Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилуулах асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулга хийсний дараа гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариуг нь сонсч байна.
О.Баасанхүү гишүүн салхи хагалж, асуулт тавив. Тэрбээр багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэврийг нэмэх талаар эхлээд асуусан. Дараа нь Засгийн газрын бүтцийн асуудлыг хөндлөө.
У.Хүрэлсүх түүний асуултанд хариулахдаа:
-УИХ-ын эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Нэгдүгээрт багшийн цалингийн асуудал. Би багшийн зовлонг сайн мэддэг хүн. Миний эхнэр багш хүн. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд багшилж байсан. Манай гэр бүл багшийн цалингаар амьдарч байсан. Багштай холбоогүй хүн гэж Монгол Улсад байхгүй. Багшийн ач буянаар бид эрдэм номтой болж өдий зэрэгтэй амьдарч байгаа. Энэ улс орны оюун санааны хөдөлгөгч хүч нь багш нар байдаг. Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн хамгийн чухал албан хаагч нь эмч нар байдаг. Багш, эмч нарынхаа асуудалд цаашдаа анхаарах хэрэгтэй. Би урьд нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр хэлсэн. Ирэх онд багш нарын цалинг нэмэх боломжгүй. Цалин нэмэх асуудлыг эдийн засгийн боломжтой уялдуулаад, 2019 оноос эхлэн шат дараатай шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Зөвхөн багш гэлтгүй эмч, цагдаа, онцгой байдлынхан бүх төрийн албан хаагчдад энэ бас хамааралтай.
Цалин нэмэх талаар ОУВС-тай хийсэн тохиролцоо бий. Түүнийгээ хөтөлбөрийн хугацаанд мөрдөж ажиллах зайлшгүй шаардлагатай. Харин боломжтой болсон үед өнгөрсөн хугацаанд нэмж чадаагүй хоцрогдлыг аажмаар гүйцэж нөхөж олгох арга замыг эрж хайх ёстой.
2018 оны төсөвтэй би танилцаж байгаа. Засгийн газар албан ёсоор байгуулагдаагүй байна. Багш нарынхаа цалинг нэмэх боломж байна уу гэдгийг судалж үзэх ёстой. Аль болох багш, эмч нарынхаа цалинг нэмэх чиглэл баримталж судалж үзэж ажиллах ёстой.
Ирэх жил ахмад настны тэтгэвэр тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ мөнгийг инфляцтай уялдуулж нэмэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илтгэе.
Яамдын тоог нэмэхгүй хасахгүй. Агентлагууд энэ хэвээрээ ажиллана. АН-ын бүлгээс надад ажил хэрэгч санал ирсэн. Энэ саналыг судалж үзнэ. Өвлийн хүйтэн болж байна. Зуд турхан болж магадгүй, яам агентлагийн бүтэц дээр янз бүрийн өөрчлөлт хийхгүй явах нь төрийн залгамж чанарыг хадгалах, ажил төрөл хэвийн явахад чухал. Сандал ширээ зөөж наашаа цаашаа гүйхгүй. Төрийн албан хаагчдаа хомроглон халахгүй. Төрийн залгамж чанар хадгалагдаж, төрийн албан хаагчид хийх ёстой ажлуудаа хийж, тайван ажиллах ёстой.
Нэг зүйлийг тодруулж хэлье. Монгол төрийн хууль зөрчсөн, хариуцлага алдсан төрийн албан хаагч нарын толгойг илэхгүй.
Нийгэмд сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах зайлшгүй шаардлага байна. Хаа хаанаа ажлын хариуцлага суларсан байна. Эмх замбараагүй байдал бий болсон байна. Дарга цэргийн ялгаа алга болсон байна. Төрийн хуулийг дээдэлдэг, барьж ажилладаг зарчим алдагдаж байгааг та бид мэдэж байгаа. Тийм учраас сахилга хариуцлага чангатгаж ажиллах шаардлага байна гэж үзэж байна.
–