаа байдал ямар байна?
-Мэдээлэл авах эрхийнхээ үүднээс цахим орчин зөв. Сайн зүлийг таниулан сурталчлахын зэрэгцээ харгис, хүнлэг бус зүйлийг ч гаргаж дэвэргэж байна. Хүүхдүүд бие биеийнхээ зургийг аваад сошиалд тавьж доромжилдог болжээ. Ер нь биеэ үнэлэх асуудал, бэлгийн хүчирхийлэл зэргийн эх үүсвэр нь цахимаар харилцсанаас эхлэлтэй байдаг. Ингээд болзсон охид хүчирхийлэлд өртөж байна.
-Бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн хэргээс үүдэлтэйгээр цаазын ялыг сэргээх ёстой гэдэг хандлага нийгэмд их тархаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Цаазын ялыг халах тухай асуудал албан ёсоор тавигдаагүй байгаа болохоор тааж яримааргүй байна. НҮБ-аас 1966 онд баталж, Монгол Улс 1974 онд нэгдсэн орсон Хүний болон улс төрийн эрхийн олон улсын пактын нэмэлт протоколд Монгол Улс 2012 онд нэгдэн орсон байгаа. Нэгэнт нэгдэн орсон гэрээнээс гарах ойлголт байхгүй байлгүй дээ. Тийм практик дэлхийд бараг байдаггүй юм шиг.
-Эсвэл цаазын ялыг сэргээхийн тулд элдэв хүчингийн хэргийн талаар зохион байгуулалттайгаар шуугиулж байна уу гэх хардлага ч байна. Учир нь саяын таван настай охинд үзлэг хийсэн эмч түүнийг хүчирхийлэлд өртөөгүй гэж мэдэгдсэн шүү дээ?
-Ямар ч гэсэн бид тодорхой мэдээллийг холбогдох газруудаас авч байгаа. 25 дугаар телевизэд ярилцлага өгсөн эмчээс ч дүгнэлтийг нь авахаар бичиг явуулсан.