Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг Монголын ахмадын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Монголын ахмадын өдөр 10 дугаар сарын 1-нийг тохиолдуулан Монголын үе үеийн бахархал, үлгэр дууриал болж явдаг ахмадууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Ахмадаа хүндлэх, тэдний билэг сургаалийг сонсох нь монголчуудын зан чанар, өв уламжлал юм. Аливаа нийгмийн өсөлт хөгжил нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг, гурван үеийнхний тасаршгүй хэлхээ, уялдаагаар л хэрэгждэг болох нь түүхээр нотлогдсон үнэн.
Тийм болохоор ахмадаа асарч, тэдний ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн шийдвэр, шийдлүүдийг төр цаг үргэлж гаргаж, хэргжүүлж байх учиртайг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие ямагт анхаарч ажиллах болно.
Ахмадууд маань монголчуудын хамгийн туршлагатай, хал үзэж юмсын ялгаа зөрөөг ойлгодог, мэдэрдэг болсон хэсгийнхэн болохын хувьд нийгмийнхээ амьдралд авч гээхийн ухааныг нэмэрлэж, улс орныхоо хөгжилд цаашдаа хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт би гүнээ итгэдэг. Байгууллагууд, хамт олон бүр ахмадын өдрөөр буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэдний арвин их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээс хойч үедээ өвлүүлэхэд анхаарч, санаачлагатай ажиллахыг уриалж байна. Буянт буурлууд минь урт наслаж, удаан жаргаарай. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Улаанбаатар хот. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр” гэжээ.