Categories
мэдээ цаг-үе

Э.Алтангэрэл: Волейболын спортоор дэлхийд тэргүүлэх багуудыг хожих боломжтой гэх итгэлийг олж авсан нь хамгийн том амжилт

Монгол Улсын Волейболын шигшээ багийн тамирчин, спортын мастер Энхээгийн Алтангэрэлтэй ярилцлаа.


-Хэзээнээс волейболын спортоор хичээллэж эхэлсэн бэ. Яагаад энэхүү спортыг сонгох болов?

-Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангид байхдаа энэхүү спортод анхлан хөл тавьсан. Өдгөө есөн жил волейболоор хичээллэж байна. Анх арван жилийн ангийн багш маань биднийг волейболын секцэнд хамруулж байсан юм. Ингээд “Мон-Алтиус” сургуулийн волейболын секцийн Хулан багшийн удирдлага дор ангиараа очиж, бэлтгэл, сургуулилт хийж эхэлсэн л дээ. Улмаар есдүгээр ангидаа дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад олон улсын хэмжээний мастер Солонго багш намайг олж харсан байгаа юм. 10 дугаар ангид байхад өдгөө миний тоглож буй “Хасумегастарс” баг байгуулагдаж байсан л даа. Тэр цагаас хойш энэ багт орж, волейболын спортоор тууштай хичээллэх болсон. Түүнээс биш багаасаа волейболоор хичээллэж, энэ спортын тамирчин болно гэж бодож яваагүй. Хувь заяагаараа л энэ спортод хөтлөгдөж орсон доо.

-Монгол Улсын волейболын шигшээ багийн бүрэлдэхүүнд хэдэн жил бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцож байна?

-Анх 2014 онд Монголын шигшээ багийн тамирчнаар дуудагдаж байлаа. Улмаар 2015 онд зүүн бүсийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэр ондоо шигшээ багийн гарааны тамирчин буюу төвийн хаагчаар тоглож байсан. Шигшээ багийн тухайд намайг орсноос хойш хоёр л удаа томоохон тэмцээнд оролцсон. Тэр нь хоёр удаагийн зүүн Азийн тэмцээн. Энэхүү тэмцээнүүдэд хүрэл медалийн төлөө тоглоод хожигдож, дөрөвдүгээр байрт орсон. Хэдий дөрөвдүгээр байрт орсон ч гэлээ чамлаад байх амжилт биш ээ.

-Манай улсын хувьд волейболын спортоор эрэгтэй гэхээс илүү эмэгтэйчүүд нь амжилт гаргадаг. Ер нь волейболын спортын онцлог юу вэ?

-Эмэгтэй волейболчдын хувьд чамгүй олон амжилт гаргасан. Ер нь манай эмэгтэйчүүд их мундаг л даа. Бусад спортын төрлүүдийг харахад ч гэсэн эмэгтэйчүүд түлхүү амжилт гаргаад байдаг. Волейболын спорт бусад спорттой харьцуулбал бөмбөгтэй удаан харьцаж чаддаггүй. Маш богинохон хугацаанд бөмбөгтэй харьцдаг шиг ээ хоромхон зуур сэтгэж, хурдан шийдвэр гаргаж тоглодгоороо онцлогтой. Тийм болохоор волейболын тамирчнаас маш өндөр техник, ур чадвар шаарддаг юм. Мөн өрсөлдөгч багийн гишүүдтэй биеийн хүчний тоглолт хийдэггүй ч сэтгэлзүйн тоглолтыг их хийдэг. Тэр ч утгаараа байнга оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлддөг.

-Мэдээж хэрэг багийн спорт. Харин манай улс багийн спортоор олон улсын тэмцээн уралдаанд төдийлөн амжилт гаргаж чаддаггүй. Үүний учир юу вэ?

-Багийн спортын хамгийн сонгодог жишээ нь волейболын спорт. Багийн спортын тоглолтыг харъя л гэвэл волейболыг үзэх хэрэгтэй. Учир нь тэр том талбай дээр долоохон хүн бөмбөг унагаахгүйн төлөө нэг хүн шиг сэтгэж, бие биенээ мэдэрч тоглох шаардлагатай болдог. Багийн нэг л гишүүний тоглолт болохгүй, сул байвал өрсөлдөгч багийн хожих магадлал асар өндөр болдог. Тийм болохоор волейболын багийн гишүүд бүгд л жигд тоглох ёстой. Үүнийг л манайхан анхаарах учиртай санагдана. Бусад спортод, жишээлбэл сагсан бөмбөгт нэг тоглогч нь оноо аваад, багаа чирээд хожил авчихаж болдог. Хөлбөмбөг ч ялгаагүй. Харин волейболд бүх тамирчин жигд л тоглох учиртай.

Монголын волейболын шигшээ багийн гаргасан амжилт юу бол?

-Ахмад волейболчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан түүхтэй. Энэ бол бас л том амжилт. Хамгийн сүүлд гаргасан амжилт гэвэл өнгөрсөн тавдугаар сард болсон зүүн Азийн орнуудын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тусгай байр эзэлсэн явдал юм уу даа. Өмнө манай улсын багийн хувьд дэлхийд тэргүүлэгч багуудтай тоглохдоо хожино гэсэн ямар ч итгэлгүй өрсөлддөг байсан. Харин энэхүү тэмцээний үеэр Азийн тэргүүн баг япончуудтай тоглохдоо хожино гэсэн бүрэн итгэлтэй тоглосон л доо. Энэ бол бидний хувьд маш том амжилт юм. Өөрөөр хэлбэл волейболын спортоор дэлхийд тэргүүлэх багуудыг хожих боломжтой гэх итгэлийг олж авсан нь бидний хамгийн том амжилт юм. Тэр ч утгаараа ард түмэн маань биднээс амжилтыг хүлээдэг болсон. Өнгөрсөн тавдугаар сард болсон зүүн Азийн тэмцээнээр манай баг Макаогийн багийг хожиж, улмаар Солонгосын багтай таван үе маш ширүүн өрсөлдөж, хожигдсон. Сүүлд нь Солонгосын багийнхан “Монголын багийг амархан хожино гэж бодож байлаа. Гэтэл үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй тоглолт гаргалаа. 2015 онд тоглож байсан баг биш болжээ. Монголын багийн ур чадвар сүүлийн хэдхэн жил үнэхээр дээшилсэн байна” хэмээн ярилцлага өгснийг нь сонсож билээ. Үнэхээр манай улсад волейболын спорт хөгжиж байгаа. Өндөр нуруутай, ур чадвартай шинэ үеийн залуус гарч ирсэн. Цаашид Монголын баг Азийн болон дэлхийн шилдэг багуудтай тэнцүүхэн өрсөлдөх болно.

-Багийн спортын тамирчин хүн ямар байвал багаараа амжилт гаргахад ойрхон хэмээн боддог вэ?

-Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд багийн спорт хурдацтай хөгжиж байгаа. Сагсаар “Гурвын эсрэг гурав”-ын тэмцээнд дэлхийн аварга болчихлоо. Удахгүй волейболоор Азийн аварга цаашлаад дэлхийд дээгүүр өрсөлдөх багтай болох бүрэн боломж бүрдчихсэн. Нэг баг гэхээсээ илүүтэйгээр нэг гэр бүл хэмээн сэтгэвэл багийн спорт илүү сайн хөгжих боломжтой юм. Багийн нэг хүн хөдөлгөөн хийхэд, нөгөө гишүүн нь тэрхүү хөдөлгөөнийг түрүүлээд харчихсан, нэгнийгээ мэдрээд хоёр дахь тоглолтыг урьдаас төлөвлөчихсөн мэт байх учиртай. Ийм л тоглолт гаргаж байж л волейболын спортод, багийн спортод амжилт гаргаж чадна. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчмаар тоглоно гэсэн үг л дээ.

-Азид, болоод дэлхийн хүчтэй багуудтай эн тэнцүү өрсөлдөхийн тулд хэрхэх ёстой юм бол?

-Волейбол бол тамирчдаас нуруулаг байхыг шаарддаг спорт. Дээхэн үед олон улсын хэмжээнд волейбол тоглох өндөр, нуруулаг тамирчид ховор байсан гэж ярьдаг. Харин өдгөө бидний үеийн залуучууд өндөр, нуруулаг болж байна. Тийм болохоор ирээдүйд энэ спортоор өндөр амжилт гаргах боломж төдий чинээгээр нэмэгдэж байгаа нь тодорхой. Манай волейболчдын хувьд талбайн захын тамирчид сайн тоглодог. Гэхдээ хамгийн чухал тоглогч нь голын хаагч. Миний хувьд энэхүү байрлалд тоглодог. Би одоо 192 см-ийн өндөртэй л дөө. Гэхдээ олон улсын тэмцээнд энэхүү байрлалд дор хаяж 197 см-ийн өндөртэй хүн тоглохгүй бол тэр баг хожих давуу талаа алддаг. Хичнээн ур чадвар, хурдан хөдөлгөөнтэй байлаа гээд нуруу намхан бол хожигддог. Учир нь 197 см-ээс дээш нуруулаг тамирчны бөмбөг давуулалтын цэгт хүрнэ гэдэг хэцүү. Үсрэлт сайтай, намхан тоглогч тэр цэгт хүрж чадах байсан ч цаг хугацааны хувьд хоцордог. Өөрөөр хэлбэл бөмбөг давж буй тэрхүү цэгт доороос хүрэх, яг тэр цэгээс нь хүрэх хоёр өөр шүү дээ. Үүнд л цаг алддаг хэрэг. Энэ спорт маань агшин зуур болдог гэж хэлсэн. Тийм болохоор тэрхүү цаг алдсан мөчид өрсөлдөгч баг довтолгоо хийж, оноо авах боломж үүсдэг. Ингээд голын хаагчийн тоглолт дээр алдаа гараад байвал яаж хожих билээ. Тийм учраас энэхүү байрлалд өндөр нуруулаг тоглогч байх нь хамгийн чухал юм. Манай улс энэхүү байрлалд тоглох өндөр тамирчинтай болчихвол ирээдүйд амжилт гаргах нь тодорхой.

-Таны цаашдын зорилго юу вэ. Ойрын үед ямар тэмцээн уралдаанд бэлтгэж байна?

-Хэдхэн хоногийн өмнө хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Тэнүүн-Огоо КАП” клубуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Энэхүү тэмцээнд Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ дасгалжуулагчтай, А.Даваажаргал ахлагчтай манай баг аварга болсон. Ирэх 11 дүгээр сард Монголын волейболын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа. Энэхүү тэмцээнд бэлтгэж, амжилт гаргахын төлөө зорьж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *