Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо. Тэрбээр чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ “Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэв.
Харин төгсгөлд нь нэг ноцтой үг хэллээ. У.Хүрэлсүх сайд “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэж өөртөө итгэлтэй тодотгов. Эндээс түүний амь насанд хэн нэгэн заналхийлсэн байж болзошгүй гэж ойлгогдоод байна. Хэрэв У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болох юм бол амийг нь хорооно шүү гэж сүрдүүлсэн бололтой. Манай улсын түүхэнд Ерөнхий сайдаар томилогдох гэж байсан хүнийг урьд өдөр нь хөнөөсөн харамсалтай үйл явдал болж байсан. Одоогоос 19 жилийн өмнө С.Зориг агсны нэр Ерөнхий сайдад яригдаж байхад зохион байгуулалттайгаар амийг нь бүрэлгэсэн хэргийг ард түмэн одоо ч мартаагүй. Энэ өнцгөөр харвал У.Хүрэлсүхийн хэлж байгаа үг үнэмшилтэй юм шиг сонсогдоод байна. Тэгвэл түүний амь насанд хэн халдах гэсэн юм бол. Сөрөг хүчний хувьд эрх баригчдын аль тал нь засгаа удирдаж, хэнийгээ томилох асуудал огтоос падлийгүй.
Ерөнхий сайдыг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлээд дуусангуут огцорсон тал буюу МАН-ын “32-ын бүлэг” хамгийн түрүүнд мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Ард түмний өмнө хүлээсэн хариуцлага, амлалт байна. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайдыг зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа юм. Тэгээд хурал дээр хэлж байгаа үгийг нь гайхаж байна. Одоо бол ямар зарчмаар ажиллах вэ гэдэг нь гол асуудал” гэж хэлсэн. Тэд Ерөнхий сайдыг томилох санал хураалтад оролцоогүй гэдгийг цөм мэднэ. Гэхдээ Төрийн ордонд байсан юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг индэр дээрээс ноцтой үг хэлсний дараа “32-ын бүлэг” яагаад гэнэт гарч ирээд мэдэгдэл хийх болов. Ерөнхий сайдын амь насанд халдана гэсэн заналхийлэл энэ 32-ын бүлэгт байсан юм биш биз гэж хардагдахаар байна. Тэд Ерөнхий сайдын “Амиа алдахаас айхгүй байна” гэж тодотгосон үгийг айхавтар эмзэг хүлээн авч байгаа бололтой.
У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нарын хооронд хувийн тохироо байдаггүй л юм бол зарчимсаад байх асуудалгүй баймаар юм. Сонгуульд ялалт байгуулж УИХ-д 65 суудал авч олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөр бэлээхэн байгаа. Энд эрх баригчид сонгуульт хугацаандаа ямар бодлого, зарчмаар ажиллах тухай тов тодорхой тусгаж ард түмний саналыг авсан биш бил үү. Гэтэл өнөөдөр юун бодлого, зарчим алдагдах тухай яриад эхлэв ээ. Ард түмэнд амласан мөрийн хөтөлбөр нь хэнд ч хэрэггүй зүйл байсан юм уу. Тэрхүү зарчим бодлоготой “32-ын бүлэг” тохиролцохгүй гэх юм.
Энэ бүгд мань эрийн амь насанд заналхийлэл болох уу. У.Хүрэлсүх ч Ерөнхий сайд болох гэж яаравчилсан тал бий. Үнэхээр түүний амь настай холбоотой асуудал байгаа бол тагнуул, цагдаагийнхны шалгаж, тогтоох ажил. Харин У.Хүрэлсүх одоо Засгийн газрын тэргүүнээр томилогдож, Төрийн хамгаалалтад орсон болохоор юу юугүй түүх давтагдчихгүй байх л даа.
Ер нь Засгийн газрыг хуулийн хугацаанд нь байгуулж чадахгүй бол УИХ тарах ёстой. Улс төрийн өрнөлөөс харахад МАН ард түмний биш өөрсдийнхөө төлөө гүйлдэж байна. Байгаа зарчмаа үгүйсгэцгээлээ. Нөхцөл байдал тийм ноцтой хэмжээнд хүрсэн бол дахин улс төрийн аллага болохоос өмнө энэ Их хурлыг тараамаар юм. Хоолоо олж идэхийн төлөө нэгийгээ хөнөөгөөд юухэв дээ.