Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаар гишүүд хоорондоо муудалцаж бие бие рүүгээ хатуу үг чулуудав. Гишүүд У.Хүрэлсүхээс асуулт асуусан юм.
У.ХҮРЭЛСҮХ: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ
Ж.Мөнхбат: Ж.Эрдэнэбатын Засгийн газарт давхар дээлтэй долоон сайд байсан. Та өмнөх Засгийн газраас давхар дээлтэй сайд нарын тоог нэмэхгүй байж чадах уу?
У.Хүрэлсүх: Би төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ хууль зөрчин хахууль өгч дарга болсон байж болзошгүй нөхдүүдтэй хамтарч ажиллаж чадахгүй. Би Төрийн ордны хоёрдугаар давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг үг байдаг. Багш, эмч нарын цалинг нэмэх боломж байхгүй, би хүнд худлаа амалж чадахгүй. 2018 оноос хүүхдийн мөнгийг бүрэн олгож чадахгүй. Надад ажил хийж чадах, сэтгэлтэй сайд нар хэрэгтэй. Мэдээж УИХ-ын гишүүн сайд болно. Би үгүйсгэхгүй.
Ж.БАТЗАНДАН: ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД АНХААРАЛ
ХАНДУУЛААРАЙ
Ж.Батзандан: Хэдхэн долоо хоногийн өмнө өөрийгөө чагнасан хэргээр баригдах гэж байсан хүн өнөөдөр Ерөнхий сайд болох гээд сууж байна. Хэдхэн хоногийн өмнө хууль хяналтын байгууллагынхан таныг төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон гэж дэд хорооны хурал дээр яриад сууж байсан. Тиймээс та хууль хяналтын байгууллагад анхаарал хандуулаарай. Өнгөрсөн Засгийн газар хулгайч сайд нараасаа болж огцорсон.
Ж.ЭРДЭНЭБАТ: БИ “НӨХРИЙНХӨӨ АРААС ХУТГА ШААДАГ” ЭР ХҮН БИШ
Ж.Эрдэнэбат: Та бодитой юм яриарай.
Ж.Батзандан: Хулгайч луйварчин сайд нараасаа үтэр түргэн салаарай гэж У.Хүрэлсүх таниас би хүсч байна.
Ж.Эрдэнэбат: Би үг хэлэхгүй санал хэлэхгүй гэж бодож байлаа. Харин Ж.Батзандан гишүүний үгтэй холбоотой үг хэлье гэж бодлоо. Ж.Батзандан гишүүн бид хоёр өмнөх парламентад байсан найзууд. Та бол зангиагаа хоолойгоо шахаад л их зарчимтай харагддаг. Харин таны хэлж байгаа үгийг сонсоод итгэл алдарлаа. Ж.Батзандан гишүүнээ та өмнөх Засгийн газрын сайд нарыг концесстой холбон хулгайч гэлээ. Таны яриад байгаа найман концессын тав нь өмнөх Засгийн газрынх Би хулгай хийх гэж байсныг зогсоосон шүү. Тавин тэрбум төгрөгөөр бууруулсан шүү. Тусгай хяналтын дэд хорооны хурал дээр та чихэндээ хөвөн хийчихсэн сууж байсан юм уу? Бүх зүйл тодорхой байсан шүү. Би өмнөх Засгийн газрын гишүүдээ хамгаална, “нөхрийнхөө араас нь хутга шаадаг” эр хүн би бишээ. Жаахан зарчимтай байя.
Мөн хурлын үеэр гишүүд хоорондоо муудалцаж, хэрэлдсэн юм. Үүнийг та бүхэнд онцлон хүргэж байна.
Ж.Мөнхбат: Оюун-Эрдэнэ ээ, хоёулаа хамт сууж байгаад хүүхдийн мөнгийг нэмсэн биз дээ.
Л.Оюун-Эрдэнэ: Та нар цалин нэмэхгүй, хүүхдийн мөнгө өгөхгүй гэж ОУВС-тай өөрсдөө тохиролцоо биз дээ
Ж.Батзандан : Та хоёр гараад хэрэлдчих, би үгээ хэлмээр байна
Ж.Мөнхбат: Намайг шоронд хийх гэж байгаа бол хий. Би тэр шоронгоос чинь ГАРААД Л ирнэ. Гарч ирж байгаад, үзүүлээд өгнө шүү. У.Хүрэлсүхээ чи их бяртай юм байна лээ. Гэхдээ биеийн хүчээр биш, ухааны хүчээр төрийн ажлыг хийдэг юм. Чи МАН-ын дотоод асуудлыг төрийн хямрал мэт олон нийтэд харуулж, ард түмэнд буруу ойлголт өгсөн. МАН-ын гишүүдийг бас хоёр хуваасан. Дахиж битгий ийм зүйл хийгээрэй.