Categories
мэдээ цаг-үе

“Монголын Зэс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Засгийн газар хүний өмчийг булааж авчихаад л шүүхдээд байгаа

“Монголын Зэс” ХХК-ийн эзэмшдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьцааг Засгийн газар хууль бусаар булаан авсантай холбогдуулан тус компани Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхэд хандсан билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Засгийн газрын энэ шийдвэрийг буруу гэсэн шийдвэр гаргасан юм. Гэтэл Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хэлэлцээд анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Үүнтэй холбогдуулан “Монголын Зэс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.


-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал өнгөрсөн зургадугаар сараас эхлэн яригдсан. Өчигдөр Улсын дээд шүүхийн шийдвэрийг танай компанийн удирдлага хэрхэн хүлээж авав?

-Юуны өмнө асуудалд бид тун хүлээцтэй хандаж байгаа. Учир нь энэ бүхэн тэр дундаа худалдан авалт, гэрээ хэлцлийг эхлэхээс өмнө дуусах хүртэл бүх үе шат хууль дүрэм журам болон хоёр улсын хэлэлцээрийн дагуу хийсэн. Мөн бидний хувьцаа худалдан авсан гэрээ нь олон улсын эрх зүйн хүрээнд зохицуулагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй байх.

Өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш энэ асуудал олны анхааралд нэлээд өртөж яригдах боллоо. Хувьцааг худалдан авах яриа хэлэлцээ цаг хугацааны хувьд сонгуультай давхацсан юм. Аливаа томоохон хэмжээний хэлцэл цаг хугацаа шаарддагийн нэгэн адил явсаар байгаад ингэж таарсан.

-Та сая хэллээ л дээ. Цаг хугацааны хувьд сонгуулийн өмнө байж таарлаа гэж.

-Таарсан гэхээсээ илүү УИХ-ын сонгуулийн өмнөхөн хэлэлцээ хийж дууссан. Ер нь бол олон улсын түвшинд олж авсан мэдээлэлд үндэслээд гадныханд алдаж байхаар эх оронч сэдлээр бид энэ асуудалд хандсан.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны асуудал гурван сонгууль дамжин яригдлаа. Уг нь энэ бол арилжааны жирийн нэгэн гэрээ хэлэлцээр дээ. Хамгийн энгийнээр тайлбарлахад иргэн Мөнхбаатар орон сууц худалдан авч байгаатай л ижилхэн. Арилжааны хэлэлцээ хийснийг улстөржүүлээд, улс төрийн зорилгоор янз янзаар л хэлэх юм. УИХ, орон нутаг, хамгийн сүүлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар хүртэл энэ асуудлыг ашиглалаа. Дотоод гадаадын хөрөнгө оруулалт гэж дээр дооргүй ярьж байгаа энэ үед энэ хэвээр үргэлжлэх нь олон улсад Монгол Улсыг л муухай харагдуулна.

-“Монголын Зэс” компанийн эзэмшиж байгаа “Эрдэнэт үйлдвэр” компанийн хувьцааг Засгийн газар яагаад гэнэт авах болсон талаараа тайлбар өгсөн үү?

– Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-аас гаргасан шийдвэртэй холбогдуулан Засгийн газар маань нэг л өдөр гэнэт манай компанитай зөвшилцөлгүйгээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг дангаараа хийж хууль зөрчсөн. Ийм л зүйл болсон. Энэ процесс нь өөрөө буруу юмаа гэсэн шийдвэрийг анхан болон дунд шатны шүүхээс гаргасан байгаа. Дахиад энгийнээр зүйрлэж хэлэх юм бол таны унаж яваа машиныг гадаа тавьчихсан байхад өөр хүн ирээд авч явсантай л ижилхэн юм. Тэгээд танилаа ашиглаад өөрийн өмчид бүртгүүлчихсэнтэй ижил юм болсон. Засгийн газрын тогтоолд тэнцвэртэй хэлцэл хийх талаар зааснаас биш хүний юмыг дээрэмдэж авна гэж бичээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нөгөө тал буюу Засгийн газар болон Төрийн өмчийн зохицуулалтын газар , Улсын бүртгэлийн газар, Оюуны өмчийн газрууд нь давж заалдсан.

-Ер нь Засгийн газрын төлөөлөгчид уг асуудлаар та нартай уулзаж ярилцсан уу?

-УИХ-ын тогтоол гарснаас хойш манай компанид хэн ч хандаагүй гэдгийг би албан ёсоор хэлмээр байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас буюу “Эрдэнэт”-ийн хувьцааны 51 хувийг эзэмшигч нь ямар нэгэн хэлэлцээ хийх үйлдэл нэг ч удаа гаргаагүй. Хүний өмчийг булааж авчихаад л зөв мэтээр шүүхдээд байгаа. Маргаад буй өмч нь Оросын талын өмч байсан гэдгийг хүмүүс маш сайн санаж байгаа. Ер нь үйл явдлын процессыг хараад байхад би энэ бүхнийг сонгуультай холбон харж байгаа. Засгийн газар шийдвэр гаргаж байхад ч сонгууль ойртчихсон байсан үе. Тодруулбал өнгөрсөн гуравдугаар сарын дундуур шүү дээ.

-Танай компанийн зүгээс үүний эсрэг ямар арга хэмжээ авах гэж байна?

-Бид чинь хуультай, төртэй засагтай улс биз дээ. Цаашид ч бид хуулийн дагуу л арга хэмжээ авна. УИХ-аас гаргасан тогтоол болон хуулийн байгууллагаас гаргасан шийдвэртэй холбогдуулаад бидэнтэй ямар нэгэн яриа хэлэлцээ хийх санал нэг ч удаа тавиагүй.

-Үүний цаана улс төрийн ямар нэгэн бүлэглэл байгаа гэж та бодож байна уу?

-Магадгүй. Үүнийг би үгүйсгэхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *