Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний олон нийтийн телевиз байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярыг тохиолдуулан уран бүтээлийн өндөр амжилт гарган, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Тодруулбал, МҮОНРТ-ийн ахлах редактор Рагчаагийн Сэргэлэн, зураглаач Гончигшаравын Байгалмаа нарыг Нийслэл хотыг бүтээн байгуулж хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан учир Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр, тус телевизийн эвлүүлгийн найруулагч Батжаргалын Дөлгөөнтамир, Кино , орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч, жүжигчин Дашдоржийн Хишигдэлгэр, Эрдэнэбилэгийн Дэлгэрцэцэг, Пүрэвдоржийн Золбоо нарын Нийслэл хотыг хөгжүүлэх үйл хэрэгт гаргасан амжилтыг өндрөөр үнэлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг” мөнгөн шагналаар шагнав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уран бүтээлчдэд баяр хүргээд “Одоогоос хагас зуун жилийн өмнө Азийн цээжинд орших талын Монгол Улсын айл бүрийн хойморт шидэт хайрцаг заларч, улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ боловсрол мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлүүд төрж, Дэлхийг Монголтой, Монголыг дэлхийтэй холбосон үйл явдал болсон билээ. Энэ ч утгаараа Монголын Үндэсний олон нийтийн телевизийн баяр бол Монголын нийт ард түмний баяр юм. Тиймээс миний бие хотын даргын хувьд, жирийн иргэнийхээ хувьд та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг дэвшүүлж байна. Та бүхний минь уран бүтээл үргэлж өөдөө байж, цэнхэр дэлгэц маань үргэлж гэрэлтэн асч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *