Categories
мэдээ нийгэм

​Чингэлтэй дүүргийн багш нар баяраа тэмдэглэлээ

Өнөөдөр МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн багш нар баярын хуралд оролцож, шагнал урамшуулал хүртлээ. Тус дүүрэгт нийт 80-н ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ажилладаг. Эдгээрт 1500 багш болон 38000 гаруй хүүхэд багачууд хүмүүжиж байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат багш нарын баярын хуралд ирж, баяр хүргэлээ. Мөн амжилт бүтээлээр дүүрэн байсан багш нар бүтээлийн үзэсгэлэн гаргажээ.

Үзэсгэлэнд оролцсон Чингэлтэй дүүргийн тэргүүний 33-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнх-Амгалантай ярилцлаа.


-Энэ өдөр та юугаар бахархаж байна вэ?

-Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдээс хамгийн том амжилтыг манай цэцэрлэг гаргасан. Нийт эцэг эхчүүд, мэргэжил нэгт багш сурган хүмүүжүүлэгч нартаа ямар зүйл хийгээд амжилтанд хүрсэн гэдгээ энд харуулахыг хүслээ. Бид энэ үзэсгэлэнд багш нар, хүүхдүүдийнхээ чадварыг харуулахыг хичээж, шагнал урамшууллыг нь дэлгэж тавьсан. Зүүн өмнөд Азийн шатрын тэмцээн, “Цодгор хүү” тэмцээнд амжилт гаргасан. Бид бас Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүний үйл ажиллагаатай цэцэрлэгээр шалгарсан.

-Багш нарын ажил хаялтын талаар ямар бодолтой байна?

-Багш нар ажил хаяж байгааг буруу гэж хэлж чадахгүй ч зөв гэж хэлэхгүй. Нийгмийн асуудал хүнд, амьдралд хүрэлцэхгүй хэмжээний цалин авч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ аливаа зүйл цаг үеэ олох хэрэгтэй, тооцоо судалгаатай хийвэл зүгээр байсан болов уу гэж бодож байна. Ялангуяа өвөл ирж байна, бяцхан үрс маань гурван сар амраад суралцах ирмүүн хүсэлтэй сургууль, цэцэрлэгтээ ирсэн энэ үед багш нарын маань хийсэн зүйл зөв үү, буруу юу гэсэн эргэлзээ төрүүлж байна. Багш нарын нийгмийн асуудлыг шийдэх чухал. Тиймээс төр засаг зүгээр суухгүй бидний тавьж байгаа хүсэлтийг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Сурган хүмүүжүүлэгч хүний үүднээс эцэг эхчүүддээ хандаж юу гэж зөвлөх вэ?

-Эцэг эхийн оролцоо хүүхэд төлөвшихөд чухал нөлөөтэй. Ялангуяа залуу эцэг эхчүүд хоёр настай жаахан хүүхдээ бэлтгэж, цэцэрлэгт өгөх хэрэгтэй гэж зөвлөх байна. Гэхдээ манай ээж аавуудын ухамсар харьцангуй өндөр болсон. 0-6 насанд хүн байх 90 хувь нь төлөвшдөг. Үүнийг ээж аавууд минь ойлгоод бидний ажлыг дэмжиж, хүүхдүүддээ цаг гаргадаг болсонд баяртай байгаа. Ээж аавууд хайраар хүмүүжүүлж, хүүхдүүддээ үлгэр дуурайлал байгаасай гэв.


Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *