“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэй -70 кг-ын жингийн аварга, Японы жүдоч Харүка Тачимото зодог тайлахаар шийдсэнээ зарлалаа. Өдгөө 27 настай жүдоч бүсгүй цаашид жүдо барилдах зорилгогүй болсон гэж шалтгаанаа тайлбарлажээ. Тэрбээр Японы жүдогийн холбоонд албан ёсоор өргөдлөө өгсөн бөгөөд энэ сарын 10-нд хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна.
“Цаашид энэ замаар явах бодол санаа, хүсэл зориг надад байхгүй. Одоо би шинийг сурч мэдэхэд өөрийгөө зориулах болно” гэж Тачимото сэтгүүлчдэд ярьжээ.
Их спортоо орхисныхоо дараа тэрбээр Цүкүба их сургуульд магистрын зэрэг горилох гэнэ.
2012 оны Лондоны олимпод долдугаар байрт шалгарч байсан тэрбээр Риогийн татамид аваргын төлөөх барилдаанд Лондоны олимпийн хүрэл медальт, Колумбын бөх Юүри Алвеарыг ялсан юм. Дунд сургуулийн сурагч байхын л авьяас нь тодорсон Тачимото өсвөрийн ДАШТ-ий хошой алтан медальтай. Тэрбээр мөн “Их дуулга”-ын дөрвөн цуврал, гурван Гран-при тэмцээнд аваргалжээ. Гэхдээ насанд хүрэгчдийн ДАШТ-ий медалийн тавцанд гарч байсангүй.
Түүнийг залгамжлан Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд -70 кг-д Чизүрү Араи гэх залуу бөх тодрон гарсан юм. Тэрбээр Будапештэд болсон энэ жилийн ДАШТ-д жингийнхээ ангилалд түрүүлсэн билээ.